Монголчууд архиар дэлхийд тэргүүлж эхэллээ

Улсын хэмжээнд монголчуудын хөлчүү амжилт сүүлийн таван жилд 173.5 сая литр согтууруулах ундааүйлдвэрлэж, 75.5 сая литрийг импортолсон нь 2.7   сая хүн амтай, үүний дотор 18 ба түүнээс дээш насны 1.6 сая хүнтэй манай улсын хувьд хэрээс хэтэрсэн “дээд амжилт”  юм. Бага насны хүүхдүудийг  архи хэрэглэгчдийн тооноос  хасч бодвол нэг хүнд 37.6 литр сархад ногдох аж. Уг нь муу нэртэй, луу данстай архи болохоос тоон үзүүлэлтээр бол бахдам амжилт шүү. Нэг үгээр хэлэхэд бид энэхүу идээний хэрэглээгээр дэлхийд тэргүүлж байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд чанар сайтай, хүний эрүүл мэндэд “тустай” архи, дарс үйлдвэрлэн олон улсад болж буй элдэв арга хэмжээ, уралдаан тэмцээний хамаг өнгөтэй, өөдтэй шагнал, Гран при, алтан медалийг нь хамах болов. Гэвч энэ бүх амжилт улс орны хөгжлийн эерэг үзүүлэлт мөн үү. Импортолсон архинаас ямар ашиг олсон бол. Тэртэй, тэргүй архины томоохон зах зээл манайд хэдийнэ бий учраас үйлдвэрлэгчид нь цулайтлаа баяжиж, харин гол хэрэглэгч хэмээгдэх “лонхны лүү”-нүүд өдрөөс өдөрт нэмэгдсээр. Гудамж талбай, орон суудны хонгил, байшингийн булан гээд хаа сайгүй хэвтэх энэ хүмүүсийг сүүлийн үед хүний шинэ төрлүүд гэж нэрлэх ч болов. Бүхий л амьдрал нь архинаас хамаатай болж, амьдрахын тулд биш архи уухын тулд өнөөдрөөс маргааш руу тэмүүлж буй энэхүү шинэ төрөлтнүүд хөгжиж буй Монгол Улсыг олон улсад өөр өнцгөөс тодорхойлох бас нэгэн нэрийн хуудас болжээ.

САРХАД САВАНДАА БАГТАХАА БОЛИВ
“Архидах”. Чухам энэ үйлдэл монголчуудын насыг богиносгож, цаг бусаар нөгөө ертөнцөд очих шалтгаан болж байна. Архи хэтрүүлснээс осолд орж, осгож хөлдөн, эс бөгөөс архины халуун аагаар хэн нэгний аминд хүрч, бүр амиа хорлохдоо хүрч буй нь орчин үеийн, үндэсний эмгэнэл биш гэж үү. Судалгаагаар архи хэтрүүлэн хэрэглэгчдийн тоо 2005 онд нийт хүн амын 10.8хувь байсан бол 2009 онд 27.4, улмаар 2011 онд 55.2 болж геометрийн прогрессоор өсч байна уу гэхээр хурдтай дээшилж байх юм. Мөн согтуучуудтай өдөр, шөнөгүй зууралдан, архинаас нь бүрмөсөн салгадаггүй юм аа гэхэд хэзээ ч алдаж мэдэх амийг нь аврах гэж ноцолддог Эрүүлжүүлэхийнхэн л гэхэд жилд дунджаар 140 мянган хүн эрүүлжүүлдэг аж. Түүнчлэн архинд донтох эмгэгээ нэн яаралтай эмчлүүлэх шаардлагатай 12 мянганхүн бий гэж наркологийн судалгаанд дурджээ. Бас жилд 1000 орчим хүн хорвоогоос хальтлаа архи уусан гэх тооцоо ч гарсан байна. Харин архи хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй гэмт хэргийн 55.2 хувь нь нийслэлд, 43.7 хувь нь хөдөө, орон нутагт гарчээ. Дээр  дурдсан тоо баримтыг харахад манай улс архинд хэдийнэ живжээ.
АРХИНЫ БИЗНЕС ХҮЧЭЭ АВСАН ҮЕ
Монголд ашиг олж буй салбарыг архины үйлдвэр, архи худалдаалдаг төв, дэлгүүрүүд тэргүүлж байна. Зөвхөн нийслэлийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг 3572 аж ахуйн нэгж байна. Монголд гарч буй гэмт хэрийн дийлэнх нь архинаас үүдсэн байдаг. Сүүлийн хэдэн сард гарсан гэмт хэргээс баримт болгон дурдая.
-Б.Золбаяр гэгч залуу 2011 оны есдүгээр сарын 19-нд Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг Бадын гүүр хэмээх газар согтуугаар машин жолоодож явснаас осол гаргаж иргэн С.Бүрэнтуяагийн амь насыг хохироов.
-Өнгөрсөн  аравдугаар сард Чингэлтэй дүүргийн XYI хорооны нутагт 16 настай охиныг 25 настай, Ү гэгч эмэгтэй согтуудаа толгой руу нь чулуугаар цохиж хөнөөсөн.
-Энэ сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн I хорооны оршин суугч 45 настай Л өөрийн дагавар охин 22настай Ц-г согтуудаа хүчирхийлсэн.
-Баянгол дүүргийн XI хороонд хэсэг залуус архидаж байгаад 16 настай Н-ийг бүлэглэн хүчирхийлсэн. Мөн Сонгинохайрхан дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт 31 настай Ц-г хүчирхийлсэн хэрэг гарсан.
Согтуугаар үйлдсэн хэргийн талаар цөөн баримт дурдахад хэчнээн хүн архи уусан үедээ бусдын амийг санамсаргүй болон санаатай хохироосон нь дээрх хэргүүдээс харагдаж байгаа юм. Нэгэн судалгаанаас үзэхэд жирэмсэн үедээ архи ууж байсан 386 эмэгтэйн 272-ынх нь үр зулбажээ. Өөрөөр хэлбэл амьгүй хүүхэд төрсөн. Эсвэл амьд төрсөн хүүхэд нь долоо хонолгүй эндсэн баримт байна. Амьд үлдсэн 114 хүүхдээс 91 нь найман нас хүрээд унаж татдаг, оюун ухаан, мэдрэл сэтгэхүйн өвчтэй болжээ.
Монголчуудад архи гэгч зүйл хэр хэрэгтэй юм бол гэсэн асуултыг хүн бүр тавьдаг. Өвлийн хүйтэнд гадаа гучин минут болоход хүний бие бүрэн хөлддөг гэж мэргэжлийн эмч нар хэлж байсан. Харин гэмтлийн эмнэлэгт архинаас болж осгож, хөлдсөн хэчнээн хүн ирсэн талаар ГССЗҮТ-ийн түлэнхийн тасгийн их эмч Хишигсүрэнгээс тодруулахад “Өвлийн улиралд бид маш ачаалалтай ажилладаг.
Архины хор уршгаас болж бага насны хүүхдүүд болон залуучууд осгож түлэнхийн төвд ирэх нь нэмэгддэг. Too баримт хэлсэн хэлээгүй өнөөдөр монголчууд архинд живсэн. Ид хийж бүтээх үе дээрээ байгаа залуус маань гар хөлөө тайруулж эрэмдэг болж байгаад эмч бидний сэтгэл их өвддөг. Тухайлбал манай улсын нэг иргэнд жилд 40 орчим литр согтууруулах ундаа ногддог гэхээр харамсмаар тоо юм. Зөвхөн Баянгол дүүрэгт 800 гаруй дэлгүүр согтууруулах ундаа зарж байна гэж бодохоор нэмэгдэж хэчнээн хүн ирэх нь ойлгомжтон. Одоо баяр ёслол дөхөж байгаа болохоор бид хүч нэмэгдүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Жижүүртэй хоносон үед цурам хийх завгүй осгож хөлдсөн хүмүүсээ эмчилж байгаад ээлжээ хүлээлгэж өгдөг. Төр засгаас архины эсрэг хууль гаргахгүй бол юм ид хийж бүтээх насан дээрээ явж буй залуучууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог хэдэн арваар нэмсээр байгаа шүү гэдгийг хэлэх хэрэгтэй байх” гэлээ. Хүний залуу нас мөнгө олох гэж буй архи үйлдвэрэгчдийн золиос болж буй нь харамсалтай.
АРХИНЫ ЭСРЭГ ТУУЛИН” ХУУЛЬ
Архины үйлдвэрлэл, хэрэглээтэй холбоотой хууль эрх зүйн орчин бүрдсэн гэдэг боловч эдгээрээс хэрэгждэг нь бараг байхгүйтэй адил. Бас Хэрэгжүүлэх гэж хичээж, хяналт тавих үүрэгтэй улсынх нь хийдэг хяналт чанар, үр нөлөө хангалтгүй. Хил гааль, мэргэжлийн хяналт, хуулийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоо муу байгаагаас архидалтаас үүдэн гарах хор уршиг өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Тиймдээ ч согтууруулах ундааны эх үүсвэр, зах зээл, бүтээгдэхуүний хяналтад хязгаар тавих,бүтээгдэхүүн болон борлуулалтад өндөр татвар ногдуулах зэрэг арга хэмжээг төр анхааралдаа авахгүй бол оройтох нь байна. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд нэмэргуй. 2009 оны сүүлчээс эхэлж монголчууд архнны хэрэглээгээр оросуудын емнө гишгэсэн, эдүгээ дэлхийд тэргүүлж буй тухай удаа дараагийн судалгааны дун харуулж байна. Архинд живсэн Монголоо аваръя, эрхэм хууль тогтоогчид оо. Та бүхэн цаг алдахгүй шийдвэр гаргах нь монголчуудаа зүй бусаар хорвоогоос халих, архитай холбоотой гэмт хэргийн золиос болохоос аврах гарц болох нь ээ.

Р.Саруултөгс


URL:

Сэтгэгдэл бичих