Г.Занданшатар: Асгатын ордыг эргэлтэд оруулж чадахгүй бол өргөдлөө өгцгөө

314

Засгийн газраас өнөөдөр /2019.01.07/ Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол”-д шилжүүлж, цагаан сараас өмнө эргэлтэд оруулах үүрэг өглөө.
Ирэх лхагва гарагт болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ тухай албажуулж, Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” төрийн өмчит компанид шилжүүлэх аж. Үүнтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар дөнгөж сая холбогдох газруудад үүрэг болголоо.
Тэрбээр “Ирэх лхагва гарагт Засгийн газар хэд хэдэн асуудлыг шийднэ. Хамгийн эхэнд Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол”-д шилжүүлнэ. “Монголросцветмет” ХХК-ийн Б.Мөнхбат захирал Асгатын мөнгөний ордыг шилжүүлэх бэлтгэл ажлыг ханга. Хууль, эрх зүйн зохицуулалтад ямар нэгэн асуудал байхгүй. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд ямар ч ажил хийгдээгүй. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, орд газрыг тогтоосон байдаг. Өнөөдөр үүнийг ард түмний өмч хэлбэрээр ашиглах хэрэгтэй, шаардлагатай. Тиймээс “Эрдэнэс Монгол”-ыннхон гурван сая гаруй иргэний өмч гэж үзэн, цаашид ажиллах ёстой. Ирэх лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар энэ бүхнийг хэлэлцэнэ. Бүх бэлтгэлийг хангасан байх ёстой” гэв.
Түүнчлэн Асгатын ордыг сарын хугацаанд эргэлтэд оруулах үүргийг давхар өглөө. Хэрэв эргэлтэд оруулж чадахгүй бол “Эрдэнэс Монгол”-ын удирдлагуудыг албан тушаалаа хүлээлгэж өгөөрэй гэдгийг ч анхаарууллаа.
Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар “Та бүхэн гурван сая гаруй хүнээ төлөөлж ажиллах хэрэгтэй. Тиймээс нэг сарын дотор Асгатын мөнгөний ордыг эргэлтэд оруулах шаардлагатай. Мөн Салхитын мөнгөний ордыг ашиглах, эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг ч ханга. Үр өгөөжийг нь ард түмэнд хүртээх хэрэгтэй байна. Цагаан сараас өмнө эдгээр ордыг эргэлтэд оруулах, хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө Засгийн газрын хуралдаанд танилцуулахгүй бол та бүхэн өргөдлөө өгөх хэрэгтэй. Зөндөө харлаа” хэмээлээ.


URL:

Сэтгэгдэл бичих