Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо: ЖДҮХС болон зээлдэгчдийн дундаас завшиж буй “Капитал” банкны гэрээг цуцлах хүсэлтийг Ерөнхий сайдад хүргүүлнэ

capitalЖижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС)зээл авсан өндөр албан тушаалтнуудын зээлийн эргэн төлөлт болон холбогдох бусад асуудлаар Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос мэдээлэл хийв.

ЖДҮХС-нд  эргэн төлөлтөөр ойролцоогоор 30 тэрбум төгрөг цугларсан байгаа аж.  2018 оны 12 дугаар 26-нд Засгийн газрын бонд нэрээр 19 тэрбум 870 сая төгрөгийг Сангийн яам татаж авсан бөгөөд ЖДҮХС руу Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос тодруулга мэдээлэл авах албан бичгээ хүргүүлжээ.

Мөн 2011-2016 онуудад арилжааны банкууд ЖДҮХС-гийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэгчийн үүрэг хүлээн, гэрээ байгуулан мөнгөн хөрөнгийг зээлдүүлж байсан  байдаг.

2011 оны 11 дугаар сарын 7-ны өдөр ХХААХҮ-ийн сайд, Сангийн сайд болон Капитал банк хоорондын  таван жилийн хүчинтэй хугацаа бүхий гурвалсан гэрээг байгуулжээ.

Уг гэрээнд  “Зээлдэгчдэд олгосон зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл дүнг банк өөрийн эх үүсвэрээр хааж, Санд үл маргах журмаар 1 сарын дотор төлнө” гэсэн  3.4-р заалт, “эргэн төлөлтийн эх үүсвэрийг гэрээнд заасан хугацаанд эргүүлэн төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно” гэсэн 8.7-д заалтууд тус тус тусгагджээ.

 Гэтэл таван жилийн  дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 10-нд “Эргэн төлөлтийн эх үүсвэрийг гэрээнд заасан хугацаанд эргэн төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алдангийг 0,014 хувиар бодож тооцно” гэсэн заалтыг оруулан дахин гэрээлж, өмнөх гэрээх хүчингүйд тооцохоор болсон байна.  Гэтэл жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдээс “Капитал” банк алдангаа 2011 оны гэрээгээр буюу  0.5%-иар бодож авч байсан атлаа  улсад нийлэхдээ 2017 оны гэрээлснээр явж иржээ.

Хэрвээ 2011 оны гэрээгээр алдангийг 0.5%-иар тооцсон бол нийт үнийн дүн 27,367,834,223,96 төгрөг ЖДҮХС-гийн дансанд орох байжээ.

 Гэтэл  2017 оны гэрээгээр алдангийг 0,014%-иар тооцсоноор үнийн дүн  нэг тэрбум 200 орчим сая  төгрөг болж байгаа бөгөөд үүний дүнд ЖДҮХС-д   нийт 12 тэрбум 418 сая орчим төгрөгөөр хохирол учирсан тухай Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос мэдээллээ.

Өөрөөр хэлбэл, “Капитал” банк сүүлийн гэрээг өөрт ашигтай байгуулж, дундаас нь 12 тэрбум 418 сая орчим төгрөгийг завшсан гэсэн үг болж таарав.

Иймд “Иргэний хууль, Захиргааны ерөнхий хууль, Төсвийн тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Жижиг дунд үйлдвэрийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиудыг зөрчсөн 2017 оны 10 дугаар сарын  10-ны гэрээг цуцлах хүсэлтийг Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхд хүргүүлнэ” гэж Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр мэдэгдэв.

ЖДҮХС-гаас  зээл авсан өндөр албан тушаалтнуудын зээлийн эргэн төлөлтийн тухайд өнгөрсөн 2017 оны 11,12 дугаар сарын дансны хуулгаас харвал УИХ-ын гишүүн Н.Учрал, Б.Ундармаа, Я.Содбаатар, Н.Оюундарь, Г. Солтан,Ж.Энхбаяр, Д.Батбаяр нарын компаниуд зээлээ бүрэн төлж барагдуулсан байна.

Харин УИХ-ын  гишүүн  А.Сүхбат 140 сая, гишүүн О.Батнасан 250 сая, “Жаргалант Мах импэкс” ХХК-аас 100 сая төгрөг тус тус шилжин оржээ. Мөн гишүүдээс гадна зарим агентлагийн даргууд ЖДҮХС-гаас  зээл авсан байдаг боловч хариуцлага тооцох зарчмаар ажлаас чөлөөлсөн учраас ямар ч эргэн төлөлт байхгүй байна.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жижиг дунд болон өрхийн бизнес эрхлэх төслүүдээр холбогдох яамд, газруудад хандан, сонгон шалгаруулалтад 15 хүнийх тэнцсэн байдаг. Гэвч тухайн үед санхүүжилт байхгүй гэсэн хариуг өгдөг байв. Одоо бидний хүсэх зүйл бол эргэн төлөгдсөн эх үүсвэрээс Цагаан сараас өмнө Баялаг бүтээгчдийн холбоо тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хуваарилан олгох талын арга хэмжээг авч өгнө үү” гэж Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр хүслээ.

Г.СҮРЭН

Gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.