Tусгай сангийн “загалмайлсан эцэг”-үүд хаана явна?!

e9977f90858003b1188bded0316748992018 оны хамгийн том дуулиан УИХ-ын гишүүд, сайд нар, улстөрчид ЖДҮ-гийн хэрэгт холблгдсон явдал байлаа. Нийгмээрээ пүү паа болж хүлээж авсан энэ асуудал хэр зэрэг том хэрэг вэ гэдэг одоо яригадж эхэлж байна.

Учир нь ээлж дараалан ил болж байгаа авлигын шинжтэй хэргүүдтэй харьцуулж үзэх шаардлага гарч байгаа юм. Гэхдээ ЖДҮ-гийн хэрэгтэй холбооотойгоор олон гишүүн хэрэгт татагдаж, одоогийн УИХ бараг тэр чигтээ энэ асуудлаас болж нэрээ баастав.

АТГ зарим нэр бүхий гишүүнтэй холбоотойгоор хэрэг үүсгэж, прокурорт шилжүүлсэн. Үүнтэй зэрэгцэн Сангийн яам Засгийн газрын Тусгай сангуудад шалгалт хийлээ. Тэрхүү шалгалтын дүн тун тааруу гарч, энэ хяналтыг толгойлсон МАН-ын сайд Ч.Хүрэлбаатарын тухайд ацан шалаанд ороод байгаа дуулдаж байна.

Учир нь 2012-2016 оныхыг шалгахад АН-ын сайд, гишүүдийн но, булхай илэрсэн бол 2008-2012 онд ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Т.Гантулга нартай холбоотой асар зузаан баримт гарч ирсэн байна.

Тухайлбал, ХХААХҮ-ийн сайдын мэдэлд байсан ЖДҮХС, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сангийн хөрөнгийг дээрх хоёр албан тушаалтан тухайн үед тун чиг хайр гамгүй тарааж байсантай холбоотой баримтууд аж. 2011 онд УИХ-ын гишүүн З.Энх­болдын асууж байсанчлан“Атрын III аян”-ы мөнгөөр Ерөн­хий сайд С.Баярт Гоодойн аманд хаус барьж өгөөд, зөвхөн төв рүү холбосон замд л гэхэд 100 тэрбумыг зар­цуулсан байрх магадлал тун өндөр.

Мөн ХХААХҮЯ-наас 2009 онд зарла­сан тариа хураалтын комбайн нийлүүлэх тендер гэхэд л 36 комбайны нэг бүрийг нь 147 сая төгрө­гөөр үнэлж шахсан байдаг. Гэтэл тэр­хүү комбайныг өмнөд хөр­шийн хойд му­жаас ма­найд нэг бүрийг нь 89 сая төгрөгөөр оруу­лаад ирэх боломжтой байсан гэж байгаа.

Энэ бизнесийг л гэхэд он дараалан хийж, 2010 оны улсын төсөвт нэмж 29 комбайн авах дөрвөн тэрбум төгрө­гийг суулгуулсан гэж яригдаж байв.

Бас нэг факт гэвэл Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга2010 оноос эхлээдүрийн зо­риулалттай савны тен­дерийг зохион байгуулсан байдаг. Нэг тэрбум 800 сая төгрөгийг төсөвт өртөгтэй “Үрийн зориу­лалт­тай босоо төмөр агуу­лах” худалдаж авах тендер гээчийг зарлаж зургаан компани оролцсо­ноос хам­­гийн өндөр үнийн са­нал өгсөн өөрийн найз “Гацуурт”-ын Л.Чинбатад эрхийг нь өг­чихсөн гэдэг. Тодруулбал, “Би Би И” ХХК нэг 1.6 тэрбум, “Дорнод гурил” ХХК нэг тэрбум 790 сая, “Өлзий төв” ХХК 1.8 тэр­бум, “Төмөр транс” ХХК 1.9 тэрбум, “М-Ти-Эс” ХХК нэг тэрбум 815 сая, “Гацуурт” ХХК нэг тэрбум 866 сая төгрөгийн үнийн санал тус,тус ирүүлсэн байжээ. Энд л гэхэд “Гацуурт” болон хамгийн бага үнийн са­налтай ком­панийн хоо­ронд 267 сая төгрөгийн үнийн зөрүү гарсан байдаг. Уг нь ХХААХҮЯ-тай холбоотой энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаагүй биш шалгасан.

ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Т.Гантулга, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмагнай нарт холбогдуулж Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн прокурорын орлогч Е.Сагсай мэдээлэл хийж байсан юм.

Тэрээр ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн 500 сая төгрөгийг зориулалтын дагуу ашиглаагүй, тодорхой хэмжээг нь хувьдаа завшсан гэх асуудлаар шалгаж байгаа аж. Эл хэрэгт УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар хэрэг үүсгэсэн гэж байв.

Тухайн үед УИХ-ын гишүүдэд улсын төсвөөс тэрбум төгрөг олгодог байв. Нэгэн гишүүн тэр мөнгөнийхөө 500 сая төгрөгийг тойрогтоо жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд “Завхан-500” хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Дээрх хөтөлбөрт 500 сая төгрөг зарцуулахаар төлөвлөж, холбогдох байгууллагуудад саналаа хүргүүлжээ. Төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлэх саналыг 2012 оны нэгдүгээр сараас эхлэн эрх бүхий байгууллага албан тушаалтанд тавьсан байна.

2012 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайд хандан 9/475 тоот албан бичгээр Завхан аймагт хэрэгжүүлэх 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг тус яамны жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар дамжуулан төсөл сонгон шалгаруулах саналтай байгаагаа мэдэгдсэн бөгөөд Сангийн сайдын 2012 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 32 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтад зааснаар санхүүжилтийг гуравдугаар сард багтаан шийдвэрлэхээр заагдсан аж.

Ийнхүү Завхан аймагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт хийх зорилгоор 2012 оны Улсын төсвийн тухай хуулийн нэгдүгээр хавсралтын ХХIҮ.1.30-Д “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжин хөгжүүлэх / Завхан/ 500 сая төгрөг хэмээн тусгуулсан байна.

Энэ дагуу нийт 108 аж ахуйн нэгжид 500 сая төгрөг зарцуулахаар болсон байна. Ингэхдээ Завхан аймагт өнгөрсөн тавдугаар сард жижиг, дунд үйлдвэрийг дэмжих нэрийн дор ямар ч төсөл сонгон шалгаруулалт явуулахгүйгээр долоо хоногийн дотор төсвөөс дээрх 500 сая төгрөгийг гаргаж нэр нэр бүхий 108 иргэн, хуулийн этгээдэд тарааж хувийн дансанд шилжүүлсэн нь илэрсэн байдаг юм.
Үүний дараа жил 2013 онд Тариалан эрхлэлтийг дэм­жих сангийн санхүүд Цаг­­даа болон Үндэсний аудитын газрынхан шал­галт хийсэн. Тус сангийн удирд­лагууд, яамны Төрийн нарийн бичгийн дарга нар 2009 оноос сангийн мөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдож, шалгуулж байсан байдаг. Ч.Пэрэнлэй Тариалан эрх­лэлтийг дэмжих сангийн захирлаар ажил­лаж байхдаа 350 сая төгрөгийг хувийн компанидаа зувчуулсан хэргээр Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар, АТГ-т шалгуулж хэрэг үүсгэж байсан. Ч.Пэрэнлэй нарын гурван хүнд албан тушаалаа ашиглаж, улсад 350 сая төгрөгийн гарз, хохирол учруулсан бо­лохыг тогтоосон. Тэднийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас олгодог улаан буудайн урам­шууллын хөрөнгөөс хувьдаа завшдаг байсныг тогтоосон юм. Ч.Пэрэнлэй нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ аймаг дахь эрхлэгч Доржханд, Хөтөл дэх эрхлэгч Ч.Гантулга нартай хуйвалдан энэ хэргийг үйлдсэн гэдэг. Ч.Пэрэнлэй нар “Атрын III” аяны хөрөн­гөөс 260 сая төгрөг шам­шигдуулсан гэж үзээд яллах дүгнэлт үйлдэж прокурорт шилжүүлсэн ч хэргийг тодорхойгүй шалт­гаанаар хэрэгсэхгүй болгосон юм.

Тус сангийн да­раа­гийн захирал Л.Дүйнхэржав мөн л хэрэг мандуулсан. Түүнийг Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Гантулгатай хамт их хэмжээний мөнгө завшсан хэргээр шалга­сан. Тэднийг Япон улсаас манай улсад хэрэг­жүүлсэн “KP-1” төслийн хүрээнд буцалтгүй тус­ламжаар олгосон 9.5 мянган тонн хүнсний цагаан будааг борлуулсан мөнгө болох 12 тэрбум төгрөгийг зо­риу­лалтын бусаар зарцуулсан болохыг илрүүлсэн юм. Мөн тэд энэ мөнгөнөөс 900 сая төгрөгийг аж ахуйн нэгжээс бэлнээр авч хувьдаа завшсан гэж байв.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам нэрээ сольж, бууриа ч сэлгэж, хуучин байрныхаа хаяанд есөн давхар шинэ байранд орсон билээ. Хамгийн дээд давхарт нь сайд нь доор нь дэд сайд гэх мэтээр албан тушаалын зэрэг зиндаагаар суудаг болсон. Мөн хажууханд нь ажилчдынх нь орон сууц гэж барьсан. Шинэ барилга нь улсын төсөв болон Тариалан эрх­лэлтийг дэмжих сангийн хөрөнгөөр боссон гэдэг. Тухайн үеийн салбарын сайд болох Т.Бадамжунайн 2009 онд гаргасан 116 дугаар тушаалаар үүнд нийт 7.4 тэрбум төгрөг гаргажээ. Мөн яамны шинэ байрны хажуудах ажилчдын орон сууцыг сангийн хөрөнгөөр барьсан тухай ч мэдээлэл гарч байсан юм.

Энэ мэтээр дурдвал ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Т.Гантулга нартай холбоотой тун баялаг мэдээлэл байна. Тиймээс тэднийг намынхан нь ЖДҮ-гийн буюу Тусгай сангийн “загалмайлсан эцэг”-үүд гэлцэж байна.

Өдгөө Тусгай сангийн том “загалмайлсан эцэг” болох Т.Бадамжунай Хятадаар дамжаад Сингапурт очсон гэх мэдээлэл байгаа бол Төрийн нарийн бичгийн дарга асан Т.Гантулга нь Эрчим хүчний дэд сайд хэмээх зөөлөн суудалд чимээ аниргүйхэн шиг сууж байгаа юм.

Тусгай сангийн “загалмайлсан эцэг”-үүдийн талаарх шинэ баримт, фактууд удахгүй дэлгэгдэнэ.

Өдрийн сонин


URL:

Сэтгэгдэл бичих