Манай эрх баригчид татвар нэмэхдээ шаламгай, багасгахдаа хойрго

YUӨнгөрсөн оны 11 дүгээр сард татварын орлого 2.2 их наяд төгрөгөөр давж биелэхэд иргэдийн цуглуулсан НӨАТ-ын 300 сая орчим баримт тун чухал үүрэг гүйцэтгэжээ. Үүний үр дүнд өнгөрсөн онд НӨАТ-ын буцаан олголт 125 тэрбум төгрөгт хүрсэн нь 2017 оныхоос бараг хоёр дахин өндөр дүн. Буцаан олголт иргэдийн дансанд шилжсэнээр тэр хэмжээний мөнгө худалдаа, үйлчилгээний салбарыг тэтгэнэ гэсэн үг. Энэ бол дэлгүүр, үйлчилгээний төв, албан байгууллага бүрт байгаа кассын хар машин буюу НӨАТ-ын баримт хэвлэгчийн тоо өнгөрсөн гурван жилд 90 мянгад хүрсний үр дүн. Түүнээс биш 2017 онд ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахдаа долоон төрлийн татвар хураамжийг нэмсний үр дүн биш аж. Яагаад гэвэл тэр үед ч, одоо ч татвар нэмэх суурь орчин бүрдээгүй. Өөрөөр хэлбэл, татварын хувь хэмжээг нэмлээ ч шийдвэр гаргагчдын анх зорьсон шиг төсвийн орлого нэмэгдэхгүй. Хэрэв энэ янзаараа байсаар байвал магадгүй таван жилийн дараа ч татвар нэмлээ гээд гарах үр дүн нь сөрөг байх бололтой. Татвар зөвхөн төсвийн орлого бүрдүүлэгч биш. Харин эдийн засгийг зохицуулдаг механизм. Гэтэл манай эрх баригчид татвар нэмэхдээ шаламгай, бууруулахдаа хойрго. Уг нь татвар уян хатан, шударга, оновчтой байх тусам эдийн  засгийн бүтцийг сайжруулж, эс бөгөөс далд эдийн засаг бий болгодог.

Тиймээс ч хөгжингүй болон амжилттай хөгжиж буй улс орнууд татвар нэмэхдээ болгоомжтой ханддаг.

Тун ойрын жишээ нь Япон улс. Манайхны ойлголтоор бол нэмэгдсэн өртгийн албан татвар буюу худалдааны татвараа тус улс хоёр нэгжээр нэмж, 10 хувь болгохын тулд таван жил бэлтгэж байна. 2017 оны дөрөвдүгээр сард нэмэхээр төлөвлөж байсан ч тухайн үед татвар нэмэх суурь нөхцөл бүрдээгүй хэмээн үзэж, энэ оны аравдугаар сар болгон хойшлуулсан байна.

Тус улсын Засгийн газар эрүүл мэндийн салбарт хийсэн шинэчлэл, насжиж буй хүн амын эрүүл мэндийн үйлчилгээний зардлыг татварын нэмэгдлээс олохоор тооцсон ч ОУВС болон шинжээчид татвар нэмэх цаг гэдгийг сэрэмжүүлж байна.

Тиймээс Шинзо Абэгийн Засгийн газар дөнгөж сэргээд байгаа хэрэглээ болон иргэдийн автомашин, орон сууцны худалдан авалтад сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэх бэлтгэл хангаж буй аж. Тус улс 1972 онд нэмэгдсэн өртгийн албан татвартай болсноос хойш 47 жилийн турш уг татварын хувь хэмжээг долоон хувиар л нэмсэн байна. Ингэхдээ эхний 25 жил буюу эдийн засаг нь хамгийн өндөр өсөлттэй байсан он жилүүдэд тогтмол гурван хувь, 1997-2014 онд таван хувь, 2014 оноос өнөөг хүртэл найман хувиар нэмэгдүүлжээ. Энэ хугацаанд ДНБ нь 318 тэрбум ам.доллараас 5.1 их наяд ам.доллар болж, 16 дахин нэмэгдсэн аж.

Өөрөөр хэлбэл, иргэдийнх нь цалин хөлс, амьжиргаа, худалдан авах чадвар сайжирч, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин таатай болж, макро эдийн засаг тогтворжсоны дараа татварын хувь хэмжээгээ нэмсээр иржээ. Эдийн засгийн орчинтой нь харьцуулахад манайд НӨАТ 10 хувь байгаа нь өндөр татвар гэдэг нь ойлгогдож буй биз ээ. Эдийн засгийн суурь орчин сайжирсан нөхцөлд л татвар нэмдэг нь зүй тогтол гэдгийг эдийн засагчид онцолж буй. Тиймээс ч хөгжингүй улс орнууд харьцангуй өндөр, хөгжиж буй нь бага татвартай байдаг аж. Харамсалтай нь манай улс ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд татварын хувь хэмжээг өсгөх нь төсвийн орлогыг нэмэх гол эх үүсвэр гэж харсан. Өөрөөр хэлбэл, хямралтай жилүүдийг үдэж, 2017 онд ёроолоос дөнгөж өндийж байсан эдийн засгаа татвараар дарамталж эхэлсэн нь баялаг бүтээгчид, иргэдийн өсөж өндийх боломжийг боомилсон алхам болсон юм. Үүний балаг одоо ч арилаагүй байгаа. Онцгой албан татвар нэмэх сургаар шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгдэж, улмаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Хэдийгээр онцгой албан татварыг эргээд тэглэсэн ч дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өөрчлөлтийн улмаас манайд ч гэсэн жижиглэнгийн үнэ савлагаатай байна. Гэтэл өрхийн амьжиргаанд чухал үүрэг гүйцэтгэдэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурах шинж огт алга.

Зах зээлд шилжсэнээс хойшхи хугацаанд өрнөсөн татварын шинэчлэлийг харахад татварын хувь хэмжээ нийтдээ 45-10 хувь болтлоо буусан байдаг. Гэсэн ч энэ нь эмзэг эдийн засагт дэндүү өндөр хэмжээ, томоохон дарамт байсаар ирсэн. Үүний нэг тод илрэл нь 2008 онд баталсан өршөөлийн хуулиар нийтдээ таван тэрбум ам.долларын далд эдийн засаг ил болсон бол 2015 оныхоор 34.5 их наяд төгрөгийн хөрөнгөө компаниуд мэдүүлсэн түүхтэй.

Өөрөөр хэлбэл, ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд татвар нэмэх шийдвэр гаргасан нь эрх баригчид татварыг зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх эх үүсвэр л гэж харж буйн илрэл юм. Түүнээс биш эдийн засгийг зохицуулдаг, бизнесийг тэтгэдэг хүчин зүйл гэдгээр нь огт хараагүй гэдэгтэй маргах хүн байхгүй биз. Үүнийг батлах бас нэг зүйл бол татварын шинэчлэлийн үргэлжлэл болсон гурван хуулийг хэзээ батлах нь мэдэгдэхгүй байна.

Эдийн засгийн бүтэц, жижиг дунд үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн татварын ерөнхий хууль, аж ахуйн нэгжийн болон хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг хэрэв 2016 онд НӨАТ-ын хуультай зэрэгцүүлэн баталсан байсан бол өнөөдөр монгол улсын эдийн засгийг дэмжих бодит боломж байх байлаа. “Хэрэв энэ гурван хуулийг баталсан бол аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татвар нэг хувь болж буурснаар өнөөдөр хэрэгжиж байгаа нийгмийн даатгалын нэг хувийн татварын нэмэгдэл ажил олгогчид, иргэдэд дарамт болж очихгүй байх байсан” хэмээн МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав сануулсан юм.

Татварын нэмэгдэл цагаа олсон уу, эдийн засагт ямар нөлөө үзүүлсэн талаар эдийн засагчдын тухайн үеийн болон одоогийн байр Бизнес итгэлийн индекс (2012-2017) суурийг хүргэе.

З.Нарантуяа УИХ-ын гишүүн

Эрх баригчид иргэдийн амьжиргаанд нөлөөлөх долоон төрлийн татвар нэмсэн нь өнөөдөр сөрөг үр дагавар бий болгож байна. Шатахууны үнэ болоод хомсдол бий болсон нь нийгмийг бүхэлд нь бухимдууллаа. Энэ удаад шатахууны зохиомол хомсдол үүсгэж, үнийг нь нэмсэн. Үндсэн шалтгаан нь онцгой албан татварыг нэмсэнтэй холбоотой. Уг нь эрх баригчдын хэлж байгаа эдийн засгийн өсөлт нь байгаад, шатахууны 41 хоногийн болон валютын дөрвөн тэрбум ам.долларын нөөцтэй байсан бол өнөөдөр ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан.

Б.Лхагважав МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч

Татвар бол онцгой эрх эдэлж гаргаж буй улс төрийн шийдвэр юм. Тиймээс энэ талаар сайн мэдэхгүйгээр татварын бодлого явуулж болохгүй. Өмнө нь Монгол Улсад татварын хувь хэмжээ өндөр байсан нь далд эдийн засгийг бий болгосон. Компаниуд тайлангаа худлаа мэдүүлдэг байсан тул манай бүх тоон мэдээлэл худлаа, үүний улмаас Монгол Улс макро орчны загвараа зөв гаргаж чадахгүй байгаа юм. ОУВС-тай тохиролцоонд хүрсэн 2017 оны долдугаар сараас өмнө татварын орлого эхний хагас жилд хэдийн 500 тэрбум төгрөгөөр давж биелсэн байсан шүү дээ.

Ж.Дэлгэрсайхан СЭЗИС-ийн багш

ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахдаа татвар нэмсэн нь ерөөсөө эдийн засгийн орчин бүрдээгүй, нийгмийн шинжтэй арга хэмжээ биш учраас зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх л зорилготой байсан. Уг нь татвар нэмэгдэх нь зүй ёсны үзэгдэл боловч эдийн засаг, нийгмийн суурь нөхцөл нь сайжирч, тэр нь баялгийн хуваарилалтаар дамжин бизнес болон иргэддээ наалдацтай үед л татварыг нэмэх нь зүйтэй юм. Монгол Улсын хувьд татварын орлого ДНБ-ий 25-30 хувьтай тэнцэж байгаа нь хөгжиж буй орнуудтай харьцуулахад татварын ачаалал өндөр байгааг харуулж байна.

З.Цэлмэг

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.