Л.Ишдорж: Парламент мэргэжлийн болбол монгол улс олон зовлонгоосоо сална

olloo_mn_1463356724_uihtsМонгол Улсын Үндсэн хуулийн өдөр энэ сарын 13-нд тохиох юм. Энэхүү түүхэн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Ардын Их Хурлын 155-р тойргоос (Дорноговь) депутатаар сонгогдож, Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан Л.Ишдоржтой “эцэг” хууль тойрсон асуудлаар ярилцлаа.

-Сүүлийн үед Үндсэн хуультай холбоотой яриа их гарч байгаа. Гэтэл Үндсэн хууль гэж чухамдаа юу вэ гэдгийг нь сайн ойлгохгүй хүмүүс ч бий. Удахгүй Үндсэн хуулийн өдөр болох нь. Та Үндсэн хуулийг хамгийн энгийнээр тодорхойлохгүй юу?

-Үндсэн хууль гэдэг бол эх хууль юм. Үндсэн хуулийг хэрэгжүүлэх хүрээнд  600 гаруй салбар хуулийг боловсруулж гаргахаар тооцож байсан. Үндсэн хуульд бүх юмыг заах боломжгүй шүү дээ. Нөгөө талаар энэ бол Монгол Улсын ирээдүйн хөгжлийг бүх талаас нь гаргасан бодлого юм. Зүгээр нэг төрийн бодлого биш. Ард түмэнтэйгээ зөвшилцөөд, хамтран байгуулсан гэрээ.

Үндсэн хуулийнхаа талаар ард түмэндээ ойлгуулах, сурталчлах ажил муу байсаар ирлээ. Хүмүүст ойлгох хүсэл, эрмэлзэл ч бага байсан байж магадгүй. Өнөөдрийн УИХ-ын гишүүдийн яриаг чагнаж байхад “Үндсэн хуулиа уншчихгүй дээ, мөн чанарыг нь ойлгохгүй байна даа” гэсэн харуусал төрөх үе байдаг л юм.

Үндсэн хуулийг бид 76 хоног хэлэлцэж батлалцсан. Би нэг цаг ч хурлаа таслаагүй. Гэхдээ энэ ч бас хангалттай биш. Тиймээс 1992 оноос хойш одоог хүртэл үргэлж Үндсэн хуулиа харж, уншиж, судлаачийн хэмжээнд “ухаж төнхөж” байдаг. Үндсэн хуулийн язгуур санаа, мөн чанарыг зүгээр нэг удаа уншаад ойлгочих зүйл биш ээ. Язгуур үндсээр нь ойлгохын тулд хүнээс их чармайлт, уйгагүй ажиллагаа, оюуны их чадамж шаардагддаг.

-Шинэ Үндсэн хууль баталж байх үед Та ирээдүйг ямраар төсөөлж байсан бол. Өнгөрсөн 27 жилд Таны төсөөлөл хэр биелсэн, эсвэл хэр эсрэгцсэн бэ?

-Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад 430 депутат оролцсон. Эдний 109 нь тэр үеийн сум, нэгдлийн дарга нар байв. Энэ бүрэлдэхүүн бол тэр үедээ хамгийн оюуны чадавхтай, практик туршлагатай, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах эрмэлзэлтэй хүмүүсийн нэгдэл байсан. Одоо зарим хүн чадал чансаагүй хүмүүс яаж Үндсэн хууль баталчихсан юм гэсэн утгатай зүйл ярьж л байдаг. Бид энэ хуулийг батлах үедээ дэлхий ертөнцийн хандлага, шинэ нөхцөл байдлыг, бусад орны Үндсэн хууль нь ямар байдгийг, алдаа оноо нь юу вэ гэдгийг судалж, мэдэж байж, хийж байлаа. Бид 76 хоног хуралдахын зэрэгцээ давхар өөрсдийгөө боловсруулж байсан.

Үндсэн хуулийн төсөлд Монголын сонгогч болгон шахуу саналаа өгсөн. Өнөөгийнх шиг ямар нэгэн зохион байгуулалттайгаар, өөрсдийн эрх ашгийг шургуулах гэсэн оролдлого огт гарч байгаагүй. Сонгогч иргэдийг баг, байгууллага, суманд нь цуглуулж, Үндсэн хуулийн төслөө танилцуулан 900 мянган хүний саналыг авч нэгтгэж байлаа. Шинэ Үндсэн хуулийг боловсруулсан язгуур суурь нь онолынхоо хувьд ч, аргынхаа хувьд ч хамгийн боловсронгуй, зөв чигээр явсан юм. Манай Үндсэн хууль дэлхийн жишигт нийцсэн, Монгол Улсынхаа онцлог, мөн чанарыг тусгасан сайн хууль болж чадсан.

Гэвч Үндсэн хуулийг хэрэгжүүлсэн 27 жилийн явцад Үндсэн хуулийг “хуулийн дагуу” гажуудуулж, саармагжуулсан гэж үздэг. Үндсэн хуульд нийцэж байвал зохих органик хуулиуд янз бүрийн хэлбэрээр Үндсэн хуулийн язгуур үзэл санаа, агуулгыг зөрчсөн байдаг. Хуулийг зөрчихдөө бүр хуульчилж зөрчсөн. Жишээлбэл, Үндсэн хуульд намын үүрэг ролийн тухай хоёр гуравхан заалт орсон шүү дээ. Дараа нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр таван заалт болгосон. “Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хууль”-д гэхэд л намын тухай заалт оруулж, намыг нэгдүгээрт тавьсан утгатайгаар хуульчилсан. Иймээс л би органик хуулиудаар Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа юм. Хоёрдугаарт, үйл ажиллагаагаар Үндсэн хуулийг зөрчиж байна. Нэгэнт Үндсэн хуулийг зөрчсөн учраас Үндсэн хууль бидний хүсэн хүлээж байсан үр дүнд хүрсэнгүй. Бараг эсрэгээрээ явчихлаа. Яг өнөөгийн парламентын байж байгаа царай, болж буй үйл явц бол ёстой гутамшиг. Бид нар ийм юм төсөөлөөгүй, бодоогүй. Төсөөлж бодох байтугай зүүдлээ ч үгүй.

-Үндсэн хуулийг шинэчилж сайжруулах зайлшгүй шаардлага бий болсон тухай эрдэмтэн судлаачид, хуульчид ярих болсон нь Таны үзэл бодолтой хэр нийцэж байна вэ?

-Эрдэмтэн мэргэд, хуульч, гишүүд, хүмүүсийн ярьж байгаа янз бүрийн зүйлсийг буруутгах аргагүй. Хувь хүний үзэл бодол, ертөнцийг үзэх үзэл, оюуны цараа хэмжээнээсээ шалтгаална шүү дээ.

Монгол Улсын Үндсэн хууль 1992 онд батлагдсанаас хойш өнөөг хүртэл хэр хэрэгжив, юу нь болж байна, засах зүйл нь юу байв гэдгийг Монгол Улс өөрөө дүгнэх хэрэгтэй. Одоогоор хэн нэг хүний, хэсэг гишүүний, нам нэртэй хэсэг бүлгийн өрөөсгөл дүгнэлтүүд л байгаа болохоос Үндсэн хууль үүргээ гүйцэтгэсэн эсэх, Үндсэн хуулиа үргэлжлүүлэн мөрдөх чадамж, нөөц боломж байгаа юу, үгүй юү, хэрэв өөрчлөх болбол юуг нь, яагаад өөрчлөх ёстой талаар шинжлэх ухааны үүднээс тулхтай тууштай судалсан, дүгнэсэн зүйл алга.

Иргэдээсээ асууна гээд нэг сая гаруй сонгогчийн бүгдийнх нь саналыг авч нэгтгэнэ гэж байхгүй л дээ. Тийм учраас эрдэмтэн мэргэд, ахмад парламентчид, хуульчид, иргэд гээд бүх талыг хамарсан баг бүрдүүлж, ажлын хэсэг байгуулж ажиллуулаад, Үндсэн хуульдаа эхлээд дүгнэлт өгөх хэрэгтэй байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг энэ дүгнэлт гарсны дараа ярих ёстой.

1999, 2000 онд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд “дордохын долоон” өөрчлөлт болсон гэж ярьдагтай би санал нийлнэ. Энэ өөрчлөлтийг оруулсан нь зөвхөн улс төрийн шалтгаантай байсан. Тухайн үед үүссэн нөхцөл байдлыг хялбарчилж, гацаанаас гаргахын тулд өнөө, маргаашаа харсан энэ өөрчлөлтийг хийсэн. Тэр нь Үндсэн хуулийг хямралд хүргэж байна.

-Жишээ нь, яг одоо улс төрийн нөхцөл байдал мөн л гацаанд орчихоод байна. Гацаанаас гарахын тулд УИХ-ын даргыг огцруулах асуудлаар хуулийн төсөл санаачилж буйн үр дагавар хожим мөн л бэрхшээл дагуулах болов уу?

-УИХ-ын даргыг огцруулна гэж 40 гишүүн гарын үсэг зурсан гээд л байна. Тэгснээ Ерөнхийлөгч хуулийн төсөл санаачилчихлаа. Олонх нь Их хурлын даргыг огцруулъя гэвэл УИХ-аар хэлэлцээд огцруулах юм байна л даа. Өнөөдрийн нийгэмд энэ арга хүмүүст таашаагдаж, зөвшөөрөгдөж, алга ташуулж байх шиг байна. Гэхдээ энэ өөрчлөлт хожим ямар үр дагавар авчрах вэ гэдгийг зайлшгүй бодолцох учиртай.

Өөрчлөлт оруулаад УИХ-ын даргыг олонх болсон нам мэдэлдээ авах нь л дээ. Парламентад олонх болсон намын 40, 39 гишүүнд таалагдахгүй бол, эсвэл намын даргын үзэмжээр өөрчлөх болох нь. Тэгэхээр Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал, түүний дарга нь намын мэдэлд очих юм байна. Ерөөсөө Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийг намын мэдэлд авах гэж эртнээс их үзэж байгаа шүү дээ. Гэхдээ Монголын ард түмэн их ухаантай. Сонголт хийхдээ тэнцвэржилтийг хангах ёстой гэсэн зарчим бариад байгаа юм. 1992 оноос хойш төрийн гурван өндөрлөг гурвуулаа нэг намаас байсан тохиолдол бараг байхгүй, ажиглаарай. 2017 онд ч гэсэн Баттулга нь илүү юү, Энхболд илүү юү гэдгээр сонголт хийгээгүй ээ.

Улс төрийн нам төрийн дээр гарч хэзээ ч болохгүй. Тиймээс УИХ-ын даргыг хууль засаж байж өөрчлөх энэ арга урт насгүй дээ. Арга саам хайх замаар бий болсон богино настай эд бидэнд эргээд үйл лай болж хувирна. Сөрөг үр дагаврыг нь бид хангалттай амсах цаг тун удахгүй.

-Хүмүүс УИХ ажлаа хийхгүй байна, энэ гацаанаас гарчихвал учир нь олдоно гэсэн бодолтой байх шиг.

-УИХ-ын 76 гишүүн Засгийн газрынхаа 10 гаруй гишүүний бойкотонд орчихоод сууж байна. Өнөөдөр УИХ-ыг Засгийн газар л гацааж байна шүү дээ. Гэтэл Засгийн газар гэдэг чинь Их хурлаасаа байгуулагддаг,  хууль, төрийн бодлогыг хэрэгжүүлдэг, УИХ-даа ажлаа тайлагнадаг байгууллага. Гэтэл УИХ-аа бойкотлоод, УИХ-ын даргаа олонхоороо огцруулах гээд сууж байна. Төрийн эрхийг барьж буй МАН буруу зам руу явж байгаагаа ухаарцгаах хэрэгтэй дээ. Би бол битгий ийм юм болоосой гэж бодож байна. Дордохын долоо дээр нэмэгдээд найм дахь зовлон нь болно шүү.

-1992 оны Үндсэн хууль батлахын өмнөх хэлэлцүүлэг, батлалцсан хүмүүсийн тухай Таны санаанаас гардаггүй дурсамжаас сонсмоор байна?

-Миний хувьд Улсын Бага Хурлаас боловсруулсан төсөлтэй санал ойролцоо байсан учраас олон долоон юм ярьж, санал зөрөлдөх асуудал бага байсан. Харин Засаг захиргааны нэгжийн хуваарийн асуудлаар Ерөнхийлөгч П.Очирбатын оруулсан илтгэлд туссан одоогийн сум, аймгийн тоог цөөлж, хошууны бүтэц, зохион байгуулалтад орох саналыг их дэмжсэн. Тиймээс 3-4 удаа босч үг хэлсэн минь “Ардын эрх” сонинд бүтэн нүүр шахуу гарч байлаа. Нэг нийгмээс нөгөөд шилжиж байгаа болохоор энэ уг нь их том доргио болох байсан юм. Гэвч тэгээгүй. Хэрвээ хошууны бүтцэд шилжсэн бол яасан олон сумтай юм, төсвийг ингэж цацаж болохгүй гэх мэт эдийн засаг, нийгмийн янз бүрийн яриа, асуудал шийдэгдсэн байх ёстой байв. Одоо сумыг цөөлөх, бүсчлэх асуудлууд нэг хэсэгтээ бараг бүтэхгүй байх. Олон нийтийн сэтгэлзүй нэгэнт хүлээж авахааргүй болсон. Энэ асуудлыг жижигхэн зүйлээр хойш тавьсан нь “Хошуу гэдэг чинь Манжийн дарлалын үеийн зохион байгуулалт, бүтэц” гэж үзсэн юм. Уг нь юун Манжийн үе, түүнээс өмнөх үеийн асуудал байхгүй юу. УБХ маань оруулж ирсэн тэр саналаа хамгаалаагүй, хамгаалахыг ч хүсээгүй.

-Та одоогийн УИХ-ын гишүүд Үндсэн хуулиа сайн мэдэхгүй байгааг дурдсан. Ийм хүмүүсийг сонгож, сонгогдож байгаа нь сонгогчдын буруу юу, эсвэл улс төрд орж ирж байгаа хүмүүсийн боловсрол, чадварт байна уу?

-Эрхэм гишүүд Үндсэн хуулиа судлах ёстой. Тэгэхгүй байна. Хэн нэгэн хичээл зааж өгөхгүй шүү дээ. Үндсэн хуулиа огт уншихгүй байна гэвэл гүтгэсэн болох байх. Харин үзэл санааг нь ойлгож байна уу гэвэл үгүй байна. Саяхан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Үндсэн хуулийг хэлэлцэх үеэр АИХ дээр яригдсан бичлэгийг аваад судлах гэж байгаагаа ярихыг сонсоод маш их олзуурхсан. Өөрөө хуульч хүн. Мэргэжлийн юмаа мэдэж л таараа. Нарийн судалж, мэдэж авъя гэсэн санаа төрөөд, ярьсанд нь баярласан. Гэтэл бизнес хийж, давхиж яваад УИХ-д суучихсан хүнийг Мөнх-Оргилтой яаж харьцуулах вэ. Шал өөр биз дээ. УИХ-ын гишүүдийн сэтгэлийн хөөрлөөр, хувийн ааш араншингаараа асуудалд хандаж алдаатай шийдвэр гаргаж байгаагийн нэг шалтгаан энэ.

-Таны бодлоор энэ асуудлыг хэрхэн шийдвэл зохистой вэ?

-Дандаа ийм хүмүүсээр УИХ бүрдэж болохгүй. Олон улсад олон жил сонгогдсон туршлагатай сенатчид, парламентчдаа чухалчилдаг. Энэ бол маш зөв. Парламент гэдэг бол ердөө л сонгогчдын санал авсан хүмүүсийн цуглуулга биш. Парламент мэргэжлийн байх ёстой. Тийм болохоор би Монгол Улс хоёр танхимтай парламентын засаглалтай байх нь тохиромжтой гэж үздэг. Намын ямар ч оролцоогүйгээр иргэдийнхээ саналаар гарч ирсэн Ардын Их Хурал байх хэрэгтэй. Улс төрийн намуудын авсан саналаар нь АИХ-аасаа пропорциональ системээр Улсын Бага Хурлаа байгуулъя. Улсын Бага хурал нь мэргэжлийн хууль тогтоогчид байх ёстой.

Хүмүүс хоёр танхимтай байя гэхээр хүн нь олширно гээд дургүйцдэг. Уг нь тийм биш юм. АИХ нь ард түмнээсээ сонгогдсон, нэр төртэй, зохих ёсны туршлагатай, шалгуурыг нь даахуйц мэдлэг боловсролтой хүмүүс байж, үндсэн гол шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй. Одоо УИХ-аас томилгоо хийж байгаа нь буруудаад байна. АИХ нь Улсын ерөнхий прокурор, ерөнхий шүүгч, Ерөнхий сайдыг нь томилоод өгөг л дээ. Ийм байвал парламент олон янзын ашиг сонирхлоос холдож, Монголд бий болсон улс төрийн шинжтэй олон зовлонгоос сална. УИХ мөнгөтэй хүмүүсийн цуглуулга байх шаардлагагүй болно.

-Танд баярлалаа. Сайн сайхныг хүсье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.