Тусгаар тогтнол чамайг ТУНХАГЛАН бичнэ би

Өнөөдрөөс яг 100 жилийн өмнө буюу 1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр гаргасан түүхэн шийдвэрийг энэ цагийн ТӨР онцолж, Монголчууд бултаараа ажлаасаа түр хөндийрч түүхэн өдрийн 100 жилийг ойг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Эл шийдвэрийг гаргах хүртэл Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө буг бурхан хоёртой дөрөө харшуулан зүтгэсэн VIII Богд Жавзандамба хутагтын талаар сайнаасаа саар мэдээлэл нийгэмд илүү байсан билээ.

Тухайлбал хутагтыг халдварт өвчтэй төдийгүй хүрээний эмс охидтой цэнгэдэг байсан хэмээн гоочилдог. Тиймээс өдгөө Богдын түүхэн гавъяаг онцлохоосоо илүүтэй “Сохор Богд” хэмээх хоч ч гэмээр нэршил нь түүний таних тэмдэг болж байв.

Гэхдээ түүхчдийн хувьд VIII Богд Жавзандамба хутагтын талаар түүхийн үнэнийг өгүүлж байсан хэдий ч  гавъяаг нь төрөөс тодруулж, товойлголгүй өдийг хүрсэн юм. Харин өнөөдөр VIII Богд Жавзандамба хутагтын байгуулсан түүхэн гавъяаг “Магтан дуулах өдөр” тохиож, түүний сайныг уудлах завшаан гарчээ. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Монголчууд Манж гүрнээс туурга тусгаарлаж, төр улсаа сэргээн тунхаглаж байгаагаа дэлхий дахинд албан ёсоор зарлаж, VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн түүхтэй. Ингэснээр манжийн дарлалаас чөлөөлөгдөн дэлхийн дахинаа тусгаар улс хэмээн тоогдож Монгол Улс бие даасан юм. Энэхүү түүхэн үйл явдлыг санаачилж, зохион байгуулсан эх орончдын манлайлагч нь VIII Богд Жавзандамба хутагт байв.

Энэ талаар ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Түүхийн шинжлэх ухааны доктор Оохнойн Батсайхан нэлээд тодорхой бичиж нийтийн хүртээл болгосон байдаг.

Богдын цаг ирсэн нь
1911 оны долдугаар сард ноёдууд Хүрээнд цуглаж нууц зөвлөлгөөн хийжээ. Тэд зөвлөлгөөнөөрөө түр Засгийн газар гэгчийг байгуулж, үүнийгээ олноос ихэд нууцалж байсан байна. Түүгээр ч зогсохгүй энэ үеэр Богд гэгээний “Цаг болов” хэмээн ярилцаж шийдвэрээ биелүүлэх нууц төлөвлөгөө төлөвлөж хэрэгжүүлэхээр болсон аж. Эдгээр асуудал нь нууцын өндөр түвшинд хэлэлцэгдэж Орос улсаас тусламж эрэх төлөөлөгчид явуулах, цэрэг, зэвсэг, мөнгө санхүү бэлдэх зэрэг олон ажлуудыг төлөвлөв.

Орос руу явж тусламж гуйх элчинд Чин ван Ханддорж, да лам Цэрэнчимэд, түшмэл Хайсан нарыг томилсон бол энэ үеийн бүхий л асуудлыг зохицуулж, үндэсний тэмцэл өрнүүлэхэд Богд гэгээнтэй хамгийн ойр байж, хамтарсан ноён бол Сайн ноён Намнансүрэн, Түшээ гүн Чагдаржав хоёр онцгой үүрэг гүйцэтгэж байжээ.

Оросоос тусламж гуйхаар явсан төлөөлөгчид үүргээ амжилттай гүйцэтгэн ирсний дараа түр Засгийн газрыг “Халхын Хүрээний газрын бүгд хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газар” хэмээн албан ёсоор нэрлэсэн төдийгүй 1911 оны 11 дүгээр сарын 30-нд олонд зарлан ил болж “Халхын Хүрээний газрын бүгд хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газар”-ын даргаар Түшээ гүн Чагдаржав Богд гэгээний зарлигаар томилогдсон байна.

Үүний дараа Монголчууд тусгаар тогтнолоо зарласан тунхаг бичгийг түр Засгийн газраас гаргаж 1911 оны 12 дугаар сарын 1-нд  Их Хүрээнд түгээсэн аж. Үүнээс гадна үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг илэрхийлсэн соёмбо үсэгтэй далбаа намируулж анхны Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж байсан нь өдгөө түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний хишигт өдөр
1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр өлзий дэмбэрэл бүрдсэн өдөр байжээ. Тиймээс VIII Богд Жавзандамба хутагт хийгээд “Халхын Хүрээний газрын бүгд хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газар”-ын дарга Түшээ гүн Чагдаржав нарын тэргүүтэй хүмүүс эл өдрийг сонгон Монгол Улс Манж чин улсын дарлалаас ангижирч тусгаар тогтносон төрт улс гэдгээ албан ёсоор тунхагласан зарлах өдөр болгон сонгожээ. Эл өдөр нь XV жарны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есний өдөр бөгөөд төрийн их ёслолыг гүйцэтгэх маш сайн өдөр төдийгүй, хишиг баасан гариг, усан тахиа өдөр байсан аж. Энэ өдрийн морин цагийн эхний хувьд буюу 11 цаг 40 минутад өлзий учрал бүрдсэний тул энэ цагт Богдыг Монгол Улсын эзэн хаанд залах төрийн их ёслол гүйцэтгэхээр олон монголчуудад мэдэгдэн эхлүүлж орой нар шингэхийн өмнө буюу 17.00 цагийн орчим өндөрлөсөн байна.

Ийнхүү Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанд өргөмжлөн, эрдэнийн ширээнд залж суулгаад хатан Дондогдуламыг улсын эхэд өргөмжилж, хааны эрдэнэ, хасын тамга, алтан үсэгт өргөмжлөл ба Монголын газраас гарсан ёсны юм есөн цагаан билгийн цагаан тэмээ, мөнгөн буйл, булган мулцагт нижгээд цагаан морь, булган мулцагт наймаад хадаг сэлтийг бэлэглэн өргөхдөө төрийн ордоноо хуралдсан хүн бүгдээр хичээнгүйлэн Богд хаан, Улсын эхэд сөгдөж мөргөсөн ажээ.

Богдын зарлиг
Богд эзэн хааны хишиг тараах зарлиг гарч зарлигт “Богдыг Монгол Улсын наран гэрэлт түмэн наст Богд эзэн хаан, Цагаан дарыг улсын эх гэж өргөмжилж, улсын цолыг Монгол, оны нэрийг Олнаа өргөгдсөн хэмээн нэрийдсэн Монголын цагаагчин гахай жил, европын 1911 оны Олнаа өргөгдсөний тэргүүн он болгон тогтоож, Их Хүрээг улсын төв Нийслэл Хүрээ болгон Монгол улсыг байгуулж, дэлгэр их ёслолыг явуулав” хэмээжээ.

Ийнхүү Богд гэгээн Монгол Улсын эзэн хаанаар өргөмжлөгдөн буулгасан анхны зарлигаараа Монгол Улсын засгийн газрыг 5 яамтай байгуулж, тулгар төр байгуулах хэрэгт үнэнхүү сэтгэлээр зүтгэсэн Да лам Цэрэнчимэдийг Дотоод яамны тэргүүн сайдаар, чин ван Ханддоржыг Гадаад яамны тэргүүн сайдаар, гүн Намсрайг Шүүх таслах яамны тэргүүн сайдаар, бэйс Гомбосүрэнг Цэргийн яамны тэргүүн сайдаар, түшээ гүн Чагдаржавыг Сангийн яамны тэргүүн сайдаар тус тус тохоон тавьж, 70 -80 настан бүрд 3 лан, 80-90 настан бүрд 6 лан, 90-100 настан бүрд 9 лангийн хишиг хүртээж байжээ.

Жавзандамба хутагтын тухай товч өгүүлэх нь
VIII Богд Жавзандамба хутагт 1869 онд Далай ламын санхүүч чинээлэг түшмэл Гончигцэрэнгийн хүү болон төржээ. Түүнийг таван настай байхад нь тодpуулан Хүpээнд залж иpснээс хойш хүүгийн бүхий л амьдpал Монголын түүхтэй холбогдсон аж. Богдод багаас нь төвд, монгол хэл бичиг зааж, улмаар шашны болон дорно дахины ёс заншлыг зааж сургасан байна.

Богд гэгээн монголчуудын шашны тэргүүний хувьд хэнээс ч хараат бус амьдрал анхнаасаа л зохиож, бие даан шийдвэр гаргах чадвар төгс болсон байна. Тиймээс залуу насандаа орос, хятад болон гадаадын худалдаачдын авчирсан үнэт зүйлсээс гар татахгүй авч, сүүлдээ европ, америкт дөнгөж худалдаанд гарсан машин, мотоцикл хүртэл хэд хэдийг авч Монголын талд хурдлуулж байсан ажээ.

Тун удалгүй Богд Сэцэн хан аймгийн Жонон ван Цогбадрахын хошууны Цэндийн охин Дондогдуламтай эхлээд нууцаар ханилж байгаад ХХ зууны эхээр гэрлэж, Цагаан дара, эх дагина хэмээн өргөмжлүүлсэн байна.

Богд Жавзандамба хутагт хаан сэpгээн мандуулсан Монголын төpийн тусгааp тогтнолдоо нийт монголчуудыг хамpуулахыг зоpьж байжээ. Иймээс Богд хааны зарлигаар Дотоод, гадаад олон монголчуудад нэгдэж, нэгэн улс гэрээ төвхнүүлэхийг уриалж Өвөр Монголын 49 хошууны 38 нь Монгол улсад дагаар орохоо илэрхийлсэн байдаг ажээ.

Ийнхүү тусгаар тогтнолоо зарлан тунхагласан Монгол улс VIII Богд Жавзандамбыг хичээл зүтгэлээр манжийн дарлалаас чөлөөлөгдөж, хамгийн үнэт баялаг болох газар нутаг, ард түмнээ аварсан түүхтэй. Алс тэртээ үлдсэн түүхэн цаг хугацаа 100 жилийн дараа үнэ цэнээ олж сөхөгдөхийн учир энэ. Тиймээс алдарт найрагчийн бичсэнчлэн Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би… хэмээн агуу түүхийн өчүүхэн хэсгээ өндөрлөе.

Ж.Хулан


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.