Гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан гэх З.Пагмажавын ялыг хэвээр үлдээв

5ughg9ap67p5lo7v79di60e29qУИХ-ын гишүүн асан М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажавт оноосон ялыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хэвээр үлдээлээ. З.Пагмажав нь УИХ-ын гишүүн М.Батчимэгийг ҮАБЗ-ийн дэргэдэх Стратеги судалгааны төвийн хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээчээр ажиллах үеэс хамт ажиллаж, хэрэгт холбогдон шалгагдах хүртлээ түүний зөвлөхөөр ажиллаж байв.

Анхан болон давж заалдах шатны шүүх З.Пагмажавыг гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял оногдуулсан байсан юм. Харин шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр буюу өчигдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг ийнхүү хэвээр үлдээлээ.

З.ПАГМАЖАВ ГЭЖ ХЭН БЭ?

Тэрбээр Увс аймгийн харъяат, 1984-1994 онд Улаангом хотын 10 жилийн 2-р сургуулийг дүүргэсэн. 1995-1999 онд МУБИС-ийн Дорно дахины тэнхимийн хятад хэлний факультетийг хятад хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгссөн байна.

1999 оноос Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Стратегийн судалгааны хүрээлэнгийн Олон улсын аюулгүй байдал судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, шинжээч, судлаач, төвийн даргын алба хашиж ирсэн.

2000-2001 онд Тайванийн Улс төрийн их сургуулийн Зүүн Ази судлалын хүрээлэнд мэргэжил дээшлүүлжээ. Харин 2005-2008 онд Бээжингийн Ардын их сургуулийн Олон улсын харилцааны сургууль, Олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан байна.

…..

М.Батчимэг гишүүн асны хувьд БНХАУ-ын Бээжингийн хэл, соёлын их сургуулийг Хятад хэл, түүх, соёл судлаач мэргэжлээр, Тайванийн Улстөрийн их сургуулийг Улс төр судлалын магистрантураар дүүргэсэн байдаг. Тэрбээр Батлан хамгаалах яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд судлаач, ахлах судлаач, Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч, 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажилласан нэгэн.


АРВАН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах

1.Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Нийгмийн толь


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.