Хятадуудад эх орноо “май” гээд өгчихлөө шүү дээ

Арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо. Мөн энэ өдөр бөхийн барилдаан болох ч цол олгохгүй байхаар болж батлагдлаа. Түүнчлэн баярын нэрийг “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр” болгон тэмдэглэж байхаар хуульчилсан байна.
Энхүү мэдээг хэвлэлээс уншсаны дараа ямар том алдааг гаргаж буй сануулах хэрэгтэй юм байна гэж шийдээд үүнийг бичллээ. Аливаа түүх гэдэг бол шалтгаантай түүнээс үүсэн бий болсон үр дүнтэй байдаг. Өөрөөр хэлбэл үйлдэл бүхэн л шалтгаантай. Шалтгаангүйгээр юу ч бий болохгүй, юу ч үүсэхгүй.
Аливаа үндэстэн бүр л өөрийн улсын тусгаар тогтнолыг юунаас ч илүүд үзэн хамгаалж ирсэн түүхийг бид сонсож байсан. Тусгаар тогтнол гэдэг бол хэнээс ч юунаас ч хамааралгүй, аюулгүй аж төрөн амьдрах л явдал. Үүний төлөө улс үндэстнээрээ урсах цус, эрдэнэт амиа ч үл хайрлан тэмцдэг. Ийм л тэмцлээр хүн төрөлхтний түүх баялаг.
Монгол улс 220 жил Азийн нүүдэлчин Манж Чин улсын харъяанд байсан юм. Бидний урд хөрш БНХАУ ч мөн адил. Үүнийг бид колончлол гэж нэрлэх үү гэдэг асуулт гарна. Монголчуудыг боолчилж байсан уу?
АНУ тусгаар тогтнолын өдрөө долоодугаар сарын 4-ны өдөр үндэстнээрээ тэмдэглэдэг. Энэ өдөр тэдний хувьд баярын өдөр. Америкчууд Английн колончлолоос чөлөөлөгдсөн өдөр. Махатма Ганди Энэтхэг орныг Английн колончлолоос чөлөөлөх ариун тэмцлийг ялалтанд хүргэсэн он бол 1947 оны наймдугаар сарын 15. Тиймээс энэ өдрийг Энэтхэг орон даяар тусгаар тогтнолын өдөр болгон тэмдэглэдэг.
Тэгвэл Монголчууд өөрийн тусгаар тогтнолын өдрөө хэзээ гэж тогтох юм бэ гэсэн асуулт өнөөдөр ч тавигдсаар байна. 1911 оны 12-р сарын 29-ны Богд хаанаа суудалд нь залсан өдрөөр үү эсвэл 1921 оны 07-р сарын 11 буюу АЖЦ Нийслэл хүрээнд орж ирсэн өдрөөр үү. Эсвэл 1924 оны 11-р сарын 26-н буюу Анхны Үндсэн Хуулиа баталж БНУ-аа тунхагласан өдрөөр үү?

1945 оны 10-р сарын 20 буюу өөрийн улсын тусгаар тогтнолыг бүх нийтээрээ 100 хувиар дэмжсэн санал хураалтын өдрөөр үү. Аль өдөр нь Монголын тусгаар тогтнолын өдөр юм бэ? Бүгд л монгол улс өндийж ирэх түүхэн үйл явдлууд өрнөсөн.
Дэлхий дээр олон улс орнууд тусгаар тогтнолын өдөргүй. Гэхдээ үндэстний баярын өдрүүдтэй байдаг. Үүнтэй адил тусгаар тогтнолын өдөргүй байж болдоггүй юм уу? Харин бусдын харъяанд биш, өөрийн улс орноо өөрсдөө удирдан аж төрж буйн илэрхийлэл болгож “Цагаан сар”, “Наадам”-аа хийгээд байж болохгүй юм уу? Заавал тусгаар тогтнолын өдөр гэж тусгайлан тэмдэглэх гээд байгаа юмуу? Бас тэр өдөр амармаар байгаа юм уу?
Тусгаар тогтнолд дургүй дээ үүнийг бичээгүй шүү. Үнэхээр л монголчууд тусгаар тогнолынхоо тухай ярих гэж байгаа бол нилээн нухацтай хандах хэрэгтэй. Хэдэн сарын хэдний өдөр бид тэгээд Манжийн харъяаллаас гарсан бэ? Хятадаас биш шүү. Ямар ч байсан 12-р сарын 29-н бол тусгаар тогтнолын өдөр биш. Энэ бол зөвхөн Богд хааныгаа хаан ширээнд нь залсан л өдөр шүү дээ. Яагаад үүнийг үгүйсгээд, зөвшөөрөхгүй байна вэ гэхээр. Хэрэв бид 12-р сарын 29-нд гэж үзэх юм бол бид хятадын дарлалаас гарчихсан болно. Яагаад гэвэл Хятад Манжийн дарлалаас гарсанаа 1911 оны 10-р сарын 10-нд хэмээн зарладаг. Энэхүү 10-р сарын 10-ны өдөр бол Манж Чин улсын дарлалаас гарах тэмцэл эхэлсэн өдөр. Харин Манж Чин улсаас бүрэн гарч БНХАУ-ыг зарласан өдөр бол 1912 оны нэгдүгээр сарын 1-нд байгуулагдсан./1912-1949 оны хоорон дахь Хятадын Републикийг ярьж байна/
Тухайн үед Хятадууд өөрсдийгөө Манж Чин улсын хууль ёсны залгамжлагч хэмээн зарласан. Энэ нь улс төрийнхөө хувьд Хятадуудад ашигтай байсан. Яагаад гэвэл монгол, түвд, тайван, солонгос болон зүүн өмнөд азид өөрийгөө нөлөөгөө алдахгүй “гол тоглогчийн байр сууриа” хадгалах геополитиктай холбоотой. Тиймээс л Хятад Монголыг “хууль бусаар тусгаарлагдсан манай газар нутаг” хэмээн ярьж, бичдэг юм.
Яг түүхийг үзээд, судлахад Монголчууд Манж Чин улсаас салж, тусгаар Монгол улсыг байгуулах санаа бол 1911 оны зун гарсан гэдэг. Бүр нарийн хэлвэл 1911 оны 07-р сарын 16 нд Богд хаанд мандал өргөх ёслол нэрийдлээр монголын өнцөг булан бүрээс ирсэн нөлөөтэй ноёд, лам нар уулзан тухайн үеийн нийгэм, улс төрийн нөхцөл байдлыг дүгнээд өөрийн улсаа байгуулж, Богдоо хаан ширээнд өргөмжлөхөө тохирч ажилдаа орсныг түүхээс үзэж болно.
Тэгхээр 12-р сарын 29-ны үйл явдал бол зөвхөн л Богд хаанаа ширээнд залсан ёслол  байсан бөгөөд үүний эхлэл нь зун байсан юм. Үүгээр юуг харуулах гээд байна вэ гэхээр бид Хятадуудаас түрүүлж тусгаар тогтнолын тэмцлээ эхлүүлсэн шүү. Тиймээс бид Хятадаас биш Манжаас салсан. Хятадын харъяанд бид Манжийн харъяанд байсан шүү гэдгийг сануулах явдал. Үнэхээр Монголчууд ингээд 12-р сарын 29-нөө “Тусгаар тогтнолы өдөр” болгочихож байгаа бол Хятадаас л салсан гэдгийг зөвшөөрчихлөө гэсэн үг. Энэ бол хятадуудад маш ашигтай.
Долоодугаар сарын 16-ны Тусгаар тогтнолын тэмцлийн эхлэл гэж үзэх юм бол монголчуудад түүхийнхээ хувьд ч, улс төрийнхөө хувьд ч маш их ач холбогдолтой. Иймэрхүү улс төрийн, геополитикийн ач холбогдолтой зүйлийг манай улс төрчид яаран шийдчихэж байгаа нь харамсалтай байна. Үүнийг санаачилсан гишүүд өнөөдрийн ард түмний өмнө баатрын дүрээр баяртай харагдсан. Яагаад гэвэл бид Хятадуудад өөрсдийгөө “май” гээд бэлэглэчихлээ. Энэхүү хууль батлагдсан өдөр “хятадын баярын өдөр”
Эцэст нь юу хэлэх вэ гэхээр “Монголчууд бид үеийн үед л өөрийн төрт улсаа байгуулж чөлөөтэй амьдарч ирсэн. Тиймээс Монголчууд бидэнд тусгаар тогтнолын өдөр зайлшгүй байх ёсгүй. Манж Чин улсын нөлөөнд байсан. Гэхдээ бид Англичууд Энэтхэгийг, Англичууд Америкийг боолчилсон шиг тэгж хандсан билүү. Тэгээд ч өнөөдөр Манж Чин улс оршин тогтнохоо больж, түүх болсон. АНУ, Энэтхэг бол тэмдэглэж болно. Англи улс мөхөөгүй байна.
Бид тусгаар тогтнолын өдөр тэмдэглэх “жижигхэн” үндэстэн биш бас “жижигэрдэг” хүмүүс ч биш. Европын олон орон тусгаар тогтнолын албан ёсны өдөргүй. Яагаад гэвэл тэд хэнд ч эзлэгдэж байгаагүй гэдэг. Бид бол үеийн үед өөрийн төр улсаа байгуулж, тал нутагдаа эзэн хүний ёсоор л амьдарч ирсэн. Монголчууд бид хавар нь Цагаан сараа тэмдэглээд, зун нь эрийн гурван наадмаа хийгээд яваад байж болно шүү дээ. Энэ бол монгол үндэстэн, монгол улс тусгаар оршиж буй илэрхийлэл, баталгаа байх ёстой. Тиймээс УИХ- буруу шийдвэрээ буцаах ёстой юм.
Б.Гансүх


URL:

Сэтгэгдэл бичих