Д.Мөнхчулуун: Агаарын хилийн боомтоор зорчигч шалгаж нэвтрүүлсний 70 жилийн ой болно

712-154742332623828851_1508448122585042_600713122_oХилийн 0218 дугаар ангийн захирагч, Буянт-Ухаа дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтын дарга, хурандаа Д.Мөнхчулууныг “Монгол Улсын төлөө” булангийн зочноор урилаа.

-Буянт-Ухаа дахь хилийн шалган нэвтрүүлэх боомт яг ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ. Энэ жил 70 жилийн ой нь тохиож байгаа юм байна?
-Буянт-Ухаа дахь хилийн шалган нэвтрүүлэх боомт нь Монгол Улсын агаарын замаар Монгол Улсад зорчиж байгаа буюу Монголоос гадаад руу зорчиж байгаа иргэдийг шалган нэвтрүүлдэг хамгийн том цэг. Өнгөрсөн онд 1.1 сая орчим зорчигчийг улсын хилээр шалган нэвтрүүлсэн нь хамгийн их тоо болж байгаа юм. Харин 2017 онд 980 мянган зорчигчийг нэвтрүүлсэн байна. Мөн Монгол Улсын гадаад бодлогод том өөрчлөлт орж байгаа гэж ойлгож байгаа. Өнгөрсөн жил манай улсад ирж, явсан буюу Монгол Улстай улс төр, эдийн засгийн талаар холбогдож байгаа дэлхийн 182 орны зорчигч зорчсон гэсэн үг. Үүнээс харахад хилийн шалган нэвтрүүлэх боомтын үйл ажиллагаа өргөжин тэлж байгаагийн тодорхой жишээ энэ юм.
1949 оны арваннэгдүгээр сард Дотоод явдлын сайдын тушаа­лаар зохиолч Наваансүрэн гуай­гаар ахлуулсан гурван хүний бүрэл­дэ­хүүнтэйгээр анх удаа агаарын хилээр зорчсон зорчигчийгшалгаж нэвтрүүлдэг болсны 70 жилийн ой энэ жил тохиож байгаа. 1949 оноос хойш 28 сая орчим зорчигчийг иргэний агаарын салбараар улсын болон олон улсын чиглэлд нисгэсэн байна. 1949-1960-аад оны дундуур зөвхөн хоёр хөрш орны зорчигчдыг шалган нэвтрүүлж байсан түүх баримтууд бий. 1960-аад оны дундаас эхлээд социалист орнуудтай харилцаагаа тэлсэн нь статистик тоогоор харагддаг. Улсын хилээр жилд нэвтэрсэн орнуудын тоо эрс өссөн. Энэ бол Монгол Улсын гадаад харилцаа, Монгол Улсыг зорих гадныхны сонирхол нэмэгдсэн баримт байдаг. Буянт-Ухаа боомтод ганцхан хил хамгаалах байгууллага ажилладаггүй. Гааль, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн харьяатын байгууллага ажилладаг. Хуулиар хяналт шалгалт явуулдаг хил, гааль, мэргэжлийн хяналт гэсэн байгууллага. Гадаадын иргэн харьяатын байгууллага нь зөвхөн гадаадын иргэнтэй холбоотой зөрчлийг шийдвэрлэх чиг үүрэгтэй ажилладаг.
Төр, засгаас олон арга хэмжээ авлаа. 2017 онд Хилийн тухай хуулийг шинэчлэн баталлаа. Үүгээр Хилийн шалган нэвтрүүлэх алба нь өргөжин тэлж хилийн боомтын аюулгүй байдлыг хангах чиг үүрэг шинээр орж ирсэн.
-Тухайлбал?
-Буянт-Ухаа дахь хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр хилийн бүс дотор онгоцны болон зорчигчдын аюулгүй байдлыг өмнө нь бусад байгууллагатай хамтарч хамгаалдаг байсан. Одоо бол 100 хувь хариуцах чиг үүрэг бидэнд нэмэгдсэн. Зорчигчдын бичиг баримт, тээврийн хэрэгслийг шалгах, хил зөрчигчийг илрүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг байсан бол одоо өргөжин тэлсэн. Төр засгаас авч байгаа хоёр дахь арга хэмжээ нь Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал. Хөшигийн хөндийд шилжиж ирснээр зорчигч, тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх боломж гурав дахин нэмэгдэж байгаа юм. Одоо нэг сая зорчигч нэвтрүүлж байгаа бол тэнд гурван сая хүн нэвтрүүлэхээр болж байгаа. Сая ХХЕГ-ын удирдлага тодорхой арга хэмжээ авч тэнд ажиллах боловсон хүчин, орон тоо, зохион байгуулалтыг бүрэн шинэчилж шийдэж өглөө. Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд бид үйл ажиллагаа явуулж эхэлснээр сүүлийн үеийн техник технологийг ашиглаж чиг үүргээ хэрэгжүүлнэ.
-Тэгвэл Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал нээгдэхэд та бүхэн иж бүрэн тоног төхөөрөмж дээр ажиллах нь ээ?
-Тийм ээ. Бидний нэг анхаарах чухал зүйл гэвэл агаарын тээврийн хөлгүүд. Иргэний агаарын тээврийн чиглэлээр гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байгаатай хол­бог­дуулан өмнө нь бууж байгаагүй олон агаарын хөлөг ирж байна. АСЕМ-ын уулзалтаар дэлхийн олон орны төрийн тэргүүн өөрийн тээврийн хэрэгслээр ирэхэд манайд анх удаа бууж байгаа тээврийн хэрэгслүүд байсан. Тэр бүү хэл анх удаа 200-гаад тонн ачаа тээвэрлэдэг хөлөг буулаа. Судалгаанаас харахад Иргэний нисэхийн салбарт гадаад харилцаа өргөжиж байгаагийн хэрээр манайд ирэх гадны авиа компаниудын нислэг эрс нэмэгдэх төлөвтэй байна. Тиймээс үүнд бэлтгэлтэй байхын тулд бид хүмүүсээ сургаж дадлагажуулах, тэр лабораторийн төвшинд баримт бичгийг шалгах мэргэжилтэн бэлтгэхэд хил хамгаалах байгууллага тодорхой арга хэмжээ авч сургалтуудыг зохион байгуулж байгаа. Сургалтуудыг зөвхөн Монголд биш гадаадад мэргэжлийн хууль сахиулах мэргэжилтэн бэлтгэдэг төвшинд бэлтгэж байна.
-Та өөрийгөө болон хамт олныхоо талаар танилцуулахгүй юу?
-Би энэ боомтын даргаар хоёр дахь удаагаа ажиллаж байна. Хилийн шалган нэвтрүүлэх албанд 30 гаруй жил ажиллаж байгаа. 1979 онд социализмын үед хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтныг Монголдоо бэлтгэсэн мэргэжилтнүүдийн нэг нь би. Манайд ажиллаж байгаа бүрэлдэхүүний тал орчим хувь эмэгтэйчүүд байдаг. Энэ ажилд эмэгтэйчүүдийн нарийн нямбай, байгалиас заяасан мэдрэмжийг ашиглахад давуу талтай байдаг. Тиймээс хил хамгаалах байгууллага шалган нэвтрүүлэх албанд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийг бэлтгээд шалган нэвтрүүлэх албанд ажиллахад түлхүү анхаардаг.
-Тухайлбал ямар зөрчил их гарч байна вэ?
-Сүүлийн 2-3 жилд манай иргэд бусдын баримт бичиг ашиглаж улсын хилээр нэвтрэх, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр буцаж ирдэг. Тиймээс улсын хил нэвтрэх ямар ч бичиг баримтгүй иргэдийг бид заавал хуулийн байгууллагад өгч шалгуулах болдог. Энэ тохиолдолд Хилийн тухай хуульд заасны дагуу хилийн зөрчил гэж үзэн хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх болдог. Хоёрдугаарт, манай иргэд гэнэт гадаад руу явах шийдвэр гаргадаг. Тэгээд хил дээр ирээд шалгуулахад паспортынх нь хүчинтэй хугацаа дууссан байдаг. Энэ нь хувь хүнд эдийн засгийн хохиролтой. Хэрэв явж чадахгүй бол тасалбарынх нь тодорхой хувийг суутгадаг. Манай шалган нэвтрүүлэх албанд хяналтын техник хэрэгсэл өндөр төвшинд хөгжсөн болохоор бичиг баримтын ямар ч зөрчлийг илрүүлэх бүрэн боломжтой. Мөн манай ажилтнууд дадлага туршлагатай болсон.
-Мэдээж тулгамдаж байгаа асуудал байгаа байх?
-Бидэнд тулгамдаж байгаа асуудал бий. Ажилтнуудынхаа хэлний мэдлэгийг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Олон орны зорчигч нэвтэрч байгаа энэ үед зөвхөн англи, орос, хятад хэлтэй бол хилийн шалган нэвтрүүлэх албаны үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй болж ирсэн. Ямар ч англи, орос, хятад, монгол хэл мэдэхгүй хүмүүс бидэнтэй харьцаж байна. Тэднийг Монгол Улсын хууль дүрмийн дагуу шалгаж нэвтрүүлэхэд өөрийнх нь мэддэг хэлээр харьцах шаардлага гарч байна. Хоёрдугаарт, хил хамгаалах байгууллага энэ онд ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ гэсэн зорилт тавьсан. Манайд ихэвчлэн 35-аас доош насны залуус ажиллаж байна. Энэ залуусын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хил хамгаалах байгууллага тодорхой арга хэмжээ авч байгаа ч Хөшигийн хөндийд албан үүрэг гүйцэтгэхэд тэнд нэг ч ажилтны байр алга. Хол газар явж ирсээр байтал өдрийн тал болох жишээтэй. Ийм нөхцөлд аль болох ажлын байрандаа ойрхон гэр оронтой байх нь чухал. Боомтын аюулгүй байдлыг хангахаар хуулиар хүлээсэн тодорхой чиг үүрэгтэй байгууллагын хувьд ажилтнууд маань аль болох ажлын байрандаа ойр байх нь цаашид Үндэсний аюулгүй байдлыг хангахад их дөхөм болно. Энэ талаар төр, засагтаа санал хүсэлтээ тавьсан. Үүнийг шийдэхгүй бол болохгүй юм болов уу гэж бодож байна.
P.Оюун
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.