ӨНӨӨДӨР 20 ГАРУЙ ХҮН АМИА АЛДСАН ХАР ӨДӨР

olloo_mn_1547429732_conteТэртээ 2001 оны төмөр могой жилийн нэгдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Иргэний агаарын тээврийн МИ-8 нисдэг тэрэг осолдож, 20 гаруй хүний амь нас үрэгдсэн.
Энэ харамсалтай осол болоод 18 жил өнгөрчээ. Монгол Улсын хувьд үхэл хагацал нүүрлэсэн хар бараан өдөр байв. 20 гаруй хүний эрдэнэт амийг авч одсон эдгээр ослоор амиа алдсан хүмүүсийн хохирлыг хэрхэв, хэн ямар хариуцлага хүлээв, ослын үнэн бодит шалтгаан юу байв, эдгээр хэргүүд хэрхэн шийдэгдэв гээд ар араасаа цуврах асуулт олон байсан ч өнөөдөр бүр мартагджээ. Тухайн үедээ хэрэг шалгагдаж шийдэгдсэн, байгалийн гамшгийн буруу болоод өнгөрсөн байгаа юм. Тэгвэл хэргийг нэхэн санъя.

Увс аймгийн Малчин сумын нутаг Хайрханы аманд юу болов

2001 оны төмөр могой жилийн нэгдүгээр сарын 12-ний өдөр буюу баасан гарагийн өглөө МИ-8 нисдэг тэрэг Увс аймгийг зорин хөөрлөө.

Нислэгийн багт НҮБ-аас ирсэн гамшгийн үнэлгээ хийх багийнхан болон УИХ-ын гишүүн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэг нарын хүмүүс багтаж явсан юм. Тэд ажлаа амжуулчихвал бямба гарагийн орой эргээд ирнэ хэмээн төлөвлөж байжээ. Гэвч тэд гэр бүлийнхэндээ эргэж ирэлгүйгээр үүрд явсан юм.

Багийнхан нэгдүгээр сарын 14-ний өглөө Улаангомоос хөөрч Увс аймгийн Малчин сумаас зүүн урагш 15 км-ийн зайд далайн түвшнээс дээш 2275 метрийн өндөрт орших Баянхайрхан уулын энгэр, Хайрханы ам гэдэг газар малчин Зандангийн өвөлжөөнд буухыг оролдов.

Харамсалтай нь харагдах  үзэгдэх орчин муу байснаас үүдэн нисгэгч буухаар товлосон газраасаа 60-аад метр хазайжээ. Үүний улмаас нисдэг тэрэгний газардалт амжилтгүй болж осолдсон гэдэг.

Ослоор  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн Шагдарын Отгонбилэг, НҮБ-ын Хүн амын сангийн Хөтөлбөрийн ажилтан Батчулууны Баярмаа, “Гамма” агентлагийн гэрэл зурагчин Цэвэгмэдийн Батзориг, нисдэг тэрэгний техникч Дашдаваагийн Отгон, Герман Улсын иргэн, НҮБ-ын Гамшгийн үнэлгээ зохицуулалтын (UNDAC) багийн ахлагч, Ази Номхон далайн бүсийн гамшгийн эсрэг арга хэмжээг зохицуулах салбарын удирдагч Сабин Мецнер-Страк, Их Британийн Нэгдсэн Вант Улсын иргэн, НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын (UNDAC)  багийн  гишүүн, Жерси мужийн төлөвлөлт, байгаль орчны газрын Үйлчилгээний хэлтсийн захирал Жерард Ле Клэйр, АНУ-ын иргэн,  НҮБ-ын Хүүхдийн сангийн Хөтөлбөрийн ажилтан Матью Гирвин, Япон улсын иргэн, NHK ТВ-ийн сэтгүүлч Такахиро Като, Япон улсын иргэн, NHK ТВ- ийн зураглаач Минору Масаки нар амиа алдсан юм.

Тэдэнд зориулж хөшөө босгов 

Тэр ондоо зургадугаар сарын 21-ний өдөр осол болсон газраас холгүй орших дэнж дээр 2.5 метр өндөр гантиг хөшөө босголоо. Хөшөөн дээр “Энд 2001 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр хүмүүнлэгийн үйлс тээж явсан хүмүүс эндсэн. Тэднийгээ мөнхөд дурсан санацгаая” гэсэн үгс бичжээ. Мөн ослоор амь үрэгдсэн есөн хүний нэрийг мөнхөлжээ.

Харин Увс аймгийн Малчин, Зүүнговь, Хяргас сумынханд эмнэлгийн тусламж үзүүлэх Б.Баярмаагаар овоглосон “Баярмаа сан” байгуулагдав. Мөн Ш.Отгонбилэг агсны дурсгалд зориулсан гэрэлт хөшөө Эрдэнэт хотод боссон юм.
НҮБ-ын шинжээчдийн багт яваад амиа алдсан Жерард Ле Клейрын гэргий Сара болон түүний андууд гэгээн дурсгалыг нь мөнхлөн хөшөө босгож  “Байгаль хамгаалах сан” байгууллаа. Тэд 10 дугаар сарын 15-нд сангийнхаа үйл ажиллагааг албан ёсоор нээжээ.

2002 оны нэгдүгээр сарын 14. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь салбарын байранд тус байгууллагын ажилтнууд амь үрэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэж Увс аймгийн Малчин суманд босгосон дурсгалын гантиг хөшөөний нээлтийн үеэр хийсэн баримтат киног үзүүллээ.

Энэхүү харамсалтай ослоос хойш Ми-8 нисдэг тэрэгний осол дахин гарч 2007 оны зун Сэлэнгэ аймгийн Мандал суманд ой хээрийн түймэр унтраахаар явсан онцгой алба хаагч, олон аавын хөвгүүн амь насаа алдсан харамсалтай осол хар тэмдэг болж үлдсэн.

Түүний дараа ч мөн нисдэг тэрэгний хэд хэдэн ноцтой осол гарч эрдэнэт хүмүүс амиа алдсан байдаг.

Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.