Тодорхойгүй байдал тэлснээр бизнесийн таамаг хумигдлаа

H_Ay2ykrVСанхүүгийн жил эхэлж, сараар хэмжигддэг бизнесийн мөчлөгт шинэ хуудас нээгдлээ. Бизнесийн орчны эд анги болсон аж ахуйн нэгж, компани бүр өөр өөрийн, өнгө өнгийн төсвөө хэмжиж, энэ оны тайлан төлөвлөгөөгөө баталж байна. Томоохон компаниудын энэ оны төлөвлөгөөг сөхвөл дийлэнх нь эрсдэлээс дайжиж, зардлаа танах замын зураглал боловсруулжээ.

Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй компани болох Apple сүүлийн 20 орчим жилд анх удаа орлогын төлөвөө бууруулж, хөрөнгө оруулагчдыг хэсэг цочирдууллаа. Тус компанийн 2018 оны хүлээгдэж буй орлогын хэмжээ нь таван тэрбум ам.доллараар буурч, 84 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн аpple-ийн гүйцэтгэх захирал Тим Кук урамгүйхэн мэдэгдэв. Тус компанийн санхүүгийн үзүүлэлтүүд уналт дагуулж мэдэхээр болсон тул Тим Кук урьдаас сэрэмжлүүлж, урамгүй тоонуудад бэлэн байхыг сануулж буй нь энэ.

Ийнхүү дэлхийн хамгийн өрсөлдөх чадвартай компаниудын нэг уналтын дохио хангинуулж эхлэхтэй зэрэгцээд технологийн бизнесүүд ч сайнгүй мэдээг ар араасаа дуулгалаа. БНХАУ-ын технологийн тэргүүлэгчдийн нэг Alibaba компанийн борлуулалт өмнөх тооцооноосоо дутаж, саарах төлөвтэйг тус компани оны өмнөхөн мэдэгдсэн юм.

Сүүлийн 10 гаруй жилд хэдэн мянгаар хэмжигдсэн хувьцааны ханшийн өсөлт авчирч, хөрөнгө оруулагчдыг муу занд сургасан эдгээр компани уналтын тухай ярьж эхэлсэн нь үнэт цаасны зах зээлийг ч доргиогоод байна. Уг нь Apple-ийн хувьцааны ханш анхны үнэ цэнээсээ 46 мянган хувиар өссөн бол Alibaba компанийн үнэт цаасны ханш 11 мянган хувиар нэмэгдээд байсан юм.

Технологийн томчуудтай зэрэгцээд автомашины аварга үйлдвэрлэгчид ч зардлаа танахаа зарлаад байна. АНУ-ын автомашин үйлдвэрлэгч Ford Motor компани зардлаа танах төсөл боловсруулсан бол Jaguar шинэчлэл нэрийн дор ажиллах хүчнийхээ 10 хувийг цомхотгохоо албан ёсоор мэдэгдлээ.

Уналтын улаан гэрлээ асаачихсан компаниудын жагсаалтад тансаг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид жин дарж байна. Тухайлбал, орлогын таамаг буурах нь гарцаагүй болсон компаниудад Louis Vuitton, Tiffany.Co багтаж буй бол зардлаа танагсдын жагсаалт Blackrock, Morgan Stanley, United Technologie-гээр улам өргөжсөөр.

Сүүлийн 10 жил дэлхийн том компаниудын өсөлтийн төв цэг байсан БНХАУ-ын хэрэглэгчид зарцуулалтаа танаж эхэлсэн нь бизнесийн элитүүдийг шил шилээ даран санхүүгийн төлөвөө танахад хүргэжээ. Олон улсын том компаниудад АНУ, БНХАУ-ын худалдааны дайн, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашрал зэрэг улс төр, геополитикийн шинжтэй тодорхойгүй байдал эрсдэл дагуулж байна. Дэлхийн бизнес эрхлэгчид өсөлттэй, өөдрөг төлөвөө эргэн харж, санхүүгийн тайландаа тодотгол хийж буй энэ үед манай бизнесийн орчинд ч тодорхойгүй төлөв, бүүдгэр хүлээлт давамгайлсаар.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “2019 онд бизнесийн орчин өндөр эрсдэлтэй байх төлөвтэй. Дэлхийн зах зээлээс илүү дотоодын улс төрийн хямрал бизнесийн орчныг хөндөх вий гэж санаа зовниж байна” хэмээн хариуллаа. Ер нь бизнесийн орчны хүлээгдэж буй болон гэнэтийн эрсдэл нэмэгдэж байгаа аж. Тиймээс арилжааны банкууд хүртэл харилцагчаа хамгаалах бодлогоо эрчимжүүлээд байна. “Бизнес эрхлэгчдийн хүлээлт тогтворгүй байна. 2019 он дэлхийн эдийн засгийн хямралын өмнөх хүндхэн жил болох уу, эсвэл өндөр өсөлттэй жил байх уу гэдэгт хувийн хэвшил гайхчихсан сууж байна.

Арилжааны банкууд харилцагчийг хамгаалах бодлогоо эрчимжүүлж байна. “Хас” банк гэхэд ам.долларын зээл авсан иргэдээ төгрөг рүү хөрвүүлэхийг зөвлөж байгаа” хэмээн “Хас” банкны ерөнхий эдийн засагч С.Болд хэлж байсан.

Тэгвэл “Голомт” банк бизнес эрхлэгчдийг дэмжиж, харилцагчаа хамгаалахын тулд санхүүгийн зах зээлийн судалгаа, шинжилгээний нэгж байгуулж, улирал тутам макро эдийн засгийн тойм мэдээлэл бэлтгэн хүргэж байгаа аж.

Монголын уул уурхайн бус салбарын нэрийн хуудас болсон “Говь” компанийн ТУЗ-ийн дарга Д.Гэрэлмаа “Ирээдүйг таамаглахад амаргүй болж байна. Мөнгөний бодлого харьцангуй тодорхой орчин руу шилжсэн. Харин төсөв хэт өөдрөг, улс төрийн орчин тодорхойгүй байгаа нь үйлдвэрлэгчдэд учрах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Хэдийгээр манай компани гадаад зах зээлд экспорт хийж, валют олдог ч олсон орлого маань бизнес төлөвлөгөөний зорилго зорилтыг биелүүлэх эсэх нь тодорхой бус байна” гэв.

Өнгөрсөн онд Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа арилжсан “Монголбазальт” компанийн үүсгэн байгуулагч Л.Ариунболд ирэх оны борлуулалтын төлөвөө өөдрөгөөр харж буйгаа хэлсэн бол нүүрсний салбарын “Өсөх зоос” компанийн гүйцэтгэх захирал Ч.Мөнхбат “2019 оны олборлолтын төлөвлөгөөгөө зургаан сая тонноор батлуулсан. Нүүрсний үнэ 2020 он хүртэл огцом буурах төлөв ажиглагдахгүй байгаа учраас экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн” хэмээн ярилаа.

“2019 онд ам.долларын ханш өсөж магадгүй нь бидэнд дарамт болж мэднэ. Сар шинийн баярын дараа ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид түүхий эдээ бэлтгэж эхэлдэг. Гэхдээ энэ онд түүхий эдийн үнийн өрсөлдөөн ширүүсэхээр байна. Бид энэ онд бусад жижиг үйлдвэртэй хамтран нэхмэлийн чиглэлээр гадаад зах зээлээ тэлэхээр төлөвлөж байна” хэмээн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Блю скай кашимер” компанийн үйлдвэр, удирдлага хариуцсан захирал Л.Одгэрэл мэдээлсэн юм.

• “ЛэндМН” ББСБ өнгөрсөн сарын 31-нд ТУЗ-ийн хурлаа хийж, “Богд” банкнаас хоёр жилийн хугацаатай хоёр тэрбум төгрөгийн зээл авах шийдвэр гаргажээ.

• Улс төрөөс үүдсэн дотоодын тодорхойгүй байдал үндэсний бизнес эрхлэгчид ирээдүйгээ зураглаж, урьдаас таамаглахад улам бэрх болгож байна.

• Тиймээс ч хувийн хэвшил төдийгүй бизнес эрхлэгчидтэй гар нийлдэг арилжааны банк хүртэл тодорхой бус байдалд дасан зохицож, энэ оныг эрвийх дэврийхээрээ давах зорилт дэвшүүлчихээд байгаа аж.

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй цөөн хэдэн компани 2019 онтой уралдан ТУЗ-ийн хурлаа хийж, зарим өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, “ЛэндМН” ББСБ өнгөрсөн сарын 31-нд ТУЗ-ийн хурлаа хийж, “Богд” банкнаас хоёр жилийн хугацаатай хоёр тэрбум төгрөгийн зээл авах шийдвэр гаргасан байна.

Улс төрөөс үүдсэн дотоодын тодорхойгүй байдал үндэсний бизнес эрхлэгчид ирээдүйгээ зураглаж, урьдаас таамаглахад улам бэрх болгож байна. Тиймээс ч бизнес эрхлэгчидтэй гар нийлдэг арилжааны банкууд хүртэл тодорхой бус байдалд дасан зохицож, эрсдэлд бэлэн байхыг сануулж буй аж. Ер нь дотоодын бизнес эрхлэгчид хамтран ажиллах, бие биедээ зөвлөн туслах зэрэг арга замуудыг ашиглан, энэ оныг эрвийх дэврийхээрээ даван туулахаар зорьж байгаа аж.

Г.Байгал

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих