Б.Цоожчулуунцэцэг: Урагдаж дуусдаггүй сэтгэл /өгүүлэл/

5

Дэд хурандаа Галт хотын захиргааны бүхий л эрх мэдэлтнүүдийн хаалгыг татаж, газрын албаны түшмэдүүдийн ширээг дэрлэн учир шалтгаанаа тоочоод тоочоод хэн ч хүлээж авсангүй. Түүний үгийг чихээ дэлдийлгэн сонссон олон дарга нар эцэст бүгд л толгойгоо сэгсэрч, зарим нь бүр гунигт түүхийг нь сонсож, ажлынхаа цагийг жаахан ч гэсэн хороосондоо баясаж байгаа нь илт байлаа. Аргаа барсан залуу хаачихаа мэдэхгүй, гудамжныхаа өнцөгт тамхи баагиулан баахан суулаа. Ээжийнх нь ягаан дээлийн хормой хашааны хаалгаар цухайхад тэр гэм хийсэн хүн шиг сандарч байгаагаа мэдрэв. “Яаж гэртээ орноо, дахиад л нөгөөх горьдлого тээсэн нүдийг яаж харнаа” гэж бодохоор түүний нуруунд хүйтэн хөлс чихрах шиг санагдаж, буцаад л алхчихмаар бодогдов. Гэвч олон жилийн хүлээлтэнд дарагдан бөгтийж, бас үс нь цагийн аясаар гандаж цайрсан хөгшин эхийнхээ хүлээлт дээр хүлээлт нэмэх зориг хүрсэнгүй, өөрийн эрхгүй бослоо.
Тэрээр яг л гэм хийсэн хүн шиг чимээгүйхэн хаалгаа татав. Ээж нь хүүгээ хараад чимээгүйхэн инээмсэглэж, чихэр горьдох хүүхэд шиг гарыг нь, харцыг нь дагуулан харах нь өрөвдмөөр. Галт шинэ юм юу ч сонсож, мэдээгүйгээ илтгэн “Өнөөдөр ажил ихтэй байлаа” хэмээн хоолойгоо засаад хувцсаа тайлж эхлэв. Эхийн урам хугарсан нь илт, санаа алдснаа юу ч хэлсэнгүй. Дуугаа хураан дүнсийх ээжийгээ харсан Галт яахаа мэдэхгүй самгардаж сууснаа “Ээж минь ирэх л байлгүй дээ. Амьд байгаа бол таныг санаж л яваа даа” гэснээ чимээгүйхэн болчихлоо. Энэ үгийг анх сонсож байгаа юм шиг Цэвэл хөгшний нүдэнд дахин горьдлогын гал дүрэлзэн асахыг хараад Галт ч овоо тайвширлаа. Сүүлийн 10 гаруй жил хүү ээж хоёрын орой бүр ярьдаг яриа арайхийн дуусахад хэн хэн нь санаа алдахаас өөрийг хэлсэнгүй.
Гэвч Галтын зүрх цээжээ савлан дэлсэж, хэн нэгэнд гомдохдоо бухимдаж бас дөчин жил хүлээсэн эхийнхээ сэтгэлд зангирч байгаа итгэлийн сүүлчийн галыг өөрийн гараар таслахаас айж байлаа.
1960 оны зун. Галтыг төрөө ч үгүй байхад ээж нь цэл залуухан бүсгүй хоёр дахь хүүхдээ төрүүлж, ахынхаа зусланд хүүхдүүдээ салхилуулахаар хэд хоног гарсан юм гэнэлээ. Тэр үед Цэвэл гэртээ гурван хүүхэдтэйгээ л байсан гэнэ. Өөрийнх нь том охин зургаан настай, ахынх нь дөрвөн настай охинтой хамт гадаа байшингийн гадаа тоглож, Цэвэл төрөөд удаа үгүй нялх хүүхдээ унтуулах гэж орон дээр хэвтэж байгаад хэсэгхэн зуур зүүрмэглэчихсэн аж. Сэрээд гараад иртэл гадаа тоглож байсан хоёр охин хоёулаа байдаггүй. Шарга морьтын зуслан дээр хүүхдүүд алга болсон тухай мэдээлэл тэр дороо л цагдаа сэргийлэхэд хүрч, эрэл хайгуул бүтэн сар үргэлжилсэн ч охидыг олсонгүй, ядаж хувцасных нь тасархай ч гарч ирсэнгүй. Эрлийн баг уул самарч, ус гатлаж хайгаад ч тусыг олсонгүй. Төрсөн ах дүүсийн хоёр охин газрын гаваар л орчихсон юм шиг бараа сураггүй алга болсон гэнэ. Мэргэн түргэн, үздэг хардаг бүхэн “Охин чинь амьд байна” гэж хэлцгээнэ. Зарим бүр барин тавин, нэг л өдөр ороод ирэх юм байна гэж итгүүлнэ.
Энэ бол Галтын мэдэх хамгийн аймаар түүх байлаа. Түүнийг ухаан ороход л ээж нь нүд дүүрэн гунигтай байсныг хүү мэднэ. Хорин нэгэн аймаг дамжуулан эрэл сурал болж, мэддэг чаддаг гэсэн бүхнээс охиноо асууж шаналах хөөрхий эх “Ядаж хувцасных нь тасархайг ч гэсэн олчихсон бол” гэсэн гунигт бодлоор өөрийгөө тэжээж, юу ч олдохгүй байгаа юм чинь амьд л байгаа гэсэн битүү хатуу таамгаар голоо зогоож, хүлээлт, цөхөрч нугараагүй итгэл тээж явдгийг тэр сайн ойлгож байлаа. Охиноо олон жил хайсан ч цөхөрч шантарч чаддаггүй ээжийнхээ сэтгэлийг бодож Галт 10-р анги төгсөхдөө “Ээж би цагдаа болно” гэхэд Цэвэл учиргүй баярласан. Сургуулиа төгсөөд түүнийг Эрүүгийн цагдаагийн эрэн сурвалжлах албанд өөрийн хүсэлтээрээ ороход яг л гуч гаруй жилийн өмнө алга болсон охиноо олчихсон юм шиг хөөрч догдолж байсныг Галт эргээд санав. Галт энэ албанд орсныхоо дараа эгч нараа хайж дахиад л аймаг орон нутагруу захиа бичиж, бүр сонин хэвлэлд хүртэл зар гаргасан ч тусыг олсонгүй. Түүнийг орой ажлаасаа орж ирэх бүрт ээж нь яг л чихэр горьдож байгаа хүүхэд шиг гарыг нь, харцыг нь дагуулж харах нь үнэхээр өрөвдмөөр. Хамгийн гол нь Цэвэл хөгшин өдөржингөө хашааныхаа гадаа гараад суучихна. “Миний охин зургаан настай байсан. Ээжийгээ ягаан дээл өмсөхөд дуртай байсан. Таны энэ дээл гоё шүү” гэж хэлдэг байсан. Охин минь хэзээ нэг цагт хүрээд ирнэ. Дэнжийн мянгийн энэ хашааг олоод ирэхээр том болчихсон байсан шүү дээ” хэмээн нулимсаа дуслуулан сууна. Гадаа нохой хуцахад нөгөөх ягаан дээлээ шүүрч аваад л гарна. Зурагт үзээд сууж байснаа “Миний охин яг л ийм хүүхэн болчихсон байгаа даа” гэж сэтгэл урагдтал ярина. Өнгөрсөн дөчин жил хичнээн ч олон мянган цагийг хашааныхаа үүдэнд өнгөрөөж, хичнээн ч олон удаа ягаан дээл хийлгэснийг Галт үнэндээ тооцож гаргаж чадахгүй байлаа. Гэтэл сүүлийн хэдэн сар хашаа нь газарт орсон тухай мэдэгдэл өдөр өнжилгүй ирж, хажуу хавийнх нь айлууд нүүж, шинэ байшингийн суурь ухаж эхэлсэнд Галт учраа олохгүй сандарч эхэллээ. Эээжийнх нь сүүлчийн найдвар энэ хашаанд л байгаа гэдгийг тэр сайн ойлгож байв. Тиймээс нулимс дүүрэн энэ түүхийг ярьж, хашаанаас нь битгий хөөгөөч, энд жаахан ч гэсэн байлгаач гэж олон дарга нарын хаалга сахиж яваад үнэндээ өрөвдөх сэтгэлтэн олдоогүйд тэр аргаа барж эхлэв.
Галт зүрхшээж, зүрхшээж “Ээжээ. Манайх ч эндээс нүүх нь дээ” гэтэл Цэвэл хөгшин хэсэг чимээгүйхэн сууж байснаа “Ээж нь мэдэж байгаа” гэх нь тэр. Үнэндээ энэ үгийг сонсоод ээжийгээ уйлж унжиж, баахан хямарна гэж айж байсан Галт хэлэх үггүй болоод гацчихлаа. Цэвэл хөгшин уртаас урт санаа алдснаа “Ээж нь энэ шинэ барилгын манаачаар ажилд орох гээд тохирчихсон байгаа. Дээл хийлгэх гээд нэг ягаан даавуу авсан. Муу хуучин дээлнүүд маань бүгд хуучирсан байна” гэснээ дуугаа хураав.
Энэ үг Галтыг дахиад л цочоов. Он цаг, зовлон шаналал, хүлээлт ямар ч хүний нас зүс, эдлэж хэрэглэж байгаа эд зүйлийг урж, тасдаж чаддаг ч гэсэн итгэлээр дүүрэн сэтгэлийг урж, тасдаж, гундааж чаддаггүй юм байна гэдгийг тэр зүрхэндээ мэдэрч байлаа. Дөчин жил охиноо хайж, хүлээж суугаа эхийн сэтгэлд сүүмэлзэн ассан итгэл найдварын оч хэзээ ч тасрахгүй гэдгийг Галт сая л ойлгов.


URL:

Сэтгэгдэл бичих