Ардчилалынхны амсуулсан зовлон багадаагүй юм шүү

Хуучин ч сайхан цаг байж дээ гэж өнгөрснөө дурсан ярих  хүмүүсийг харахад тэдэнд шинэ нийгэм тийм ч сайхан байхгүй байгааг төвөггүй ойлгож болно. Тэдэнд яагаад хуучин нь сайхан санагдах болов. Аливаа нийгэмд хувьсгалт өөрчлөлтүүд хийгдэхдээ өмнөхөөс нь сайжруулан шинэчлэх  л гэж хийгддэг болохоос уруудан доройтуулах гэж хийгддэггүйг хүн төрлөхтний олон хувьсгалууд харуулсан байдаг. Ардчилсан хувьсгал болон энэ хувьсгалыг хийгчид монгол орныг өмнө байхаас нь илүү хөгжүүлж, монгол хүнийг өмнөх амьдралаас нь  илүү сайхан амьдруулсан уу. Тэдний уриа нь бүгдээрээ эрх тэгш хангалуун сайхан амьдрах байсан биш билүү.

Харамсалтай нь эсрэгээрээ байж цөөн хэдэн хүмүүст л сайхан амьдрах боломж олдсон байна. Ардчилсан хувьсгалыг монголд хийж, энэ хувьсгалыг толгойлсон хүмүүст л ардчилал үр өгөөжээ өгсөн ньилт мэдрэгдэх юм.  Тэдний хүрээнд л ардчилал гэгч чинь байдаг байж магадгүй. Ээлжлэн төрийн  эрх мэдэлд хүрч, эд хөрөнгөнд хөлбөрч, эрх гэдгээ эдэлж юу дуртайгаа хийж, жинхэнэ хангалуун сайхан амьдарч байгаа. Харин нийт олонхид ардчилсан дарангуйлал  төмөр  нүүрээ бодит төрхтэйгээ харуулж сайхан амьдруулах биш амь голтой үлгэн салган л явуулж өнөөдрийг хүргэж байна. Социализмын үед олсон ололт амжилтан дээрээ тулгуурлан ардчилал босч Монгол орон хөгжин дэвжих ёстой байлаа. Харамсалтай нь хамгийн бат бөх сууриа сүйтгэчихээд дээр нь хэврэг, нүд хуурсан ардчилал босч монгол орон монгол хүнийг басан доромжилсоор л байна.

Социалист монгол орныг Хойд солонгос, Куба улсуудтай адил дэглэмтэй мэтээр адилтган зүйрлэн ярьж, залуу үе ирээдүй хойч нь  дарангуйллын үе мэтээр үзэж, ярих нь ихээхэн өрөвдөлтэй. Тэдний толгойг ардчилагч нэртэй тархи угаагч нар самууртал нь эргүүлээчихэж.  Тэр үед одоогийн олон мянган залуусын  эцэг эх, эмээ өвөө нар нь монгол орныг хөл дээр нь босголцож, монгол хүн  хийж бүтээж, хөдөлмөрлөж, амьдарч чаддаг оюуны асар их чадавхитай ард түмэн шүү гэдгийг харуулсан юм шүү. Монгол хүн ёс суртахуунтай, сахилга баттай байж өсвөр залуу үе баар, пааб,PC-ны газар биш эрдэм номд шамдан биеийн тамираар хичээллэж, өвгөд настанд туслаж, залуу идэр үе гадаад дотоодод суралцаж ажил хөдөлмөрын талбарт гарч монгол хүн гудамжинд биш үйлдвэр зовадад ажиллаж, үр хүүхэд нь хонгил траншейнд амьдарч гуйлга гуйх биш цэцэрлэг яслид явж, аав нар архийг жигшиж ажилыг шүтэж явсан юм шүү. Эцэг эх, эмээ өвөөгөөсөө  нэг асуугаад үзээрэй. Өнөөдөр хотын соёл гудмандаа хог хаяхгүй байхаас эхэлнэ гэж дуучид, жүжигчидээр рекламдуулах нь их болж. Өмнөх нийгэмд  хүүхэд залуучуудын үлгэр дуурайлал нь аав, ээж, ах, дүү нар нь байсан юм. Гудмандаа хог хаягдаггүй, долоо хоног болгон бүх нийтээрээ их цэвэрлэгээ хийдэг байж. Тэр үед Улаанбаатар нийслэл Азийн цагаан дагина гэж дэлхийд гайхагдаж байсан бол өнөөдөр дэлхийд бохирдолтоороо тэргүүлж  утаа, хогонд дарагдсан үнсэн саарал үхмэл утаан  хот болон хувирчээ.

Монгол үндэстний босгосон их бүтээн байгуулалт Ардчилсан хувьсгал хийгчдэд  тэгтлээ их саад тотгор болсон юм гэжүү. Аавуудыг ажилгүй болгож архичин болгох замд нь оруулах хэрэг ардчиллынханд байсан юмуу. Социализмын үеийн хүнд хөнгөн  үйлдвэрүүд ардчилсан гэх нийгэмд  өөрөөр  баймааргүй л юм. Социализмын талх, ардчилалын талхыг үйлдвэрлэдэг үйлдвэр хоёр өөр байсан  хэрэг үү. Монгол хүний барьсан, босгосон, бүтээсэн, хийсэн бүхнийг салхинд хийсгэх ямар учир шалтгаан байв. Өнөөдөр  эргээд түүнийгээ босгох гэж толгой нь хүрэхгүй мунгинацгааж байна. Бидэнд бүх юм байсан харин одоо юу ч алга.

Ардчиллын ололт амжилтыг өнөөдөр юугаар дүгнэх вэ. Авлигачдаар улс орон нь дүүрч авлигийн индексээр дэлхийд тэргүүлснээр нь үү, хангалтгүй ардчилалттай орны тоонд орж байр ухарсаар байгаагаар нь уу, чөлөөт хэвлэлийн амыг хааж өөрсдийн эрх ашигт үйлчлүүлсэнээр нь үү, хүн амынхаа ихэнхийг ядуу гуйлгачин болгосноор нь уу, үр хүүхэд хойч ирээдүйг нь гудамжинд гаргаснаар нь уу, охид бүсгүйчүүдээ амьдрах аргагүй болгож  биеэ үнэлэхээс өөр замгүй болгосноор нь уу, монгол эр хүнийг олноор нь  архинд самууруулснаар нь уу, олон мянган залуусыг харьд ажилчин болгож илгээснээр нь үү, газар шороогоо ухан сэндийчсэнээр нь үү, эрдэс баялгаа зөөн үрэгдүүлснээр нь үү, энэ бүхнээр монголыг сүйрүүлснээр нь дүгнэх үү. Ардчилал гэдэг чинь ийм л ололт амжилттай яваа юм байна. Яасан ч ядмагхан ардчилал гэгч  нь вэ.

Ардчиллынхны яриад байдаг эрх чөлөөг чинь монголын ард түмэн өнөөдөр утаатай уушиг, хоосон ходоодоороо жинтэйхэн  мэдэрч байна даа.

Зарим нэг нь ингэж бичиж байгааг чинь ардчилал өгсөн юм гэх байх. Монгол орон сайн, сайхан байсан тэр үед бол ингэж бичих шаардлага надад байхгүй байсан байх.

Ардчилал нэр дор хахир хатуу дарангуйлал алгуурхнаар цэцэглэж байна. Хуучин нийгмээсээ өдөр ирэх бүр дордсоор л байна. Өнөөдөр монголчууд социализмын үзэл суртлыг биш харин устаж сүйрсэн  их бүтээн байгуулалт, ажил хөдөлмөртэй сайхан амьдрал, монгол хүний цэвэрч, сахилга баттай, ёс суртахуунтай байсан тэр үеэ л  хамгийн ихээр дурсан санагалзсаар байна. Хэдий хорь гариухан жил өнгөрсөн ч монголын ард түмний амссан зовлон яасан их болоо вэ. Ард түмэн хоосон ардчилал бус, хоосон эрх чөлөө бус, хоосон лоозон бус гагцхүү сайн сайхан амьдрал үр хүүхдүүдийнхээ баттай ирээдүйг л бий болгохыг хүсэж байна. Тэдэнд тэр бүхнийг нь нэгэнт өгч чадаагүйгээс хойш ардчилал амжилттай яваа гэж хийрхэж,  баярлаж хөөрч яваа нэгэн бол монгол үндэстний хувьд хэн байж таарах вэ. Хоосон ардчилал монгол хүнд хоол биш хор л боллоо. Жинхэнэ бодит ардчиллыг Монгол хэн авчрах вэ?

А. Ганбаатар


URL:

Сэтгэгдэл бичих