Д.Сумъяабазар, Х.Баделхан, Д.Сарангэрэл нарын шилнийнхээ хонхорт мартсан “Шилэн данс”

00c682_MPA_PHOTO_2017-6094_x974Шилэн дансны тухай хууль хэрэгжээд багагүй хугацаа  өнгөрчээ.  Хууль батлагдсан эхний гурван жил овоо явж байснаа Ц.Элбэгдоржтойгоо хамт “чөлөөлөгдөв” бололтой.   Монгол Улсын эдийн засгийн чадавхи жилээс жилд буурч, эрх мэдэлтнүд улсын төсвийг гарынхаа салаагаар урсгаж байгаа энэ цаг үед “Шилэн данс”-аа ажиллуулж байвал  хэн хэнд нь өлзийтэй баймаар санагдах юм.  Шинэ он гараад  хорь ч хоноогүй байгаа тул хэрэг болгож, яамдын шилийн дансыг сонирхож үзлээ. Ихэнх сайд нар  Монгол Улсад “Шилэн данс”-ны тухай хууль гэж байдгийг шилнийхээ хонхорт хийн мартаж орхижээ.   Энэ удаад зөвхөн сайд нарын гадаад томилолтдоо хэдий хэмжээний  мөнгө зарцуулдгийг сонирхов.   “Шилэн данс” дахь мэдээллээр бол  Хүнс,хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Ц.Батзориг, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд,Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гурав л  гадаад томилолт өвөртөлж. Бас    “Шилэн данс”-ыг хамгийн сайн хөтөлсөн гэсэн үг.   Бусдынх нь тухайд хилийн дээс алхаагүй гэсэн үг.  Гэвч  УИХ, Засгийн газрын хуралдааны ирцэд бүртгэгдсэн байдал нь тэднийг хаана ямар улсад  томилолттой явааг нь гэрчлээд өгөх  нь инээдэмтэй. Тэгэхээр  эрхэм төрийн түшээд хувийнхаа зардлаар  сүнгэнэдэг болж таарах нь.   Нөгөөтэйгүүр,  албан ёсны айлчлал, гадаад томилолтод сайд гуай  Монгол Улсыг ганцаараа төлөөлөн, асуудлыг шийднэ гэж байхгүй. Дор хаяж сайдын ажлын алба, төрийн нарийн бичгийн дарга, мэргэжилтэн, газар хэлтсийн дарга нараа дагуулдаг. Хэлгүй нь орчуулагчтай явна биз дээ.  Эхний байдлаар   Сангийн сайд Ч. Хүрэлбаатар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд  Ц.Цогзолмаа,  Зам, тээврийн хөгжлийн үүрэг гүйцэтгэгч Я. Содбаатар,  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар  хилийн дээс алхаагүй  байна.  Өөрөөр хэлбэл гадаадад томилолтоор ажиллаагүй гэсэн үг.  Бодит амьдрал дээр, Ц. Цогзолмаа сайд гэхэд ОХУ-д томилолтоор ажилласан тухай мэдээлэл  гарч ирэв. Я.Содбаатар сайд асан  гэхэд ОХУ-д ажиллан, хэдэн Засгийн газар дамжсан ч шийдэгдэж чадахгүй байсан   шинэ төмөр замын асуудлын учрыг олсон  байдаг.

Гадаад харилцааны яам

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны нэгдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Ерөнхий сайдын БНСУ-д хийх айчлалын бүрэлдэхүүнд багтаж,  онгоцны тийзэнд 1.1 сая төгрөг,  томилолтын зардалд хоногийн мөнгө 100 ам.доллар,  буудалд 1079600 вон тус тус зарцуулжээ.

Мөн тэрбээр  2018 оны нэгдүгээр сарын 21-28-ны өдрүүдэд Швейцарийн Давос хотноо болж өнгөрсөн  Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохдоо  4.850.000 төгрөг, 1450 ам.доллар, 50 Швейцар франкыг данснаасаа гаргуулжээ. Энэ нь мэдээж томилолтын зардал.

Батлан хамгаалах яам

Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын БНЭУ-д хийсэн  айлчлалын зардал 26.414.100 төгрөг.

Мөн  Катар улсад  2018 оны гуравдугаар сарын 10-15-ны өдрүүдэд  хийсэн  айлчалд 9.420.000 төгрөг. Харин  2018 оны тавдугаар сарын 24-29-ний өдрүүдэд БНХАУ-д хийх албан ёсны айлчлалд 31.411.600 төгрөг, ХБНГУ-д 2018 оны есдүгээр сарын 18-23-ны өдрүүдэд хийсэн  албан ёсны айлчлалдаа 34.155.533 төгрөгийг тус тус  зарцуулжээ. Дамшрамд дурьдахад, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд  Хятад улсад хийсэн айлчлалдаа эхнэрээ дагуулж явснаа “Шилэн данс”-даа тайлагнасан  нь түүний нэр хүндийг өсгөсөн хэрэг болоодохов. Учир нь сайд нар хилийн чинадад ажиллахдаа мэргэжилтэн, төрийн нарийн бичгийн дарга гэхчилэн хамгийн багадаа гурван хүний бүрэлдэхүүнтэй явдаг авч түүнийгээ огт дурдаггүй.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат   ердөө ганцхан удаа хилийн дээс алхжээ. Тэрбээр ХБНГУ-ын  Берлин хотноо 2018 оны гуравдугаар сарын 4-8-ны өдрүүдэд болсон “Ай Ти Би” Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцсон явдал. Энэхүү томилолтдоо 5.639.332 төгрөг зарцуулжээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Уул  уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын тухайд Засгийн газрын гишүүд дотроос хамгийн их гадагшаа явсан сайдаар тодроод байна.  Гэвч  БНХАУ, Хонконг, Казахстан, Арабын нэгдсэн Эмират улс, Норвеги улсад ажиллаж, Швейцарын Давос хотод болсон дэлхийн эдийн засгийн чуулганд оролцох үедээ гаргасан зардлаа огт тусгаагүй байх юм. Мөн Монгол- Оросын Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдаанд оролцсон. Энэ талаархи мэдээлэл бас алга.    Үүнээс гадна Монгол- Казахстаны Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын ээлжит долдугаар хуралд оролцсон. Зардлыг  нь мөн хавсралтаар  мэдээлээгүй.  Хонгконг улсад болсон “Инвест Монголиа-2018” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцсон.  Мөн л  “Шилэн данс”-д  тусгаагүй.  Хамгийн сүүлд  2018 оны наймдугаар сарын 15-19-ний өдрүүдэд Өвөр Монголд ажлын айлчлал хийсэн. Айлчлалын зардлын талаар  мэдээлээгүй байх жишээтэй. Тэгэхээр бүх зардлаа хувиасаа гаргасан  болж таарах нь.  Эдийн засгийн чадавхи сайтай сайдтай байх сайхан ч юм уу. Бүх зардлаа хувиасаа гаргаж, улсынхаа ачаанаас үүрэлцээд л.  Гэвч тэрбээр халааснаасаа мөнгө гаргаад явах нэгэн биш.   Арга хэмжээ бүхнийх нь зардлыг  уул уурхайн компаниуд даадаг гэдэгт итгэлдтэй байна.  Тийм учраас л шилэн дансанд тусгах мэдээлэл түүнд байхгүй байгаа хэрэг.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд солигдсон хэдий ч   2018 онд ажилласан гэх утгаар нь УИХ-ын гишүүн Б.Батзоригийн сайдаар ажилласан хугацааны мэдээлэл нь шилэн дансанд бүртгэгджээ. Тэрбээр Ерөнхий сайдын БНСУ-д хийх айлчлалын бүрэлдэхүүнд багтаж явахдаа  13.627.088 төгрөг,  Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлалын бүрэлдэхүүнд багтаж ажиллахдаа  18.920.444 төгрөгийг тус тус зарцуулсан бол  Монгол Улсын  Ерөнхийлөгчийн Владивосток хотод Дорнын эдийн засгийн форумд оролцох айлчлалын бүрэлдэхүүнд багтан айлчлал хийх үедээ  11.128.300 төгрөгийг тус тус  зарцуулжээ.  Энэ бүх мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны шилэн дансаас тодорхой харж болно.

Эрүүл мэндийн яам

Эрүүл мэндийн сайд маань жилийн хугацаанд ганцхан удаа гадаад томилолт өвөртөлсөн нь Швейцарын Женев хотноо болсон Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 71 дүгээр чуулганд оролцсон явдал.  Гэвч  Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл гадаад томилолтынхоо зардлыг “Шилэн данс”-даа тайлагнасангүй.

“Шилэн данс”-ны мэдээллээс үзвэл  Барилга, хот байгуулалтын яам “Шилэн данс”-аа хөтөлдөггүй, зардал гаргасан талаарх мэдээллээ огт оруулалгүйгээр явж иржээ. Үүнээс гадна хуулийн хэрэгжилтээр үлгэр жишээ үзүүлэх ёстой Хууль  зүй, дотоод хэргийн яам найм, есдүгээр сард гэрээ, хөрөнгө гаргах гэсэн нэртэй зардлын тайланг  оруулаад л нам зогсч.  Өөр бусад зарлага гаргасан, хурал, зөвлөгөөн зохион байгуулсан, гадаад, дотоодод томилолтоор ажиллуулсан тайлангаа “Шилэн данс”-даа огт  оруулаагүй байх юм.

24barimt.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.