Нэр бүхий 50 баарыг хаах тушаал өнөөдрөөс хэрэгжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар улс орон даяар өрнөж буй “Архигүй Монголын төлөө хамтдаа” аяныг эрчимжүүлэх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас нийслэл, дүүргийн бүх шатны байгууллагуудад үүрэг даалгавар өгсөн.  Эл ажлын хүрээнд нийслэлд 2011 оны арваннэгдүгээр сарын 04-нөөс “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн хэрэгжилтийг хангуулах  аяныг зохион байгуулсан билээ. Аяны хүрээнд болон нийслэл, дүүргийн цагдаагийн байгууллагын шалгалтуудаар “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хууль, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийг удаа дараа зөрчиж, цаг хэтрүүлэн ажилласан худалдаа, нийтийн хоолны газруудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг ирүүлсэн байна. Иймээс  цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн  Сүхбаатар дүүрэгт “MMBBD” ХХК-ийн Элит кристал, “ИН” ХХК-ийн Брикс, “Станжин” ХХК-ийн “Холливуд” бааруудыг хаасан байна. Мөн “Цаст импекс” ХХК-ийн Ривер саундс зэрэг найман баар, караоке, Баянгол дүүрэгт “МБР” ХХК-ийн Ямайка,  “Мондавломент” ХХК-ийн Стрингс зэрэг 18 баар үйлчилгээний газар, Чингэлтэй дүүрэгт “Ноён очир” ХХК-ийн Хаппи, “Хангайн тамир” ХХК-ийн Амрита, Дасон ХХК-ийн Чикаго зэрэг найман баар, караоке, “Цаст богдын оргил” ХХК-ийн QUEEN, “Тэнгэрийн бэрх” ХХК-ийн Миракл, “ЗУНО” ХХК-ийн Генерал зэрэг есөн баар, Хан-Уул дүүрэгт “Нью брилянт” ХХК-ийн Брилянт баар,  Сонгинохайрхан дүүрэгт “Тэнгэрлэг интернэшнл”-ийн WEST, Соёмбо ХХК-ийн Соёмбо зэрэг найман баарыг Хотын Ерөнхий менежерийн  2011 оны А/189 дугаар тушаалаар хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. Дээрхи нэр бүхий 50 баар, караокег хаасан тушаалыг өнөөдрөөс хангаж согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйлчилгээг бүрмөсөн  зогсоосон байх ёстой юм. Түүнчлэн онцгой албан татварын тэмдэгтийн зөрчилтэй, хямд үнэтэй архи худалдахын зэрэгцээ 24 цагаас хойш архи борлуулж байсан 64 хүнсний дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.


URL:

Сэтгэгдэл бичих