Гахайн мах, махан бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна

132

Булган, Төв, Дундговь зэрэг дөрвөн аймагт гахайн мялзан өвчин илэрсэнтэй холбогдуулан өчигдөр улсын Онцгой комисс хуралдсан. Тус комиссоос гарсан хуралдааны дүнг өнөөдөр Засгийн газарт танилцуулж буй.

Түүнчлэн Баянхонгор аймгийн онцгой комисс тус өвчний аюул, хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор яаралтай хуралджээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн хэмжээнд гахайн аж ахуй эрхэлдэг 4 нэгж байдаг байна. Хуралдаанаас гарсан шийдвэрээр аймаг орон нутаг руу гахай болон гахайн мах, махан бүтээгдэхүүн нэвтрүүлэхгүй байх, дэлгүүр үйлчилгээний төвүүд хагас болон түүхий гахайн мах, махан бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглох, гахайн мах, махан бүтээгдэхүүнийг аливаа хоол хүнсний үйлдвэрлэлд ашиглахгүй байх, гахайн аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд тавих хяналтыг холбогдох байгууллагууд өндөрсгөж тогтмол шинжилгээ хяналтанд байлгах шийдвэр гарчээ.

Хамгийн гол нь иргэд гадагш, дотогш зорчихдоо гахайн мах, махан бүтээгдэхүүн хэрэглэхгүй, худалдан авахгүй байх, мөн зэрлэг гахай бүхий бүс нутгийн Засаг дарга нарт зэрлэг гахайтай газар нутагт хийх тандалтыг нарийвчлан явуулахыг анхааруулсан байна.

Тус шийдвэрийг өнөөдрөөс эхлэн Баянхонгор аймгийн хэмжээнд мөрдүүлж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь холбогдох байгууллагуудын удирдлагууд буюу онцгой комиссын гишүүдэд үүрэг болгожээ.


URL:

Сэтгэгдэл бичих