Валютын нөөц нэмэгдэх найдлага алга

490

Өчигдөр Сангийн сайд өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлийн талаар мэдээлэл хийж, орлого анх удаа 10 их наяд төгрөгөөс давсан тухай хэлэв. Зээлжих зэрэглэл нэмэгдсэн. Төсвийн орлогын 30 хувийг уул уурхайн экспорт, 70 хувийг эдийн засгийн идэвхжил бүхий бусад хүчин зүйл эзэлж байгаа талаар ч тэрээр онцоллоо. Өнгөрсөн онд эдийн засаг өнгөлөг байж, бүхий л тоо, тооцоолол өссөнийг оны өмнө ч, одоо ч ярьсаар байна. Гадаад валютын нөөц 3.5 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь сүүлийн зургаан жилийн дээд хэмжээнд очсон дүн юм. Үүнд экспортын голлох түүхий эдүүдийн үнийн  өсөлт буюу нийт экспорт зургаан тэрбум ам.долларт хүрсэн нь нөлөөсөн байна. Мөн энэ онд 920 орчим сая ам.долларын санхүүжилт ОУВС болон бусад донор байгууллагаас орж ирсэн нь нөлөөлжээ. Мөн Төв банк 22 тонн алт худалдан авсан юм. Худалдан авсан алтаа тушаагаад 700 гаруй сая ам.доллар бүрдүүлсэн байдаг. Энэ талаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Жил бүр төсөвт алтнаас 50 тэрбум төгрөг орж байна. Манай банк сүүлийн жилүүдэд тогтмол 20 гаруй тонн алт худалдаж авлаа. Энэ нь татварын орчинтой холбоотой. Хэрвээ татварын хөнгөлөлтийн хугацааг сунгахгүй бол ийм хэмжээний алт тушаагдах уу.  Өмнө нь жилд хориод тонн алт худалдан авч байгаад 68 хувийн татвар тавьснаас хойш хоёр тонн хүрсэн түүх бий. Хэрвээ татварын хөнгөлөлт үргэлжлэхгүй бол төсөвт алтны салбараас татвар нь орж ирж болох ч олборлосон бүх алт Монголбанкинд тушаагдахгүй байх эрсдэлтэй” гэсэн юм.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд аливаа улс аюулгүй бие даасан, баталгаатай байхын тулд өөрийн орны жилийн импортын хэмжээндээ тохирсон валютын нөөцтэй байх ёстой байдаг. Өнөөдөр манай улсын жилийн импортын мөнгөн дүн дөрөв орчим тэрбум ам.доллар байгаа. Тэгэхээр гадаад валютын нөөц мөн энэ хэмжээний байх ёстой. Өнөөдрийн байгаа манай нөөц нь жилийн импортынхоо хэрэгцээг хангаж чадахгүй байна. Жил бүр эдийн засаг тэлж, импорт өсөж байгаа үед дагаад нөөцийн хэмжээ ч нэмэгдэх юм. Гадаад валютын нөөцийг нэмэх хоёр эх үүсвэр бий. Эхнийх нь томоохон экспортын бүтээгдэхүүнүүдийн экспорт гадаад валют өсгөх боломж. Дараагийнх нь алтны худалдан авалт юм. Энэ онд Төв банк 20 тонн алт худалдан авч, гадаад валютын нөөцөө өсгөх тэргүүн зорилт тавиад буй. Эдийн засаг өсөлттэй байсан энэ жил гадаад нөөц шаардлагатай тоондоо хүрч чадаагүй байхад, алтны татварын хөнгөлөлтийг өсгөснөөр нэмэгдэх боломж бүр хомс юм. Мөн АНУ-ын Холбооны банк бодлогын хүүгээ өсгөсөн. Цаашид жил дарааллан өсгөхөө ч мэдэгдээд байгаа. Тэгэхээр ам.долларын ханш төгрөгийн эсрэг чангарах эрсдэл ч нэмэгдэж байна. Ингэхээр улсын баталгаатай байдлыг хангах валютын нөөц энэ онд өнгөрсөн жилийнх шиг нэмэгдэнэ гэсэн найдлага алга.

ЭХ СУРВАЛЖ: EAGLE.MN


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.