Үнэ өсөөд байхад цалингаа нэмүүлэх хэрэг байна уу?

Энэ оны төсөвт төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлыг судлаад хугацааг нь хойшлуулж баталсан. Дөрөв, аравдугаар сард нэмнэ гэсэн өөрчлөлт Төсвийн хуульд орсон. Инфляцийн хөөрөлт, эдийн засгийн халалтыг тооцсон учраас тэр л дээ. Гэвч багш нарт энэ шийдвэр таалагдсангүй. Бүтэн долоо хоног ажил хаяж байж Засгийн газраас хугацаагаа наашлуулах амлалт авсан. Багш нарын ч биш төрийн албан хаагчдын цалин ирэх хоёр болон тавдугаар сард нэмэгдэхээр болж байна. Одоогоор албаны ёсны шийдвэр гараагүй ч цалин нэмэх хугацааг урагшлууллаа гэсэн шийдвэрийн маргаашнаас л өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдчихсэн. Дараа нь цалин нэмсэн хойно бас нэмэгдэнэ. Эдийн засаг талаасаа бол гажиг гэж тодорхойлмоор энэ үзэгдэл хэзээ алга болохыг бүү мэд. Тэгээд нэмсэн ч үнийн хөөрөгдлөөс болоод цалингийнхаа нэмэгдлийг мэдэрч чаддаггүй байдал үргэлжилсээр байна. Нэг кг-ыг нь 3000 төгрөгөөр авдаг байсан чацаргана 4500 төгрөгөөр үнэлэгдээд ирэхээр цалингаа нэмүүлээд хэрэг байна уу. УИХ-ын гишүүн Д.Хаянхирваа саяхан хэвлэлд өгсөн ярилцлагандаа цалин нэмэх хугацааг урагшлуулсан Засгийн газрын шийдвэрийн талаар “Улс орныхоо эдийн засаг, дэлхийн нийтийн төлөв байдлыг ажиглаж байж яриа хэлцэл хийх хэрэгтэй байсан болов уу. Европын улсууд бүхэлдээ төсвөө танаж байна. Зардлаа бууруулж, цалин нэмэх тухай асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гэтэл манайд байдал эсрэгээрээ. Цалин нэмбэл ямар байдал үүсэхийг бүгд мэдэж байгаа шүү дээ. Импортын, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэнэ. Дотоодын үйлдвэрлэл хумигдаж, инфляци өснө. Үүнтэй уялдаад эдийн засагт хэт халалт бий болно. Бид нэлээд нухацтай ярилцаж, дэлхийн эдийн засгийн хямралыг аль болох эвтэйхэн давж гарахын тулд 2012 оны төсвийг баталсан. Ер нь бол улс төр, улс орон хоёрын алийг нь нэгдүгээрт тавих вэ гэдгийг ярилцсаны үндсэн шийдвэр гаргасан. Гэтэл эргээд тэр байдал руу орох гэж байгаа нь дэндүү харамсалтай. Ирэх оны хоёрдугаар сараас цалин нэмлээ гэж бодъё. Цалингийн нэмэгдэл Эрээн рүү л явна. Үүнийг багш нар ойлгож баймаар юм. Хүмүүст цалин нэмсэний үр ашиг мэдрэгдэх нь юу л бол” хэмээн хэлсэн байсан. Ортой л үг. Үнэ өсөөд байхад цалингаа нэмүүлэх хэрэг байна уу. Яагаад ч юм ингэж асуумаар байна, Засгийн газраас.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.