Таны хамгийн том дайсан бол ТА өөрөө

1000_500x500Зөндөө олон зүйл хийж амжуулмаар байгаа ч нэгийг нь ч үр дүнтэй хийж чадахгүй байгаадаа сэтгэл гонсгор байна уу? Хэн нэгэн бидний энэ их ажлыг бирд шиг амжуулаад өгдөг бол тун чиг сайхан байх байлаа. Гэвч тэр бирд шиг хэн нэгэн нь бид өөрсдөө л байхаас өөр аргагүй. Тэгэхээр өөрөө өөрийгөө бирд шиг нэгэн болгохын тулд бэлдэх учиртай. Спортын тамирчин бүр тэмцээнийхээ өмнө хатуу бэлтгэл хангаж, өөрийгөө хамгийн дээд хэмжээнд нь тултал дасгалжуулдаг. Бэлтгэл муутай, өөрийгөө бага шахсан тамирчинаас үр дүн тийм ч өндөр гарахгүй. Яг үүнтэй нэгэн адилаар хэрвээ чи бид хоёр өнөөдрөөс л өөрөө өөрийгөө шахаж оргилын төлөө тэмүүлж амьдрахгүй бол хэзээ ч өөрийнхөө хамгийн супер хувилбарыг бүтээж чадахгүй. Өөрийгөө бүтээхийн төлөөх өөртэйгөө өрсөлдөх их тэмцэлд чинь хэрэг болох дараах 8 зөвлөгөөг  хүргэж байна.

 
“Чиний хамгийн том дайсан бол чи! Чамд туслах хүн нь бас чи. Чамайг хамгийн хүчтэй болгох өрсөлдөгч бол бас л чи!”
 
1. Аль болох ажлаа эрт эхлүүл
Сэр! Сэр! Сэр! Яагаад эрт сэрэх хэрэгтэй вэ?
Яагаад гэвэл өглөөний цаг бол бүтэн өдрийн чинь тал нь. Тиймээс яг одоо сэр! Яагаад гэвэл өглөө эрт боссон хүний ажил амархан бүтдэг учраас. Одоо сэр! Яагаад гэвэл өглөө эрт босдог хүн үргэлж өөдрөг, өөртөө итгэлтэй байдаг учраас! Яагаад гэвэл өглөө гэдэг үргэлж бурханаас чамд өгдөг цагийн өглөг байдаг учраас. Өөрийгөө хамаг л чадлаараа хүчлээд орноосоо бос! Өглөөг чамд оногдож байгаа шагнал юм шиг л орноосоо үсрээд бос.
Өөрийгөө яаруул!
Хэрвээ үнэхээр тайван өөрөөрөө босч чадахгүй, яагаад ч болохгүй байгаа бол сэтгэлзүйгээ айлга, яаруул! Өнөөдөр яагаад ч ажлаасаа хоцорч болохгүй эсвэл яагаад ч унтаж болохооргүй өдөр гэж сэтгэлзүйгээ түгшээ. Уг нь ингэж босох нь биед тийм ч сайн биш гэлээ яах аргагүй өглөө эрт босч чадахгүй байгаа хүн эхний алхам болгон туршаад үзэхэд буруудахгүй.
Эрт, эрт, эрт унт!
Эрт гэдэг чинь хамгийн оройдоо л 10 цагт унтаж сурна гэсэн үг. Түүнээс биш 10 цагаас хойшихыг эртэд тооцохгүй. Хэрвээ чи 11 цагт унтахдаа өөрийгөө эрт унтаж байна гэж бодож байгаа бол өглөө чи 9 цагт босохоор хэмжээний орой унтаж байна л гэсэн үг. Орондоо эрт орсон ч гэлээ, хөрвөөсөөр байгаад шөнө унтаж байгаа бол 9 цагт орондоо орохоос өмнө ном унших, тараг уух, дасгал хийх гэх мэт нойр хүргэх зүйлс хий. Кофе уух, чихэр идэх гэх зэргээр сэргээшийн төрлийн зүйл бүү хэрэглэ. Тэр тусмаа унтахаасаа өмнө хоол идэж ерөөсөө болохгүй шүү. Үүнийг өөртөө хатуу хууль болго!
Хамгийн түрүүнд!
Ширээн дээр чинь овоорсон ажлаасаа салж чадахгүй оройжин суухын оронд өглөө эртхэн ирж цэгцлээд ажилдаа ханцуйгаа шамлаад урамтай ор. Нэг дор бүгдийг нь дуусгана гэж өөрийгөө зовоолгүй бага багаар, өдөр өдрөөр цэгцэлж дуусгаарай! Хамгийн гол нь эрт ирсэн өөрийгөө шийтгэж байгаа мэт их ажлаар бүү ядраа. Өөрийгөө бага багаар шах! Өглөө төлөвлөгөөгөө гаргахдаа нэг ажлыг нэг цагт л багтааж дуусгана гэсэн зорилго тавь. Тэгээд өөрийгөө тэр ажлыг хийж дуусгаж чадна гэдэгтэй итгээд улаа харсан бух шиг л дайр. Хамгийн түрүүнд ажил дээрээ ирдэг бай! Ядаж түгжирч өөрийгөө зовоолгүй, өглөөний цайгаа уучихсан цатгалан сууж бай. Хамгийн түрүүнд ажлаа дуусгадаг нь бай!
2. Зөв суу
Суух гэдэг үг их утга учиртай шүү. Суухгүйгээр ч хүн ажлаа хийгээд байж чадна. Гэхдээ суудаг шалтгаан нь төвлөрөл юм шүү дээ. Хүн хамгийн удаандаа 30 минут л дээд хязгаараараа төвлөрч чадна. Тэгэхээр 30 минут л суу. Ажлаа ч мөн тэр хугацаанд төвлөрч амжуул. 30 минут тутамд сууж босч байх хэрэгтэй. Бүтэхгүй зүйл шиг санагдаж байгаа биз. Гэхдээ хүмүүс зөв суудаггүйгээс болоод л бүтэн өдрийн турш хийсэн хийгээгүй олон ажил дундаа эргэлдсээр байгаад нэгт суудлын өвчтэй, хоёрт үр дүнгүй, ашиг тусгүй олон ажилтай хэвээрээ л байдаг. Тиймээс 30 минут тэгш зөв сууж ажлаа гялалзуулаад босч алх. Бодлоо цэгцэл дараагийн ажилдаа орохдоо бэлд. Утсан дээрээ гуч гучин минутын зайтай сэрүүлэг тавиад туршаад үзээрэй! Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг үг бий шүү. Өөрийгөө шахаад л бай, яг гучин минутанд дуусгана гэсэн төлөвлөгөө тавиад тэр хугацаандаа дуусгаж амжаагүй байсан ч босч нуруугаа амраа. Энэ арга чамд өөрийгөө шахахад туслахаас гадна шинэ санаа олох амрах зэрэг олон зүйлд зэрэг тус болдог юм шүү.
 
3. Цагийн хязгаар заавал тавь
Цаг хором бүр чамд үнэтэй байх ёстой. Өөрийгөө шахна гэдэг бол өөрийгөө цагаар шахна гэсэн үг шүү дээ. Цагт баригдаж юм хийх гэдэг тийм ч үр дүнтэй санагддаггүй гэсэн хариултыг маш олон хүнээс сонсч байсан. Гэхдээ тэр хүмүүсийн ихэнх нь жинхэнэ цагт баригдаж аливаа ажлын үр дүнг чанартай хийж үзэж байгаагүй хүмүүс байх нь элбэг. Өглөө, өдөр, орой гэсэн гуравхан цагийн хэмжигдэхүүнтэй байдаг хүмүүст цаг хугацаа нисч байгаа мэт санагддаг. Харин өглөөнөөс орой хүртэл бүтэн 14 цагийн хэмжигдэхүүн дунд тооцоотой байж чаддаг хүмүүст цаг хугацаа харин ч хангалттай байдаг. Өдрийн цагаар юу ч хийж чадахгүй байгаагийн чинь хамгийн том шалтгаан бол ямар нэгэн цагийн хязгаар байхгүйгээр уулзалт хийж, хоол идэж, төлөвлөгөө гаргаж, интернэт ухаж, хүмүүстэй ярилцаж байгаа хэрэг юм. Хийж байгаа үйлдэл бүртээ нэг минутаас эхлээд нэг цаг хүртэлх эцсийн цагийг тавьж өгч бай.
4. Нэг л зүйлд төвлөр
Нэг цагт нэг л зүйлд төвлөр. Олон ажил зэрэг хийж дуусгах гэдэг шуналыг чинь би ойлгож болох ч нэгийг нь ч дуусгаж чадалгүй шөнөтэй золгох зохион байгуулалтгүй байдал чинь чамайг л зовоож байгааг чи ойлгох хэрэгтэй. Бүгдийг нь нэг дор дуусгана гэдэг бодол бол хамгийн буруу бодол. Харин нэг цагт нэг ажил заавал хийж дуусгана гэсэн зорилго тавиад өөрийгөө бүх зүйлээс чөлөөл. Нэг цагт нэг л ажил шүү! Хэрвээ дэргэд чинь сууж ажилладаг хүмүүс чамд тийм боломж олгохооргүй чанга ярьж, орж гарч байвал хөгжим сонсож болно. Гэхдээ дагаж дуулах шаардлагагүй ая эсвэл хурдан хэмнэлтэй, цоглог дуу сонсоорой.
5. Хамгийн чухал, яаралтай ажлаасаа эхэл!
Чухал гэдэг үгэнд чухал ажил л орно. Албаны чухал ажил уу, хувийн чухал ажил уу? Аль алийг нь л амжуулчихмаар байгаа үед хамгийн түрүүнд ажлын хувьд чухал байгаа зүйлээ хурдан дуусга. Учир нь хувийн ажилдаа хүн угаас хангалттай төвлөрч чаддаг. Харин албан ажлын хувьд эхний хором л төвлөрөл алдагдсан бол тэр чигтээ хойшлуулах гээд байдаг муу зан бий. Албан чухал ажлуудаа дарааллуулж бичээд хамгийн чухлаас нь эхэл. Чухал гэдэг нь цаг тулсан, фокус их шаардах, үр дүн өндөр гарах ажлыг хэлж болно. Гэхдээ хүн бүрийн чухлыг тодотгох хэмжигдэхүүн өөр учраас өөрийнхөө чухал ажлуудаа эхлээд тодорхойлох хэрэгтэй. Гоолингоогийн хувьд чухал ажил гэдэг нь яг одоо л гялс амжуулахгүй бол болохгүй цаг нь тулсан ажил биш намайг дараагийн түвшинд аваачих, ирээдүйн төлөвлөгөө, суралцахтай холбоотой байдаг. Харин чинийх?
Яаралтай гэдэг нь яг одоо хэн нэгний даалгах ажлыг хэлэхгүй шүү! Хэн нэгэн өрөөнд чинь орж ирээд л энэ яаралтай ажил гэх төдийд яараад хамаг төлөвлөгөөгөө баллаад байж болохгүй. Чиний төлөвлөгөөн дотроос хамгийн их цаг нь тулж ойртож байгаа ажлыг хэлнэ. Мөн үр дүн нь сайн байж чадахуйц чи өөрөө тэр ажлаа эртнээс санаандаа төлөвлөөд эхэлчихсэн байгаа бол бүр ч сайн. Тэгэхээр өөрийгөө шахахын тулд эхлээд чухал бас яаралтай ажлаар өдрөө эхлүүл.
6. Өөрийгөө түгж
Өөрийгөө өрөөнийхөө буланд цоожил. Өрөөгөө дотроос нь цоожлоод сууна гэсэн үг биш шүү. Утас, интернэт, дэл сул яриа, гэнэтийн асуудал гэх мэт бүх зүйлээс холдож дотор сэтгэлдээ өөрийгөө цоожил. Хэн нэгэн чиний ажилд дураараа саад болох зориггүй болтол ажилдаа төвлөр. Энэ ажлаа хийж дуусгасан цагтаа л та нартай үг дуугарна гэж хэлээд ажилдаа ор. Хамгийн гол нь хүн өөрөө өөрийгөө шахахын тулд орчноо бэлдэх хэрэгтэй. Би өөрийгөө шахаж байгаа гэсэн хэрнээ утсаар ярьж өдрийн тал цагаа урсгаад, фэйсбүүкийн зурагны ард уяатай байсаар мөн л ажлаа талаар өнгөрөөсөөр сарын сүүлд үр дүнтэй нэг ч үйлдэл хийгээгүй байх юм бол үнэхээр үр дүнгүй шахалт байх болно. Шахах гэдэг бол зовоох гэсэн утга биш. Харин ч үр дүнтэй үйлдэл хийхийн тулд гаргаж байгаа хөлс хөдөлмөр юм. Өөрийгөө дайчилж, шахаж сурахын тулд чи өөртэйгөө л сайн ажиллаж сурах хэрэгтэй. Тиймээс эхлээд бусдад бус өөртөө цаг гарга. Сэтгэл дотроо өөрийгөө түгжээд энэ ажлыг хийж дуусахгүй цагт өөр хэнтэй ч яриад нэмэргүй гэж хэлээрэй.
7. Юуг ч бүү хүлээ
Юуг ч бүр юуг ч хүлээх хэрэггүй! Уулзалтандаа хоцорч байгаа хүмүүсийг хүлээнгээ дэмий суух, хэн нэгнээс хариу ирээгүй цагт шийдвэр гаргахыг хүлээх, ирэх долоо хоногт гаргах тайлангаа түр хойшлуулаад тайлан өгөхийн өмнөх өдрийг хүртэл хүлээх нь чамайг алж байгаа хэрэг. Ер нь юуг ч бүү хүлээ. Чамайг хүлээж байх зуурт хэтэрхий олон зүйл болоод өнгөрчихдөг юм. Хүлээлтийн сэтгэлзүй хүнийг маш тоомжиргүй, залхуу бас гэнэтийн зүйлд дургүй болгож өөрчилдөг. Эсрэгээр нь өөдөөс нь сөр. Аливаа зүйлд бэлдэх, сөрөх, тэмүүлэх сэтгэлзүй чамайг маш эрч хүчтэй, өөрийгөө шахахаас төвөгшөөдөггүй нэгэн болгоно. Аль болох чадахаараа өөрийн мэдэлд шийдвэр гаргаж өөрийнхөө хүчинд итгэж сурах хэрэгтэй. Хэн нэгнийг хүлээх хормоо ч гэсэн дэмий өнгөрөөлгүй аль болох өөртөө хэрэгтэй зүйл хийж өнгөрүүлж бай. Амьдрал хэн нэгнийг хүлээгээд суух хэмжээний тийм урт удаан биш шүү. Нэг л мэдэхэд хүлээлт чинь талаар болох үед л чи “Би нэг ч гэсэн удаа сөрж алхахгүй яав даа!” гэж харамсах болно. Тиймээс цаг эрт байгаа дээр өөрийгөө шахаад хүлээлтнээсээ гар. Харин чамайг хүлээгээд сууж байгаа ирээдүй өөдөө давшаад ор.
8. Төлөвлөгөөнөөсөө бүү хазай
Төлөвлөгөө бол төлөвлөсөн зүйл шүү дээ. Төлөвлөгөөгөө биелүүлж дуусах тэр кайф бол үнэхээр тасархай. Хамгийн гол нь төлөвлөгөө чамд өөрийгөө шахахад маш их тус болно. За энэ ажлыг өнөөдөр заавал хийж дуусгахгүй бол болохгүй гэж шаралхаад өөрийгөө дайчлах хэрэгтэй.
Мөн төлөвлөгөөн дээр нэг анхаарах зүйл нь өөрөө өөрийнхөө арга барилд тааруулж төлөвлөх хэрэгтэй. Хэрвээ өдрийг чөлөөтэй өнгөрүүлэх дуртай хүн бол төлөвлөгөөн дээрээ олон албан ажил төлөвлөх нь дэмий. Түүний оронд бага багаар төлөвлөж бичих нь зүгээр. Харин эсрэгээрээ өөрийгөө ачааллуулж ажиллах дуртай, түүндээ ч гаршсан хүн цөөн төлөвлөгөө гаргаад түүнийгээ хурдан дараад дуусгах нь урамгүй мэдрэмж төрүүлдэг. Тиймээс өөрийнхөө ачаалал даах хэмжэээнд тохируулж төлөвлөгөөгөө гарга.
Мөн төлөвлөгөөнийхөө хоорондох уялдаа хамаарлыг маш сайн анзаарах хэрэгтэй. Хоорондоо асар хол хоёр обектэд очиж амжуулах ёстой ажлаа нэг өдөрт бичих нь чамайг л ядраана. Түүний оронд өдөр өдрөөр ээлжилж болох боломжийг хай. Нэг ажил нь нөгөөгөө амжуулж, хоршихоор бол маш хурдан тэр ажлуудыг хооронд нь холбож төлөвлөх хэрэгтэй. Энэ нь чамд цаг болон урам өгөх болно. Мөн ширээн дээрээ эсвэл чиний хараанд байнга өртөх газар төлөвлөгөөгөө зоогоорой.
Эцэст нь хэлэхэд төлөвлөгөө гаргахаас хэзээ ч бүү хойш суу. Мөн өөрийнхөө төлөвлөгөөнөөс хэзээ ч бүү хазай. Энэ зүйл чамайг өөрийгөө өдөр бүр дайчилж ажиллах ёстойг сануулах болно.

URL:

Сэтгэгдэл бичих