Эрх баригчид ч эвлэрэхгүй, УИХ ч тарахгүй

6a8a6a6edc22a900greatОн дамнан гацсан парламент өнгөрсөн долоо хоногт ажлын бус цагаар хуралдаанаа эхлүүлж, үүрийн таван жингээр сөрөг хүчний санаачлагаар засварлаад, баасан гаригт хуваарийн дагуу ч үдээс хойшдоо л цуглаж, ганцхан асуудлаар шөнөжин хуралдсан. УИХ-ын гишүүдийн ирц бүрдэж, хуралдсан нь эрх баригч хүчин ойлголцолд хүрч, гацаанаас гарсан гэсэн үг биш.

Нэг өдөр, хоёр шөнийн хуралдаанаар ердөө гуравхан асуудлыг хэлэлцсэн. Эхнийх нь УИХ-ын нэр бүхий гишүүдийн шаардаж, ирц бүрдүүлж, хуралдаандаа оролцохгүй чуулганыг 40 хоног гацаасан УИХ-ын даргыг огцруулах асуудалтай холбоотой Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл. УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар чөлөөлөх заалт бүхий УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Ерөнхийлөгч өргөн барьсан. УИХ-ын дэгийн дагуу уг хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонхи дэмжсэн билээ. Энэ долоо хоногт дээрх хуулийн төслийн нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж батална гэж УИХ дахь МАН-ын бүлэг шийдвэрлэсэн байна лээ. Ингэснээр ирэх долоо хоногоос нэр бүхий гишүүд УИХ-ын даргыг чөлөөлөх төслийг өргөн барьж, хэлэлцүүлэх биз. УИХ-ын дарга М.Энхболдын тухайд энэ хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, хуулийн гадуурх бус хуулийн дагуу чөлөөлөгдөнө гэдгээ илэрхийлж байгаа.

Чуулганы хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүнийг бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Ерөнхий прокурорын санал. Хуулийн дагуу Ерөнхий прокурорын саналд УИХ 48 цагийн дотор хариу өгөх заалттай. ЖДҮХС-гаас хамаарал бүхий компанидаа эрх мэдэл, мэдээллийн давуу байдлаа ашиглан зээл авсан гэх үндэслэлээр яллах тогтоол үйлдэгдээд байгаа Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн парламент авч үлдлээ. Дээрх гишүүд “мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулаагүй, шалгалт бүрэн дуусаагүй” гэх дүгнэлтийг Халдашгүй байдлыны дэд хороо гаргаж, бусдыгаа хамгаалан авч үлдэв. Ингэснээр гишүүдийн биед болон гэр орон, ажлын байр зэрэг үзлэг шалгалт явуулж, эд зүйлийг хураан авах нь хуулиараа хориотой, яллагдагчид халдашгүй “бүрэн эрх”-ээр хамгаалагдаж үлдлээ. Дээрх хэрэгт шалгагдаж байгаа бусад гишүүд ч өөрсдийн хамгаалалтаа хийж байна гэсэн үг.

Цаашлаад гурван есийн идэр хүйтнээр хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбар сайдтай боллоо. ХХААХҮ-ийн сайдаар томилогдсон Ч.Улааны хувьд энэ салбарт туршлага, чадвартай гэхээсээ өөрийн намтрын хуудсаа л нэмж, долоо дахь удаагаа сайдаар томилогдож байгааг олон нийт шүүмжилж байна.

Ийнхүү чуулган сар гаран гацсаны эцэст төлөвлөснөө ч, түмэнд тустай ч асуулдыг хэлэлцсэнгүй. Өөрсдийн эрх ашгийг хөндсөн асуудлыг хэлэлцээд, дэмжиж, хамгаалж, томилоод, эрх баригч дахин хоёр тийшээ харлаа.

Учир нь өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “ЖДҮ”-д нэр холбогдсон ЗТХ-ийн сайд Я.Содбаатарыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр байсан ч гишүүдийн ирц бүрдсэнгүй.  “ЖДҮ”-чид, тэр дундаа Засгийн газар ЖДҮХС-гаас эрх  мэдэл, мэдээллийн даваа байдлаа ашиглан тэрбум тэрбумаар нь зээл авсан эрхмүүдээ “өндөг” мэт хамгаалан дарж, иргэд, сонгогчдыг эдлэх эрхийг нүд үзүүлэн няцаасаар байгаа нь өнөөдрийн үйл явцаас тодхон харагдана.  УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн хугацаанд зөвшилцөх, тохиролцох, ойлголцох уулзалт хийж байгаа гэсэн хэдий ч үйлдэл дээрээ зөрөлдсөн хэвээр байгаа.

УИХ-ын даргыг огцруулахыг шаардаж байгаа Л.Оюун-Эрдэнэ нар “Дараагийн УИХ-ын даргаар Д.Хаянхярвааг томилохгүй бол Ерөнхийлөгчийн хуулийг батлахгүй гээд байгааг бид эсэргүүцэж байна” гэж бүлгийн хуралдааны дараагаар мэдээлсэн. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Албан тушаалын талаар бүлгийн хуралдаанаар огт яригдаагүй” хэмээн “гүрийж”, гишүүн Ж.Мөнхбат “Хамтдаа уулзалдаад ойлголцлоо гэж хэлчихээд олны өмнө гарахаар дууны өнгө, дүр төрхөө хувирган зөвшилцсөнийхөө эсрэг үйлдэл хийхээ болиорой, Л.Оюун-Эрдэнэ нараа” хэмээн мэдэгдэж байна лээ.

“60 тэрбум”, “ЖДҮ”-гээр бие биенээ цоллосон эрх баригчдын үйлдэл дундаар сөрөг хүчин УИХ-ыг тарааж, ээлжит сонгуулийг зарлах тогтоолын төсөлд гарын үсэг цуглуулж байгаа. Гэхдээ  үнэмлэхүй  олонхи нь хуваагдан талцаж, намын хагарлаар төрийг хямраасан энэ УИХ-ын гишүүд   “бүрэн эрх” эдлэх гээд тарахгүй.

Ер нь эрх баригчид ч эвлэрэхгүй, УИХ ч тарахгүй энэ нөхцөлд сонгогчид бид сурсан зангаараа тэвчин хүлээх л үлдлээ, дараагийн ээлжит сонгуулиа.

Н.Энхбат

Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих