Ё.Отгонбаяр: Оюутны 70 мянгыг журам батлагдсаны дараа олгоно

Энэ сараас эхлэн Монголын их, дээд сургуулиудын оюутнуудад cap бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор болсон билээ. Үүнтэй холбогдуулан БСШУ-ны сайд Ё.Отгонбаяраас сургалтын тэтгэлэг болон   Сургалтын төрийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар асууж тодрууллаа.

-Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн гол асуудлыг хэлэхгүй юу?
-Өнөөдрийн МАН-ын бүлгийн хуралдаанаар боловсролын хуулиас гадна тусгай сангуудийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Сургалтын тэтгэлгииг сургалтын төрийн сан захиран зарцуулах эрхийг хуулиар зохицуулж өгөх, үүнийг дагаад Засгийн газрын журам батлагдах ёстой. Гадаад орнуудын жишгийг харахаасаа илүүтэйгээр өөрийн улс орны жишгийг саная л даа. Бид онц сурсныхаа төлөө илүү тэтгэлэг авдаг байсан шүү дээ. Энэ нь сургалтын чанарыг дэмжих сайн арга хэмжээ болох болов уу гэж бодож байна.

-Их дээд сургуулиудын магадлан итгэмжлэгдэх тал дээр тавигдах хяналтын талаар асуудал яригдав уу. Магадлан итгэмжлэгдсэн хэрнээ чанаргүй боловсрол олгодог, сургалтын орчин, барилга байгууламж муутай сургуулиуд байдаг шүү дээ.
-Дан ганц магадлан итгэмжлэгдснээр сургалтын чанарыг хангах юм биш. БСШУЯ-ны зүгээс олон төрлийн хяналт шалгалт явуулж, өнгөрсөн долоо хоногт л гэхэд таван дээд сургуулийг хаалаа. Одоогийн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа эхлэх үед улсын хэмжээнд 154 байсан их дээд сургуулийг 95 болгосон.

-Энэ сараас олгож эхлэх 70 мянган төгрөгийг төрийн сангаас олгох юм уу? Хэзээ олгож эхлэх вэ?
-Сургалтын төрийн сангаас олгох болно. Одоогоор Засгийн газрын журам батлагдаагүй байна. Энэхүү журмыг батлахын тулд тусгай сангуудийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа. Одоо байгаа хуулиар Сургалтын төрийн сан нь зөвхөн сургалтын төлбөр олгодог. Үүнийг зохицуулж, тэтгэлэг өгөх эрхийг Сургалтын төрийн санд олгох өөрчлөлт юм.

-Хэчнээн оюутанд тэтгэлэг олгох вэ?
-Тэтгэлэг олгогдох оюутнуудын тоо журам батлагдсаны дараа тодорхой болно.

-500 мянган төгрөгийн тэтгэлгийн мөнгө сургуулиудын дансанд шилжиж ороогүйн улмаас багш нарын цалинг олгох боломжгүй болоод байгаа нь үнэн үү?
-500 мянга олгох журам их ойлгомжтой шүү дээ. Оюутнууд оршин байгаа хорооны нийгмийн ажилтанд өргөдлөө өгч, их сургуулиудаас оюутнуудынхаа мэдээллийг сургалтын санд бас өгнө. Тэгээд мэдээлэл нь таарч, нийцсэн оюутнуудын мөнгө данс уруу шилжинэ. Өчигдөр данс уруу шилжиж байгаа.

Б.БАТ-ЭРДЭНЭ


URL:

Сэтгэгдэл бичих