Утааг бууруулах ухаан ус, агаар мэт үгүйлэгдэж байна

1_juKbC1YДэлхийн хамгийн уудам тив амьсгалах агааргүйтэн, бачуурч байна. Азийн зулай дахь Улаанбаатарын хоолойг саарал утаа ороох зуур энэ тивийг эмжин оршдог Тайланд, Камбож, Энэтхэг хорт хийнд нэрвэгдэн хэсэг хугацааг үдлээ. Гэхдээ Монголоос бусад нь агаарын бохирдол хэмээх гачланд өвдөг сөхөрсөнгүй. Харин ч хорт хийгээ бууруулах арга шийдэл хайн, баагисан утааг багасгасан ухаалаг туршлагуудаас хуулбарлаж байна.

Одоогоос хэдхэн жилийн өмнө агаарын бохирдлоор дэлхийд толгой цохиж явсан БНХАУ хорт утаатай тэмцэхэд гарамгай “гавъяа” байгуулсан тул хорт хийнд боомилогдож буй Азийн зарим улс Бээжинг шүтэж, үг, үйлдэл бүрийг нь даган дуурайх болов. Хорт хийг бууруулахын тулд автомашины хөдөлгөөнд хорио тогтоосон Хятадын аргыг БНСУ, тайланд хуулбарласан бол урд хөршийн хэд хэдэн хотод босгосон агаар цэвэршүүлдэг цамхгуудыг Энэтхэг улс утаатай хэсэгтээ барихаар төлөвлөж байна.

Ийнхүү ард иргэдээ хорт хийн хор хөнөөлөөс цаг алдалгүй хамгаалахын тулд бүс нутгийн орнууд аль л үр дүнтэй аргуудыг эрж хайн, эрвийх дэрвийхээрээ чармайж байна. Гэтэл агаарын бохирдлоор Ази байтугай дэлхийд дээгүүр бичигддэг Монгол Улс бусдын амжилттай хэрэгжүүлсэн туршлагаас суралцах нь бүү хэл сонирхож, шохоорхож байгаа ч юм алга. Нэг л их юм мэддэг хүн шиг хээхэлзэж, дэлхийд байхгүй, хачин сонин аргаар утаагаа бууруулахаар муйхарлан зүтгэх аж. Бас болоогүй ээ, үүнээсээ болж, элэг доог болохыг нь яана.

Бүр арга ядсан иргэд нь сонгосон түшээдээсээ илүү 9-10 метр секундын салхинд найдаж, хүсэмжилдэг болов. Арга чаргаа барчихаад буй бидэнд Улаанбаатар шиг хэмжээний 300 гаруй хотынхоо утааг мэдэгдэхүйц бууруулж чадсан хаяа залгадаг өмнөд хөршөөсөө суралцах зүйл их бий. Энэ цуврал нийтлэлийнхээ өмнөх дугаараар бид БНХАУ-ын 2013-2018 онд хэрэгжүүлсэн утааны эсрэг тэмцлийг Бээжингээр жишээлэн хүргэсэн билээ. Тэгвэл одоо Бээжингийн туршлагаас суралцаж, Улаанбаатарын хөрсөнд суулгах ямар арга шийдэл буйг хүргэж байна.

Нэг төрлийн түлш найдваргүй
Нүүрсийг халахад 660 тэрбумтөгрөг хэрэгтэй

БНХАУ-ын цэвэр агаарын төлөөх тэмцэл угаарын эх булгуудаа бууруулахаас эхэлсэн шиг Улаанбаатарын зүтгэл ч хорт хийн голомтоосоо эхлэх нь цэгээ олсон эмчилгээ болно. Нийслэлийн нийт утааны 80 хувь нь гэр хорооллын 220 мянга орчим өрх, нам даралтын 1300 гаруй зууханд нүүрс шатааснаас үүдэлтэй. Тиймээс нүүрснээс улбаатай нүсэр утааг бууруулах нь нийслэлчүүдийг цэвэр агаараар амьсгалуулах эхний алхам болох юм.

БНХАУ-ын нийслэл Бээжингийн утааны эх үүсвэрийн 20 хувийг нүүрсний утаа эзэлж байсан бөгөөд тэд агаарын бохирдлоо бууруулахын тулд хатуу түлшийг халсан байдаг. Харин оронд нь байгалийн хий болон цахилгаан эрчим хүчээр Бээжингийн иргэдэд илч түгээжээ. БНХАУ-ын томоохон хотын зарим дүүрэг өнгөрсөн оноос нүүрснээс бүрмөсөн татгалзаж, хатуу түлш шатаан утаа уугиулдаг байсан 1.2 сая айл өрхийг дөрөвхөн жилийн дотор хийн түлшид холбожээ.

Тэгвэл бид үүний зургаа хуваасны нэгтэй тэнцэх тооны хэрэглэгчийг нүүрснээс салгах гээд хэчнээн ч жилийг үдэв дээ. Монгол Улсын Засгийн газар ирэх тавдугаар сарын 1-нээс нүүрсний хэрэглээг хориглохоор болсныг бид мэднэ. Энэ шийдэл Монгол Улсын утааны эсрэг тэмцлийн оносон цэг нь байхаар байна. Гэхдээ хүрэн нүүрсийг орлох сайжруулсан түлшний үйлдвэрлэл хөлөө олоогүй, хийх ёстой ажлын уртаас урт жагсаалт биднийг хүлээсээр байгаа юм. Монгол Улсын 2021 он хүртэл хэрэгжүүлэх Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгаснаар сайжруулсан түлшийг дэмжиж, дэд бүтцийг шийдэж, гэр хорооллыг бүрэн хангах ажил нийт 660 гаруй тэрбум төгрөг нэхэж байгаа аж.

Хагас их наяд төгрөгөөс давсан энэ мөнгийг хаанаас олох нь тодорхойгүй ч хатуу түлшийг л халж байж утаагаа бууруулдаг дэлхийн туршлага илхэн байгаа тул шийдэхээс аргагүй.

Эх үүсвэрийг солонгоруулах нь

Хотыг утааг 50 хувиар бууруулахын тулд бодлого тодорхойлогчид нүүрс хориглож, сайжруулсан түлш санал болгож байгаа. Гэхдээ хатуу түлшийг хатуу хориглоод хотын тэмцэл дуусчих юм биш биз. БНХАУ-ын туршлагыг сөхвөл тэд зөвхөн ганц түлшинд найдаж, гал унтраах төдий аргаар утаагаа бууруулахаар зүтгээгүй. Дулааны эх үүсвэрээ долоон өнгөөр солонгоруулж, хий болон био түлш, салхин болон нарны эрчим хүчээр хүрээгээ тэлж, хүчин чадлаа зузаатгасан байдаг. Уг нь бид ч Бээжингээс дутахгүй олон төрлийн түлшний эх булагтай.

Гэтэл өнөөдөр нийслэлийн нийт хэрэглэгчийн тодорхой хэсгийнх нь халаалт дулааныг шийдчих бэлэн эрчим хүчний эх үүсвэр тун ховор хэвээр. Улаанбаатар хотод төвийн шугаманд холбогдоогүй амины орон сууцуудыг цахилгаан халаагуураар халаахад багаар бодоход 400 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Гэтэл бид энэ ачааллыг даах найдвар болж байсан тавдугаар цахилгаан станцын төслийг энэ өвлийн утаа эхлэхээс өмнө зогсоочихсон. оронд нь гэр хорооллын 100 мянган айлыг 2.5 кВт-аар халаахын тулд 110 кВ-ын дөрвөн дэд станц байгуулахаар төлөвлөж байна. Эдгээр станцыг байгуулж, иргэдийг ханган, хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулахад нийт 100 гаруй тэрбум төгрөг хэмээн төлөвлөгөөнд тусгажээ. Гэтэл БНХАУ ийм хэмжээний жижиг станцууд байгуулах нь бүү хэл харин ч жижиг хэмжээний станцуудаа хаасан. Бага хүчин чадалтай станцууд үр ашиг багатай нь батлагдаж эхэлсэн тул олон жижиг станцуудыг хааж, дулааны эх үүсвэрүүдээ цэгцлэх бодлого баримталж байгаа. Харин ДЦС V болон Багануурын уурхайг түшиглэх өндөр хүчин чадалтай цахилгаан станцууд нь урт хугацаанд улаанбаатарыг илч, гэрлээр хангах хамгийн найдвартай эх үүсвэр хэмээн тооцсон шинжлэх ухааны академийн эрдэмтдийн дүгнэлт ч байна.

Дулааны алдагдал

Айл өрхүүдийн дулааны эх үүсвэрийг шийдлээ гээд Улаанбаатарчуудын орон гэрийн хана нимгэн, хаалга цонх дэлгээстэй байвал иргэдээ дулаан өвөлжүүлэх талаар ярихын ч хэрэггүй. Иймд гэр, барилгын стандарт, дулаан алдагдлыг бууруулахад анхаарахаас өөр аргагүй. Бээжин ч үүнийг орхилгүй анхаарч, дулааны хэмнэлттэй барилгын стандарт баталж, хана, хаалганы дулаалгаа зузаалахыг үүрэгдсэнээр үр дүнд хүрчээ.

Монгол эрдэмтэд болон үйлдвэрлэгчид ч гэр, барилгын дулааныг шийдэх арга шийдэл санал болгосоор байгаа. Тухайлбал, гэрийн дулаалгыг хонины ноосоор хийх саналыг монгол эрдэмтэд танилцуулжээ.

Ийм дулаалгатай гэрийн халаалтын зардал хэмнэгдэх бөгөөд цахилгаан халаалтын зардал нь хоёр дахин багасах тооцоо гарчээ. Олон жил ашиглаж болох сайн материалаар таван ханатай гэрийг нэг дулаалахад 1.3 сая орчим төгрөгийн зардал гарна. Эсвэл нэг, хоёр жил ашигладаг дулаалгын материалаар хийвэл 90 мянган төгрөг болно. Энэ тооцоогоор 100 мянган гэрийг дулаалахад есөн тэрбум төгрөг хэрэг болно. Гэр, байшингийн дулаалгыг шийдэхэд 9.8 тэрбум төгрөг нэхэж байгаа аж.

Тээврийн хэрэгсэл

Нийслэлийн тээврийн хэрэгсэл бол Бээжингийнхтэй адил утааны хоёр дахь эх үүсвэр бөгөөд агаарын бохирдлын 10 орчим хувийг бүрдүүлж байна. Автомашины хорт утаа нь агаарын бохирдлын арав хуваасны нэгийг бүрдүүлдэг ч хор хөнөөлын хэмжээгээр дээгүүрт бичигддэг. Ьиймээс Бээжин уушгиа эрүүл болгохын тулд унаагаа эрүүл болгосон байна.

Энэ хүрээнд 2.1 сая автомашинд утаа шүүгч суурилуулж, тээврийн хэрэгслийн журмаа шинэчилж, автобензин, дизелийн түлшнийхээ чанар стандартыг дээшлүүлсэн. Бээжин 2015 оноос автомашинуудыг ангилан ялгаж, “өндөр настай” тээврийн хэрэгслүүдийг бүрмөсөн хязгаарласан. Тус хотод гэхэд л 300 мянган хуучин тээврийн хэрэгслийн ашиглалтыг зогсоожээ. Мөн чанартай, цэвэр түлшний хэрэглээг дэмжсэн. Тус улсын албаныхан энэ санаачилгыг өөрөөсөө эхэлж, нийтийн болон албан хэрэгцээнд зориулсан тээврийн хэрэгслүүдээ цэвэр түлшээр ажилладаг болгожээ.

Бидний хувьд шатахуун, түлшний чанараас илүү үнийг л сонирхдог. Гэтэл агаарын бохирдол болон автомашины эдэлгээнд чанар хамгийн чухал. Тиймээс шатахуун, түлшний чанарыг дээшлүүлэх, энэ чиглэлийн стандартыг шинэчлэх шаардлагатай байна.

Ялангуяа, өөрөө явагч тээврийн хэрэгслийн ялгаруулдаг утааны дийлэнхийг нийтийн тээвэр бүрдүүлдэг. Иймд гадаадаас худалдан авч буй том оврын автобусаа хийн хөдөлгүүртэй болгох нь чухал. Мөн иргэдийн цахилгаан автомашин худалдан авалтыг дэмжих шаардлагатай бөгөөд Бээжин энэ төрлийн дэмжлэгт 2009-2017 онд 20 гаруй тэрбум ам.доллар зарцуулжээ.

Орон сууц, хөрсний бохирдол

Бээжин болон Улаанбаатарын агаарын бохирдлын нэг буруутан нь хөрс, хог хаягдал. Бээжингийн хувьд үүнийг хог хаягдал дахин боловсруулах стандарт болон үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх замаар шийдсэн. Үүнээс гадна тус улсын бодлого тодорхойлогчид орчны бохирдлыг бууруулах ажлаа орон сууцжуулах бодлогоор үргэлжлүүлж байна.

Учир нь ард иргэдээ орон сууцжуулахаас өөр агаарын бохирдлыг өчиггүй дарсан түүх орчин цагийн дэлхий ертөнцөд үгүй учраас ийн эрчтэй ажиллаж буй. Монгол Улсад ч сайжруулсан түлш, цахилгаан эрчим хүчний халаалт зэрэг нь өнөөгийн аюулын харангыг бууруулахаас агаарын бохирдлыг бүрмөсөн дарахгүй, гал унтраах шинжтэй түр зуурын арга. Хэдийгээр бид утааг богино болон дунд хугацаанд бууруулах эдгээр аргыг хэрэглэж болох ч Монгол төрийн алсын хараа орон сууцжуулах бодлого руу чиглэж байх ёстой.

Уг нь энэ бодлого 2009-2016 он хүртэл эрчтэй хэрэгжиж, төр ч алс ирээдүй рүү чиглэсэн энэ бодлогыг гар таталгүй дэмжсэн. Нүдэнд харагдаж, гарт баригдахуйц үр дүн ч үзүүлсэн. Монгол Улсын утааны эсрэг сүүлийн 10 жилийн тэмцлийн хамгийн бодитой, хамгийн үр дүнтэй ажил нь орон сууцны хөнгөлөлттэй зээл байв. Импорт болоод хилээр гаргачихдаг иргэдийн хэрэглээг эх оронд нь хадгалж, монгол хүнийг үл хөдлөх хөрөнгөтэй болгохыг зорьсон энэ хөтөлбөр утааны эсрэг тэмцэлд үлэмж үр дүн үзүүлж, хэдхэн жилийн дотор утаа баагиулдаг 100 мянга орчин янданг буулгасан байдаг. Ийм хэмжээний үр дүн үзүүлсэн бодлого хөтөлбөр Монголын сүүлийн 10 жил бүү хэл хагас зуун жилийн түүхэнд ховорхон юм.

Төр засаг өнөөдөр мөнгөөр гачигдаж, бүсээ чангалж болох ч монгол хүн бүрийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эс амьдрахтай холбоотой энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэх нь энэ төрийн үүрэг болчихоод байна.

Утааг бууруулах ухаан ус, агаармэт үгүйлэгдэж байна
Утааг зүхэж, төрийг шүүмжлэх атлаа гар биеэ хумхиад байвал энэ ажил хэзээ ч урагшлахгүй

Монгол Улс өнгөрсөн 10 жилд их наяд төгрөг рүү ойртсон хөрөнгө цацсан ч утаа өтгөрснөөс өөр үр дүн авчирсангүй. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хугацаа дуусахад хоёрхон жил үлдээд байна. Улаанбаатарын утааг 80 хувь бууруулах том зорилт тавьсан энэ хөтөлбөрийн өртөг 10 их наяд төгрөг буюу 3.7 тэрбум ам.доллар. БНХАУ одоогоос таван жилийн өмнө Монгол Улс шиг агаарын бохирдлоо бууруулах төлөвлөгөө хэрэгжүүлж, мэдэгдэхүйц багасгасан. БНХАУ-ын томоохон хотуудын угааг 50 хүртэлх хувиар бууруулсан энэ хөтөлбөрийн өртөг Монголынхоос 74 дахин их буюу 277 тэрбум ам.доллартай (1.7 их наяд юань) тэнцжээ.

Улс үндэстнийхээ аюулгүй байдалд ноцтой эрсдэл дагуулж буй агаарын бохирдолд БНХАУ гар таталгүй мөнгө цутгаж, өнөө маргаашийг бус алс ирээдүйгээ бодолцсон зоримог алхам хийснээр Бээжингийн тэнгэр цэлмэсэн юм. БНХАУ-ын улсын төсөв 2018 онд 60 гаруй тэрбум ам.долларын алдагдал хүлээж, өрийн түвшин нь үлэмж хэмжээгээр нэмэгдэж байгаа ч иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хөсөр хаяж, өндөр өсөлт, их орлогын араас хөөцөлдсөнгүй.

Иргэддээ эрүүл агаар амьсгалах эрх олгохын тулд экологи, байгаль орчны асуудлаа төсвийн ашиг, эдийн засгийн өсөлт зэрэг эрээлжилсэн олон тооны өмнө, эн тэргүүнд тавьсан нь энэ.

Зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтаас гадна ногоон хөгжил нэрийн дор олон улсаас их хэмжээний санхүүжилт татсан. Санхүүгийн олон байгууллага Хятадын ногоон хөгжилд хөрөнгө оруулж, бидэнтэй ойр ажилладаг дэлхийн банк, Азийн хөгжлийн банк гэхэд тус бүр 500 сая ам.доллараар санхүүжүүлсэн юм. Тэгвэл эх дэлхийн ирээдүйн төлөө ногоон санхүүжилт дор нэгдэж буй энэ үед хүлэмжийн хийг бууруулж, иргэддээ эрүүл, аюулгүй орчин бэлэглэхийг хүссэн Бээжингийн зүтгэлийг олон улс дэмжжээ.

Эвлэвэл бүтнэ гэдэгчлэн эргэж буцалгүй, эхлүүлсэн бодлогоо тууштай, тогтвортой хэрэгжүүлбэл, агаарын бохирдлыг бууруулах чин хүсэл, эрмэлзэл байвал утаа арилж болдгийг Бээжин бодитоор бидэнд харуулж байна. Сэтгэл байвал санхүүжилтийг шийдэж болдог жишээ энэ. Бид ч зүтгэвэл болохгүй зүйл үгүй.

Нүүрсийг халж, ногоон эрчим хүчээр орлуулах нэрийн дор санхүүжилт татаж болно. Дээрээс нь сүүлийн жилүүдэд шуугиан тарих болсон өнгөрсөн, ирээдүйн сангийн хөрөнгүүдийг утаатай тэмцэх тэмцэлд яагаад зарцуулж болохгүй гэж. Ирээдүйн өв, төсвийн тогтвортой байдлын сан, Хүний хөгжлийн сан гээд тусгай сангуудын ёроолыг шувтарч болно доо уг нь. Манай улсын хүн амын тэн хагас нь эрүүл агаараар амьсгалж чадахгүй амь тэмцэж байхад энэ улсад утааны урд орох чухал асуудал өнөөдрийн Монголд бий гэж үү. Санхүүжилтийг чадлаараа шийдлээ гэхэд утааг бууруулах сэтгэл, зүтгэлийг хэнээс нэхэх вэ.

Улаанбаатарын утааг бууруулах ажил зөвхөн төрийн үүрэг үү.  Үгүй ээ. Төр дангаараа үүнийг гүйцэтгэж чадах ч үгүй. Бээжингийн тэмцэл ч зөвхөн төрийн хичээл зүтгэлээр урагшлаагүй. Харин төр засгийнхаа бодлогыг тууштай дэмжиж, чандлан дагасан иргэдийн оролцоо зүтгэлээр энэ ажил нь урагшилсан юм.

Иргэн

Улаанбаатарын хорт утааг бууруулах ажил өглөө бүр бачимдан, дотроо бухимдан яваа нийслэлчүүдээс эхлэх учиртай. Өөрөөр хэлбэл, цэнгэг агаар, цэлмэг тэнгэрийн төлөөх Улаанбаатарчуудын тэмцлийн төвийн тоглогч нь иргэн та бөгөөд таниар дамжиж төрийн бодлого биеллээ олох юм.

Өнгөрсөн 10 жилд Улаанбаатарын төлөвлөгөө урагшлаагүйн хариуцлагыг утааг бууруулах төрийн бодлогыг урвуугаар ашигласан зарим иргэнээс нэхэж болно. Засгийн газар агаарын бохирдлыг 80 хувь бууруулахаа амлан, 100 мянган зууханд чамгүй мөнгө зарцуулж, иргэдэд хөнгөлөлттэй олгосон. Гэвч зорилгоос нь хазайлгаж, малчдад ахиу үнээр зарчихсан цөөнгүй иргэн байгааг албаныхан хэлдэг. Бас гэр хорооллыг барилгажуулах төрийн бодлого гарчихаад байхад ахиу үнээр зарахаар эзэмшил газраа чөлөөлөлгүй, гүрийж буй Сүхбаатар дүүргийн долдугаар хорооллын иргэд утааны эсрэг тэмцлийг гацааж буйгаас өөрцгүй. Иргэд нь утааг зүхэж, төрийг шүүмжлэх атлаа гар бие оролцохгүй суугаад байвал энэ ажил хэзээ ч урагшлахгүй нь ойлгомжтой.

Хувийн хэвшил

Иргэдийн оролцооноос гадна энэ ажлын голыг нь хувийн хэвшил нугалах учиртай. Төр бүхний өмнөөс зүтгэж, түлш үйлдвэрлэж, цэвэр эрчим хүчний станц ажиллуулаад ч амжихгүй. Иймд орон сууц барих, цэвэр эрчим хүчний төслүүд хэрэгжүүлэх, утааны шүүлтүүр борлуулах гээд мөнгө дагуулсан бизнесүүдийг хувийн хэвшил гүйцэтгэж байна. Гол нь манай бизнесийнхэн улстөрчидтэй хамтран утаанаас мөнгө хумслахдаа уургын морь шиг зүтгэдэг атлаа агаарын бохирдлыг бодитоор бууруулах ажил хэрэгч саналыг надад хамаагүй гэсэн шиг нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөдөг зангаа эх оронч сэтгэлгээгээр солих хэрэгтэй болов уу.

Төр

Утааг бууруулахаар амласан улстөрчдийн олон жилийн жүжигт итгэл алдаж, толгой гудайн алхаж буй нийслэлийн иргэдийн нүдэн дээр агаарын бохирдлыг бодитоор бууруулбал хэрхэн хүлээн авах бол. Нийслэлчүүдэд уушгиа дүүртэл цэвэр агаар амьсгалах эрх олгосон хэн ч ирэх сонгууль бүү хэл ирээдүйн хэдэн арван жилд аюулаас аварсан баатрын хэмжээнд үнэлэгдэх нь тодорхой. Төрт ёсны олон зууны уламжлалтай Монголын ард түмэн агаарын бохирдлыг бууруулахад гарамгай зүтгэл, зориг гарсан аль ч нам, улстөрчийг төрийн сүлд шигээ тахин түшихээс буцахгүй биз. Агаарын бохирдлыг бууруулахад арга шийдлээс илүү хүсэл эрмэлзэл, тууштай тогтвортой бодлого ус, агаар мэт үгүйлэгдэж байна.

Хүсэвч хясна гэгчээр агаарын бохирдлыг бууруулахаар чармайдаг НИТХ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам байнга муу нэр зүүгээстэй. Мэдээж, мөнгөний мэдэл багатай тул бодлого танилцуулахаас хэтэрдэггүй. Харин санхүү, мөнгөн дээр суудаг бодлого тодорхойлогчид эдийн засгаас гадна байгаль орчин, нийгмийн асуудлуудын хувь заяаг шийдэж байгааг санууштай. Иймд мөнгөн хөрөнгө захиран зарцуулах эрх мэдлийг эдэлж буй бодлого тодорхойлогчид Монголын ирээдүйн төлөө зоримог алхам хийх хэрэгтэй байна.

Хэрэв Хятад улс үйлдвэрлэлээ сааруулж, эдийн засгийн өсөлтөө унагахаас айн, утааны эсрэг зоригтой хөдлөөгүй бол энэ улс өнөө хэр агаарын бохирдлоор Монголын өмнө тодорч байхаар байлаа.

Г.Байгал

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих