Армийнхаан, хүн чанартай хүнлэг байгаач

 80

Эрүүл саруул, идэр чийрэг биетэй, эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн сайхан хүүгээ эр цэргийн албанд мордуулаад гурван сарын дараа цогцсыг нь хүлээж авна гэж хэн санах билээ дээ. Хүүгийнхээ хөрсөн цогцсыг хүлээж авсан авсан ээж, аав, ах дүү нарт ямар хэцүү байгаа бол.

Хүүгээ албанд явуулсан болохоос авсанд ороод ир гэж явуулаагүй байлтай.  Дорноговь аймгийн Зүүнбаян сумын 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг А нас барсан хэрэг энэ сарын 22-нд гарлаа. Харамсалтай байна. Хууль хүчнийхэн болохоор гадны нөлөөгүй нас барсан гэж өчигдөр мэдээлэл хийсэн.

Салбарын сайд нь тоосон шинжгүй тайлбар өгсөнд ар гэрийнхэн болон олон нийт дургүйцэж эхлэв. Ядаж хүнлэг байж сураач, армийнхаан. Хүний нялх үр амиа алдчихаад байхад хүн ёсоор эмгэнэл илэрхийлчихгүй дээ гэж бодож байна. Хэрвээ өөрийн тань ойрын тань хүүхэд амиа алдсан бол гэсэн бодлоор нэг бодоод үзэхгүй дээ.

Үхлийн шалтгаан нөхцлийг эцэслэн тогтоогоогүй юм байхад цагдаагийн байгууллагаас яаран “Хүүрийн толбо” гэсэн мэдээлэл хийв. Хүүрийн толбо гэж юу байдаг юм бэ, үүнийгээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаад өгөөч.
Эв эрүүл эсэхийг нь хоёр шатны эмчийн үзлэгээр оруулж цэрэгт татна, тэгээд хүүрийг нь явуулаад, “Хүүрийн толбо” гэж ийм юм байдаг гэж тайлбарлах нь зохистой юу. Үхсэний хохь болж ар гэрийнхнийг арай муухай доромжилж байгаа юм бишүү.

Ах нь “Гадны нөлөөгүй нас барсан гэж худлаа хэлээд байна. Миний дүүг ухаан балартал нь зодож, хөнжлийг нь үүрүүлж гүйлгэсэн гэж цэргүүд нь ярьж байна билээ. Бүх баримт нь ч байна. Энх цагт эр цэрэгт явуулсан дүүгээ алдсанд харамсалтай гомдолтой байна. Салбарын сайд болоод холбогдох дарга нар нь илт худлаа хэлж, ярьж байна” гэж уйлан ярьсан.

Зэвсэгт хүчний жанжин ШТАБ-ынхан олон нийтийн сүлжээгээр эмгэнэл бичсэн харагдана. Эмгэнэл ийм үгтэй байдаг юмуу, гурван сар алба хаасан хүүхдийн цэргийн хувцастай зураг олддоггүй жанжин штаб уу. Энэ эмгэнэлийнх нь дор сэтгэгдэл бичихээр тэр дор устгаж байгаа юм. Бүр нэг сошиалоор ажлаа хийдэг, сошиалд таалагдах гээд ядсан үйлдэл харагдаж байгаа юм.

Ийм байж болохгүй ээ, хүний хайртай үр амиа алдчихаад байхад хүнлэг, хүн чанартай ёсзүйтэй байхыг хүсье ээ, салбарын яам болон армийнхаан.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих