Хэрвээ би “Фортуна”-гийн эхнэр байсан бол

Хэрвээ би “Фортуна” Н.Батбаярын эхнэр байсан бол лав л цай чанаж, хоол хийхгүй.

Өөрөөр хэлбэл, галаас аль болох хол явна гэсэн үг. Гэрийн ажлаас илүүтэйгээр төрийн ажилд зүтгэх байсан юм. Харин өөрийнхөө оронд гал асаах нь битгий хэл бадрааж чаддагаар нь Н.Батбаярыг томилоход хангалттай баймаар. Хамгийн гол нь тэр өөрөө л энэ бүгдийг хүссэн шүү дээ. Өөрөө “Битгий галд ойрт. Гэрт орж болохгүй. Эмэгтэйчүүд хэрэггүй” гээд л байсан байх аа. Тиймээс л түүний эхнэр байсан бол галаас тогоо шанаганаас холуур байх байлаа.

“Фортуна” Н.Батбаяр үнэхээр сонирхолтой хүн юм. Тэрбээр төрийн тулганы галыг бадраах ёслолыг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн баярын өдөр хийхэд манлайлан оролцсон нэгэн. Хэрхэн, яаж тулганд гал бадраасныг хүмүүс телевизээр үзсэн биз. Харин ганц ч эмэгтэй хүн байгаагүйг анзаарсан болов уу. Чухам яагаад 15 ханатай, 12 баганатай шинэ гэрт эмэгтэй төрийн түшээ болон сэтгүүлчид харагдаагүйг “Фортуна” Н.Батбаяр мэдэхийн сайнаар мэднэ. Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойн өдөр төр улс, түмэн олны цог золбоог бадраах, үндэсний уламжлалт ёс заншлаа эрхэмлэх үүднээс жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-ний өдөр монгол төрийн тулганы галыг бадрааж байхыг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхөд уриалсан. Үүн дотор “Тулганы гал бадраах ёслолд эмэгтэйчүүд орохыг хориглоно” гэсэн үг, өгүүлбэр лав байгаагүй. Тийм байтал эмэгтэй гишүүд, сэтгүүлчдийг оруулахгүй хэмээн УИХ-ын гишүүн Н.Батбаяр хэлсэн байгаа юм. Нэг үгээр хэлбэл өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлсэн нь тэр. Харин түүний энэ үгийг УИХ-ын болон Засгийн газрын гишүүд дэмжсэн аж. Тэгээд л төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд эрчүүд цугларч. Бас болоогүй зарим нэг нь дээлийнхээ зах, нударгыг урж, бадраасан гал руугаа хийн шатаасан байх жишээтэй. Тиймээс тулганы гал бадраах ёслолд оролцсон төрийн түшээдийн эхнэрүүд тэднээр гал түлүүлэх хэрэгтэй. Чадахгүй гэх юм биш. Гал түлж чаддагийг нь бүх телевиз харуулсан шүү дээ. Тэгэхээр санаа амар даатгаад хийлгэх ёстой юм биш үү, манайхаан. Хоол яаж хийдгийг заагаад өгчихөд ч илүүдэхгүй байх. Тэгэхгүй бол хэсэгтээ л хэцүүднэ биз. УИХ-ын гишүүн Н.Батбаярын ингэж хэлэх болсон нь өөр шалтгаантай ч байж болох юм. Өөрөө охин үртэй учир тэднийгээ ирээдүйд “тогооны хүн” болголгүй улс орныг удирдах удирдагчид болгохыг зорьж байж ч мэдэх юм. Байж болох ч хувилбар биш гэж үү. Ямар ч байсан хүн амын дийлэнх нь болох нийгмийн баялгийг бүтээдэг чадварлаг эмэгтэйчүүд гал манах хэрэггүй боллоо. Харин үүнийхээ оронд эрчүүдээр цайгаа зөөлгөж, хоолоо хийлгүүлэн, галаа мануулах нь.

Нийгэмд эмэгтэйчүүд эрчүүдээс хавьгүй олон. Тэд эрчүүдээс дутахааргүй ажиллаж, үр хүүхдээ тэжээж, гэр орноо авч явдаг. Улс төр болон бизнест хөл алдахгүй яваа чадварлаг бүсгүйчүүд ч бий. Ардчилсан нийгэмд эрчүүдийг “харж” амьдардаг эмэгтэй хүн ховор болсон. Цаг хугацаа цоо шинэ үеийг зааж байхад “Фортуна” Н.Батбаяр “Тулганы гал тахихад эмэгтэйчүүдийг оруулахгүй” ч гэж байх шиг. Үүгээр ч зогсохгүй наадмын ногоон дэвжээнд гаргахгүй, тахилгатай ууланд эмэгтэй хүн гарахыг хориглодог. Энэ ардчилсан, эрх чөлөөт нийгэм мөн гэж үү. Уг нь УИХ-ын гишүүн Н.Батбаяр гал бадраах ёслолд эмэгтэйчүүдийг оруулахгүй  нь цаанаа учиртай юм гэнэ. Түүний хэлснээр цэргийн догшин хар сүлд цэнгүүлдэг Бурхан халдун уулынхаа газар шорооны дээжийг залсан болохоор оруулахгүй гэж шийдсэн аж. Уг нь миний санаж байгаагаар эрт үеэс л эмэгтэйчүүдийг галын бурхан хэмээдэг байсан шүү дээ. Гэтэл орчин үед амбицтай гишүүдийн санаачилгаар өөрчлөгдөж ч мэдэх юм.

Ц.Энхцэцэг

“Улс төрийн тойм” сонин


URL:

Сэтгэгдэл бичих