Г.Ганбаатар: Орхон аймагт хогын цэг дээрх гахайны толгойг таслан авсан байсан гэх мэдээлэл үндэслэлгүй

28

“Орхон аймагт гахайн мялзан өвчин гарсантай холбогдуулан 100 гахайг устгалд оруулсан. Гэтэл хогын цэг дээрх 50 гаруй гахайны толгойг таслан авсан байсан ба энэ хэргийн талаар ОБГ,МХГ эрэн сурвалжилахад 4  хиамны цехэд зарсан байхыг тогтоож түүнийг нь хураан булж далдалсан” гэсэн пост сошиалд тараад байна.

Хэргийн талаар МХЕГ-аас тодруулахад, “Энэ мэдээллийн бодит эсэхийг Орхон аймгийн МХГ-аас тодрууллаа. Дөнгөж сая аймгийн МХГ, ОБГ, Цагдаагийн байгууллагаас хамтарсан тус хогын цэг дээр хамтарсан шалгалт хийхэд ийм зүйл болоогүй нь гэсэн дүгнэлт гаргасан байна.  Харин тухайн мэдээллийг хэн, хаанаас сошиалд тараасан талаар цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна” гэлээ.

Мөн Орхон аймагт гахайн мялзан өвчний тархалтын талаар Орхон аймгийн ОБГ-ын дарга Г.Ганбаатараас тодрууллаа.

-Орхон аймагт гахайн мялзан өвчин дэгдэлт гараад байгаа. Үйл явц хэр байна вэ?

Манай аймагт гахайн мялзан өвчин гарсан. ХХААХҮ-яамнаас ажлын хэсэг томилогдон ирж шалган голомттой цэгийг тогтоон нэгдүгээр сарын 13-наас эхлэн 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоосон. Энэ хугацаанд 400 гаруй гахай устгалд оруулсан. Устгалд оруулахдаа горимын дагуу цэвэрлээд булшлаад явсан байдаг. Өнөөдрөөс 14 хоногийн хорио цээрийн дэглэм тавигдаж хязгаарлалтын бүсэд нэг ч гахай байхгүй болсон. Дэгдэлт, тархалт байхгүй.

-Орхон аймагт 100 гаруй гахай устгалд оруулаад хогын цэгээс 50 гаруй гахайны толгой алга болсон талаар мэдээлэл сошиалд тархаад байна. Энэ үнэ юм уу?

Өчигдрөөс хойш ийм мэдээлэл тархаад байна. Үүнийг үндэслэлгүй ташаа мэдээлэл гэж хэлмээр байна.  Өмнөх долоо хоногт 100 гаруй гахайг устгалд оруулсан үүнтэй холбогдуулан 50 гахай хогын цэг дээр толгойгүй байсан мэтээр худал мэдээлэл тараасан байх.

-Гахайг устгалд оруулж байна гээд хогын цэг дээр хаядаггүй биздээ?  Булж далдлах байх тийм үү?

Тиймээ. Иргэд,  ААН-үүд нэг дүгээр сарын 13-наас эхлэн дэгдэлт эхлэхэд үхсэн гахайгаа хогын цэг дээр авчирч хаясан байсан. Үүнийг нь цэвэрлэж устгалд оруулсан байгаа. Тэрнээс хогын цэг дээрх гахайны толгой алга болсон асуудал байхгүй. Хэн, хаанаас ийм үндэслэлгүй мэдээлэл тараасныг цагдаагийн байгууллагаас шалгаж, тогтоох байх.

Х.Соёл

 


URL:

Сэтгэгдэл бичих