Галд өртөж орон гэргүй болсон иргэдэд гэр олгоно

2011 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын зургаадугаар баг, Ивээл хорооллын 17 дугаар байранд гал гарч 22 айлын 85 иргэн орон гэргүй болжээ.

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар асуудлыг хэлэлцэн орон гэргүй болсон 22 өрхөд улсын нөөцөөс гэр олгохоор боллоо.

Малын тоо толгой өнгөрсөн жилийнхээс 10 хувиар өсчээ

Засгийн газрын 2012 оны анхны хуралдаанаар мал тооллогын 2011 оны урьдчилсан дүнг танилцууллаа.

Энэхүү дүнгээр 2011 оны жилийн эцэст манай улсын малын нийт тоо 36005,8 мянган толгойд хүрч, өмнөх жилийнхээс 3276,3 мянга буюу 10,0 хувиар өслөө. Урьдчилсан дүнгээр  адууны тоо толгой 2093,0 мянга, үхэр 2315,1 мянга, тэмээ 279,6 мянга, хонь 15509,1 мянга, ямаа 15809,0 мянгад хүрч, өнгөрсөн оныхоос адуу 172,7 мянга, үхэр 139,1 мянга, тэмээ 10,0 мянга, хонь 1028,7 мянга, ямаа 1925,8 мянган толгойгоор өслөө.

Малын нийт тоо 18 аймаг, Улаанбаатар хотод өсөж, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт 1,8-22,2 мянган толгойгоор буурсан байна.Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Говьсүмбэр аймагт малын тоо өмнөх оныхоос 5 төрөл дээрээ өсчээ.

Өвөрхөнгай, Архангай, Баянхонгор, Завхан, Говь-Алтай аймгууд хамгийн өндөр өсөлттэй гарлаа гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Хамгийн олон мал тоолуулсан эхний 5 аймагт Хөвсгөл, Архангай, Төв, Өвөрхангай, Хэнтий аймаг орж байна.


URL:

Сэтгэгдэл бичих