Тусгай зөвшөөрлийг хийж чадах хүмүүст өгөх бодлого барина

Хоёр гуравхан жилийн өмнө “хасах” зааж байсан Монголын эдийн засгийн өсөлт өнгөрсөн жил 20 хувьд хүрч, дэлхий нийт атаархангуйгаар харах болсон гол үзүүлэлт нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт юм. Уул уурхайн олборлолтоос өнгөрсөнтэйгөө харьцуулахад багагүй мөнгийг Монгол Улс халаасалж буй хэдий ч боловсруулалт хийж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй байгаа. Монгол Улсын амин зуулга нь өнөөдөртөө яах аргагүй уул уурхайн салбар бөгөөд эрх баригчид нь байгалийг баялгийг шүтсэн, түүнд түшиглэсэн төсөв баталж, бодлогоо боловсруулсан хэвээр байгаа юм.  Тиймдээ ч дээр дооргүй Монгол Улсын хөгжлийн зэвсэг, зам заах гэрэл болоод байгаа уул уурхайн салбарт бүгдээрээ шунах болсон хийгээд, энэ салбарт хөрөнгө оруулах, ажиллах, ашигт малтмал олборлох хүсэлтэй хүмүүсийн тоо ч жилээс жилд нэмэгдэх болсон билээ. Дээхэн үед “мал дагавал ам тосдоно” гэдэг байсан бол өдгөө ашигт малтмал ухвал баяжих боломжтой гэсэн ойлголт массын дунд хэдийн тархсан. Ямар сайндаа л  нэг хэсэг ашигт малтмалын лиценз авах гэсэн хүмүүс Ашигт малтмалын газрын өмнө хонон өнжин дугаарлаж, зодоон цохиондоо тулдаг байлаа шүү дээ. Яг өнөөдрийн “Хүний хөгжилийн сан”-гийнхаа мөнгийг авахаар  ардууд хүйтэнд  хөрж, халуун халан өдөржин, шөнөжин дугаарлаж зогсдог шиг л Ашигт малтмалын газрын үүдийг сахиж нойргүй хонодог байв даа. Замбараагүй олгосон ашигт малтмалын лицензээс болоод Монгол орны ихэнх газар нутаг мөнгөтэй, нөлөөтэй хүмүүсийн гарт орж, тэр хэрээр байгаль орчин чамгүй сүйдсэн, зарим сүйхээтэй нь ашигт малтмалын лиценз бөөндөж аваад гадаад дотоодод зарж чамгүй хөлжөөд авчихсан гэдэг юм билээ.  Тиймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгч хайгуулын лиценз олгох зөвшөөрлийг түр хориглох хуулийн төсөл санаачилж УИХ-аар батлуулсны үр дүнд өнөөдөр хэн дуртай, мөнгөтэй, танил талтай нь Монголын газрын доорх баялгийг өмчлөх, худалдах эрх нь хязгаарлагдсан. Энэ хуулийн төсөл хэрэгжээд хоёр жилийн нүүрийг үзэж буй агаад Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг хууль бусаар өнгөрсөн онд 192 лиценз олгосныг эс тооцвол хайгуулын лиценз шинээр нэмж олгохыг хориглосон Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ерөнхийдөө үр дүнгээ өгсөн. 2012 оны нэгдүгээр сарын 3-ны байдлаар Монгол улсын нийт газар нутгийн 14,6 хувьд нь ашигт малтмалын 3770 лиценз олгогдсон бөгөөд үүний 2500 нь хайгуулын, 1198 нь ашиглалтынх юм. Энэ нь Монгол орны нийт газар нутгийн 22,9 сая га талбайд лиценз олгогдсон гэсэн үг юм.

Ерөнхийлөгчийн санаалчилсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн хугацаа өнгөрсөн оны 31-нээр дуусгавар болсон. Энэ хуулийг дахиж сунгах эсэх нь УИХ-ын бүрэн мэдэлд бий. Хуулийг хугацааг дахиж сунгах уу, үгүй юу гэдгийг анхааралтай ажиглаж, сийм­хий гарвал хэргээ бүтээчих санаа­­тай Ашигт малтмалын газрын газар өргөдлөө аль хэдийн өгчихөөд отон хүлээж байгаа олон хүн бий гэнэ лээ.

Тиймээс л Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн баярт зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулганы индэр дээрээс Монгол Улсын Ерөн­­хийлөгч энэ талаар эрхэм гишүү­дэд, эрх баригчдад сануулга өгөхийг хүссэн биз. Тэрбээр “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг отон хүлээгчид олон байгаа. Хийх ёстой ажлууд ч бий. Гадна, дотны хүмүүсийн гарт, цүнхэнд байгаа ашигт малтмалын зөвшөөрөл нэг бүрийг ажил хариуцсан хүмүүс шалгаж байгаа. Тодорхой дүгнэлт гарах учиртай. Мөн буцаагдсан нэг ч зөвшөөрөл эргэж олгогдоогүй байх ёстой. Дээрээс нь би саяхан Монгол Улсын хилийн бүсэд 200 км хүртэл газар нутагт ашиглагдаж байгаа ашигт малтмал, мөн олгогдсон зөвшөөрлийг нарийвчлан шалгах чиглэл өгсөн. Хайгуулын тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын шинэ хууль гартал олгохгүй сунгах хуулийг УИХ-аас хурдан батлах хэрэгтэй” гэсэн Ерөнхийлөгчийн үг энгийн иргэдийн талархлыг хүлээ­сэн бол нөгөө талд энэ хуулийг дуус­гавар болохыг нь анаж суугаа, ашигт малтмалын хайгуулын лиценз авахаар горьдож буй нөхдийн том санаархлыг тас цохьсон, тэдний уур бухимдлыг багагүй төрүүлсэн байх.

Ерөнхийлөгчийн хэлснээр бол тусгай зөвшөөрлийг дарааллын өмнө байгаа нөхөрт биш, бас хайгуулын лиценз нэрээр ашигт малтмал олбор­лож түүхийгээр нь гаргаж хөлжихийг санаархаж буй нэгэнд биш, харин тусгай тендер зарлаж, байгаль орчин ээлтэй технологи ашиглан, уул уурхайн нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх том зорилготой түүнийгээ хэрэг­жүүлж чадах хүмүүст өгөх бодлого барих ёстойг сануулсан. Энэ зарчмыг ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалт гэсэн шат бүхэнд мөрдсөн тохиолдолд алтыг нь аваад авдрыг нь хэмхчээд хаядаг үзэгдэл үгүй болж магадгүй юм.

Өнөөдөр мөрдөгдөж буй, удахгүй өөрчлөгдөх 2007 онд батлагдсан Ашигт малтмалын хуульд Төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн тохиол­долд Монголын оролцоо 51 хувь бай­хаар заасан. Тэгвэл өөрийн хөрөн­­­гөөр эрэл хайгуул хийж илрүүл­­сэн ордын 34 хүртлэх хувийг Мон­голын төр эзэмших ёстой. Харин Ерөнхийлөгчийн тавьсан илтгэл дурдсан 51, 34 гэсэн тоо монгол­чуу­дын хувьд дээд хязгаар байсан бол одоо доод хязгаар нь болох агаад Монголын талын эдлэх эрхийн эхлэх хувь байх нь, энэ хувь өмнө нь зөвхөн стратегийн 15 орд дээр яригддаг байсан бол шинэ хуулиар бүх орд дээр хэрэглэгдэх юм байна гэсэн ойлголт төрж байна.

Гэхдээ энэ бүхэн хэрэгжих хүр­тэл лай ч бий, зай ч бий гэдэг шиг тодорхой цаг хугацаа хэрэгтэйгээс гадна  шинэ хууль батлагдаж гартал манаачийг манах шаардлага хүртэл гарах биз. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг хориг­лох тухай хуулийн хугацааг сунгах эсэхийг хурдхан шийдэхгүй бол Ашигт малтмалын хууль шинэчлэн бат­лаг­дах  гэсээр байтал чоно бороо­ноор гэгч болохгүй гэх баталгаа байхгүй. Тийм ч тохиолдол өмнө нь гарч байсан. Ашигт малтмалын газ­рын дарга нь 192 лицензийн асуудлыг сиймхий тааруулаад шийд­чих­­сэн хэргээсээ болж АТГ-д нэлээд хуга­цаанд шалгагдаж байсан шүү дээ. Тэгэхээр муу хүн чөлөөнөөр гэдэг л болчихгүй бол ямар ч байсан шинэ хууль мэндэлтэл шинээр лиценз олгогдохгүй нь ээ.

С.Нямсүрэн


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.