Хамтарсан Засгийн газар сонгууль хүртэл тэсэх үү?

Сонгуулийн жилийн анхны дуулиан хамтарсан Засгийн газар тарах уу гэдэг болж байна. Ерөнхий сайд энэ асуултын хариултад өөрийн байр суурийг илэрхийллээ.  “Бид улс орныхоо хөгжлийн төлөө нэгдсэн болохоос улстөржих гэж нэгдээгүй” гэж товчхон хариулт  гүйцэтгэх засаглалын тэргүүний амнаас гарлаа.

Тэгэхээр хамтарсан Засгийн газрыг  УИХ-ын ээлжит сонгууль дуусч халаагаа өгтөл  нь ажиллуулах сонирхолтой байгаа гэсэн үг гэж харагдаж байна. Гэхдээ толгойлж буй нам дотор нь АН-ыг одоо гэрээсээ гаргах цаг болсон, хариуцлагаа үүрэлцэхгүй ганцаарчилсан тоглолт хийгээд байхад аргадаж байх шаардлагагүй гэсэн бодолтой гишүүд олон байгаа. АН-д ч хамтарсан засгаас хөөгдөж бус хаяж гарах хэрэгтэй.

Тэд ч ганцаарчилсан тоглолт хийдэг. Засгийн газрын сайн талыг өөрийн намдаа нааж байна гэсэн гишүүд олон байгаа болохоор энэ хүсэл сонирхлууд өнөөдрийг хүртэл хамтарсан  тодотголтой гүйцэтгэх засаглалыг салгах сонирхлыг өдөөсөн. УИХ дахь АН-ын бүлгийн доторхи фракци ч энэ саналаа тодорхой хэлсэн байдаг.

Өнөөдөр АН-ын удирдлагууд сар бүр хийдэг уулзалт болох 4:11-гээ Төрийн ордонд хийнэ. Энэ уулзалтаар нийгмийн бус улстөр сэдэв ярихаар төлөвлөсөн гэдэг. Тэгэхээр  удахгүй болох Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар хамтарсан Засгийн газраас АН гарах, намын даргаа өөрчлөх эсэх асуултад хариулт өгөх болж байна. Шинэ биш энэ сэдэв хамтарсан Засгийн газар байгуулагдах цагаас сүүдэр мэт дагасан. Танхимын сайдын суудал хуваарилахад л хоёр намын зөрчлөөс илүүтэй суудал горилогчид нам намдаа гоморхож шүүмжлэгч болж үлдсэн.

МАН-ын хувьд босоо удирдлагатай болохоор гомдсон бүлэг тэгсгээд өрвөлзөхөө больсон. Харин олон фракциас бүрдсэн олон ашиг сонирхолтой АН-ын хагарал энэ өдрөөс гүнзгийрсэн гэхэд болно. Гомдогсдын бүлгийн дайралт үе үе хамтарсан Засгийн газрыг дайрч хэдэн сайдыг нь нэг нэгээр нь сугалах гэж оролдож байв. Үүнд хоёр намын бүлгийн гишүүд хүч хавсарч спикерт байж байгаад л огцруулах бичиг өргөн барьдаг болсон билээ.

Энэ хэвээр үргэлжилбэл огцруулах бичиг өргөн барих хугацаа ойртох байх. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ үзэглэсэн, Тавантолгойн ордыг  эдийн засгийн эргэлтэд оруулж ард иргэдэд хувь эзэмшүүлэх болсон үеэс  гүйцэтгэх засаглалыг  тараах, огцруулах сонирхол улам нэмэгдсэн. Энэ танхимын хамгийн барцадтай нь Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Ерөнхий сайд С.Батболд нар байсан гэхэд болно.

Тэр хэрээр АН-ын гишүүдийн засгаас гарах хүсэл нэмэгдэж нам доторхи УИХ-ын гишүүн З.Энхболдын тэргүүлдэг Ардчилсан хүчний холбоо, ЗТБХБ-ын сайд Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ фракци хүч хавсран бусад бүлэглэлийг нэгтгэж зорилгоо биелүүлэхээр зүтгэж байна. ҮЗХ-ний хуралдаанаар энэ асуудлыг  ярих болно гэдгээ ч ил тод мэдэгдсэн. Хэдийгээр тэд цөөхүүлээ мэт харагдаж байгаа ч ард нь олон гишүүн байгаа гэж хэлсэн.

Харин намын дарга, генсек гээд удирдлагууд юу гэж бодож байгаа нь өнөөдөр тодорхой болно. Эвсэж нийлэхийн хамгийн хэцүүгийн жишиг болсон хамтарсан Засгийн газар ямар боловч гурван жил зургаан сар амьдраад байна.

Б.Ургамал shuud


URL:

Сэтгэгдэл бичих