Аав ба битүүн

799

Цайныхаа дээжийг өргөхөд, арц уугихад, хайлмагийн хурц үнэр гэр дүүрэн ханхийхэд, өндөр настай ээжийгээ харахлаар, зурагтаар уртын дуу уянгалахад, бөх барилдахад, авдран дээр зулын гэрэл сүүмэлзэхэд аав л их үгүйлэгддэг юм.


Амьдрал үргэлжилж, цаг хугацаа хайр найргүй урсан, алдаж гээсэн хайран хүмүүсээсээ сэтгэл эрхгүй алсардаг хорвоо гэвч… Цагаан сарын битүүнд аавыгаа өгүүлшгүй ихээр санадаг юм аа. Аавгүй шинэлсэн 12 жил өнгөрч байгаа ч он оны битүүний өдөр хачин эзгүй, хоосон оргидог хэвээр. Цайныхаа дээжийг өргөхөд, арц уугихад, хайлмагийн хурц үнэр гэр дүүрэн ханхийхэд, өндөр настай ээжийгээ харахлаар, зурагтаар уртын дуу уянгалахад, бөх барилдахад, авдран дээр зулын гэрэл сүүмэлзэхэд аав л их үгүйлэгддэг юм.

Монгол айлд Цагаан сарын битүүн шиг гэр орны уур амьсгал, эцэг эх, үр хүүхдийн нандин харилцаа, ажил үүргийн хуваарь хамгийн тод илэрдэг амин зүрхний өдөр ховор тохиодог мэт. Цагаан сарын зоогийн ширээ засах нь битүүний гол ажил бөгөөд гэр бүлийн гишүүн бүрийн идэвх оролцоог дайчлан, сонгодог бүтээл туурвих дайны ур дүй, авьяас мэдрэмжийг хослуулна. Манай гэр бүлийн хувьд битүүнд энгийн баяр ёслолтой харьцуулахад ээжийн ажил харьцангуй хөнгөн. Ээж битүүлгийн цайгаа чанаж, хайлмаг хайлаад, зулын шар тосоо зэхэн, идээ засах тавгаа арчаад тавьчихвал болоод явчихна. Харин аавын ажил өглөөнөөс л ундарна. Ууцаа чануулахаар шуудайтай махаа үүрч гарахаас аавын минь маш завгүй битүүн эхэлнэ дээ. Малгайнхаа хоёр чихийг далбагануулан шогшсоор, зоогийн мах шүүсээ гэр рүүгээ хэд дахин увуулан цувуулан зөөсөөр их үдийн хэрд том ширээнийхээ ард зогсож авна. Ууц, дал дөрвөн өндөр, толгой гээд бүх зүйлийг ном ёсоор байрлуулан тавихын өмнө аавын нямбай зан дээд цэгтээ илэрч, ууцанд наалдсан нитгэл, үс зэргийг ширхэг бүрчлэн түүнэ. Нэг гуя нь сул унаад ирдэг хуучирсан шилээ өндөр хянгатай томоо хамар дээрээ тохчихоод, хөлсөө ханцуйгаараа шудраад л үзээд байна шүү дээ. Манай аав нямбайлаад ирэхээрээ андашгүй. Хошуугаа цорвойлгон урт урт үлээгээд ирдэг юм. Ингээд ууцаа тавган дээр нь ёслол төгөлдөр залахын цагт бэр эгч бид хоёр ул боовоо өрж, цагаан идээгээр битүүлэн идээгээ засна. Аав магтаж гарна. “Үгүй мөн сайхан аа. Яаж ингэж өнгөтэй засдаг юм. Энэ жил лав хийморьтой дог” гээд л. Аанай л нүдний шилнийхээ дээгүүр харчихсан, догь гэгч инээчихсэн… Ээжийн цай аль хэдийн пурхийчихээд байхад л дэмий шахам шалавлуулаад л… Ээжийг худал яаруулаад л… Ээж байдгаараа тэвдчихнэ. “Хөгшөөн хоёулаа ганц өнөөдөр маргахгүй шүү дээ хө, тийм ээ” гээд аав ээжийг аргаданхан, хайрланхан дуугарна. Чинхүү дотно, утга төгөлдрийг энгүүн сайхан хүүрнэлдэнэ. Элэг дүүргэсэн халуун амьсгалыг аав минь битүүнээр бидэндээ хайрладаг байлаа.

Аав минь хар бор ажил гамгүй хийсэн атлаа өтөл насандаа ч тэгш сайхан хуруунуудтай, цэмцгэр гартай хүн байлаа. Арц уугиулахаар нарийн жим татуулан чимхэх, зулын гол орооход нь би аавыгаа нэгбүрчлэн харж суух дуртайсан. Бурхдыг дүрсэлдэг шиг бодит бус гэмээр том чихтэйг нь, хөгшрөөд бүр ч том, дэндүү дэлдэн болчихсоныг нь… Би аавыгаа хараад л сууснаас биш огт хийлцэж байгаагүй тул гол ороох, арц уугиулах гэх мэт чимхлүүр зүйлд суралцсангүй ээ. Гэхдээ гэр бүлдээ хязгааргүй үнэнч, хариуцлагатай эцэг эхээ харж өссөн учраас ийм байхыг энгийнээс энгийн олон зүйл дээр сурсаан.

Авдрын үнэр нэвт шингэсэн гоёлын дээл, даалинтай хөөргөө битүүний үдэш гаргаж, маргаашийн золголтдоо бэлдэж байдаг ганган аав минь. Хэлээ хазлан үнсдэггүй, хошуу дэвсэж эрхлүүлдэггүй хэрнээ бүхий л анхаарал халамжийнхаа төвд өсгөж өндийлгөсөн ухаалаг хэрсүү аав минь. Хэнз охиноо ах дүүдээ магтаж, өөрөө түүндээ магнайгаа хагартал жарган суудаг хөөрхий аав минь. Янхигар цээжиндээ ялимгүй томдсон дээлээ өмсчихөөд “Жаахан шарга”-аа халамцуухан, ханхалзан дуулдаг уяхан аав минь. Энэ амьдралд жаргасан болов уу, би өөрөө жаргааж чадлуу гэж бодохоос зүрх алддаг аа. Төлөө нь юу ч хийгээгүй л бодогдоно, үр хүүхэд нь болж заяаснаас бусдаар …

Гал цог нь харьсан ч хайр юүлэн гүнзгий ширтэгч харцыг нь, жинхэнэ эр хүн, эцэг хүний тухай ойлголтыг хэзээ ч өөрчлөгдөхгүйгээр чанга хатуу төлөвшүүлж өгсөн өндөр дээд түвшинийг нь их санах юм даа. Эмгэн болсон хойноо ч битүүний өдөр болгонд аав, ээжээ үгүйлэн хайрласаар л байх бяцхан охин нь.

Б.Энцэцэг

UB.LIFE


URL:

Сэтгэгдэл бичих