Ерөний сайдаа! Яахаараа ингэж тулгаж шийдвэр гаргаж, ажил будилуулж байдаг юм бэ

806

ЕРӨНХИЙ САЙДАА! Энэ Монгол чинь хэдэн нүцгэн хүнтэй эзгүй арал юмуу, эсвэл хэнээс ч хамааралгүй Хойд Солонгос юмуу? Засгийн газар яахаараа ингэж үргэлж тулгаж шийдвэр гаргаж, ажил будилуулж байдаг юм бэ? Олон улсын хурал зөвлөгөөн, гадны түншүүдтэй хийхээр төлөвлөсөн зүйлс, нааш цааш нислэг, ажил хэрэг энэ бүхэн яах вэ? Хэдий болтол төлөвлөлтгүй, тэр өдрийн тэнгэрт даатгаж, галзуу юм шиг амьдрах юм бэ? Би өөрийгөө орчин үеийн соёлт орны 2 сая дөхүү хүн амтай Нийслэл хотын иргэн гэж боддог. 21-р зуун гарчихаад байхад хөдөө заншил, нарны цагт захирагдаж байгаад гомдолтой байна. Энэ Засгийн газарт цаг хугацаа, ажлын төлөвлөлт, хариуцлага гэж мэддэг хүн байна уу? Японд лав тухайн жилийн бүх ажлын болон амралтын өдрүүд аль хэдийн гарчихсан, календар нь жил жилээрээ тогтсон байдаг. Захын компанийн дундаас дээш менежер, хэлтсийн даргаас асуугаад үз. Ирэх 6-р сарын төлөвлөгөө нь өдрөөрөө биш, бүр цагаараа гараад битүү зоочихсон байх вий. Таны болон манайхны гэнэтийн айлчлалууд яаж гай болдогийг мэддэг ч үгүй байх! Хүлээн авч байгаа бүх хүний төлөвлөгөөг самарч хаядаг юм. Тэд дипломат зангийн үүднээс наанаа хэлэхгүй л дээ. Түүнээс биш таны Ерөнхий сайд байх нь хамаагүй. Захын бизнесмэн тан шиг дампуу биш, нягт нарийн төлөвлөгөөтэй учир одоо уулзъя гэвэл “нөү” шүү дээ. Ерөнхий сайдаа, дэлхийн иргэншилт хэсэг нь ингэж амьдарч байна. Ийм наад захын соёлтой нь хөл нийлүүлж чадахгүй байж нефть-химийн үйлдвэр, Эрдэнэс Таван толгойн IPO, мега төслүүд, төмөр зам, ёстой цаашаа шүү дээ! Төлөвлөлтгүй, галзуу хүмүүстэй хэн хамтарч ажиллах билээ?
Жилд ганц удаа биш, хэд хэдэн удаа улс даяар нь сэгсэрч хаядаг Засгийн газартай. Сурагчдын амралт гээд л бас хэдхэн хоногийн өмнө гэнэт өөрчилнө. За хичээл орох нь гэтэл 7 хоногоор сунгана. Түүнийг амралт байсан өдрүүд рүү огцом шилжүүлэх учраас гадагш дотогш явах гэж байсан хүмүүс эсвэл нислэгээ цуцална, эсвэл таслаад цайгаад явна. Өвөл утаа униар ихэсч, ханиад томуу дэлгэрдэг үеийг бид олон жилийн дунджаас мэднэ. Яагаад эртхэн календараа зоочихож болдоггүй юм? Зарим баярууд тухайн үеийнхээ гаригийн байдлаас хамаарч шилжүүлэх нь үр дүнтэй байж болно, түүнийг яагаад жилийн өмнөөс тооцчихож болдоггүй юм? Хэд хоног амрах нь дүүрч, хэд хоног ажиллах нь дүүрч. Гол нь төлөвлөгөөтэй, замбараатай, хариуцлагатай амьдармаар байна! Ийм гэнэтийн тогтоол, шийдвэр гаргаж иргэдээ хохироохгүй байхыг НИЙСЛЭЛИЙН СОЁЛТ ИРГЭДИЙН ӨМНӨӨС ШААРДАЖ БАЙНА!

М.Тулгат

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.