Шатахууны үнэ нэмэгдлээ

Өчигдөр буюу 6-ны орой 19.00 цагийн үеэс эхлэн шатахууны үнэ 300 төгрөгөөр нэмэгдэх нь гэсэн чимээ хот даяар тарж, улмаар шатахуун түгээх станцуудын дугаарлалт хурдацтай нэмэгдэж эхлэх нь тэр ээ.

Удсангүй шатахууны үнэ үнэхээр нэмэгдэж, АИ 92 бензин 1590 байсан бол 1850 болж нэмэгдлээ.
Гэвч энэ нь шатахуун түгээх станцуудад харилцан адилгүй байгаа юм. Жишээ нь өнөө өглөөний 10.00 цагийн байдлаар гуравдугаар хорооллын “Баянгол” захын зүүн талд байрладаг “Петровис” компанийн ШТС-д үнэ нэмэгдээгүй байна.

Импортлогчдоос энэ талаар лавлах гэсэн боловч даваа гаригт холбогдохыг хүссэн юм.

Импортлогчид Засгийн газарт үнэ нэмэх шаардлагатай байгааг илэрхийлсэн гурван удаагийн захидлыг оны өмнө илгээсэн боловч Засгийн газрын зүгээс ямар нэгэн хариу өгөөгүй аж. Гэтэл ам.долларын ханш огцом өсч, Монголбанк болон Засгийн газрын зүгээс ямар нэгэн арга хэмжээ авалгүй хэт удсан нь шатахууны үнэ нэмэгдэхэд түлхэц болжээ.

Хэдхэн сарын дотор 1440 болтлоо өссөн ам.долларын ханшийг Монголбанк харсаар зохицуулж, чадахгүй байгаа бөгөөд Сангийн яам ч таг дуугүй байсаар л.

Цагаан сарын өмнө сая төгрөг тараана гэж амласан, ам.долларын ханшийг барьж чадаагүй, Монголбанк бодлогын хүүгээ нэмсний улмаас банкуудын зээлийн хүү өссөн, хамтарсан нэрээр явж байсан Засгийн газар задрах нь ойлгомжтой болсон гээд олон олон “бүтэлгүй” алхмууд С.Батболдын засгийн газрыг шил даран “хөөж” явна. Гэтэл Ерөнхий сайд хаа л бол хаа үг хэлэх бүртээ “нэг хүнд ногдох ДНБ 3000 ам.доллар боллоо, удахгүй улам ч нэмэгдэнэ” хэмээн ярьсаар л явна.

Дашрамд сануулахад, Монголбанкнаас “2012 онд инфляцыг нэг орон тоонд барина, бодлогын хүүг нэмэхгүй” гэж оны өмнөхөн амласан билээ.

Харин бензин, түлшний үнэ нэмэгдсэн даруйд худалдаачид бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмдэгчлэн такси гэхэд л өнөө өглөөнөөс км тутамдаа 800 төгрөгөөр үйлчлэх болсон талаар уншигчдаас мэдээлэл ирж байна. Ийнхүү наймаачид ямар ч тооцоогүйгээр амандаа орсон үнийг хэлж иргэдийг хохироох байдал хэрээс хэтэрч эхлэх нь ээ.

Ийнхүү Монголд амралтын өдрүүд болон баяр наадам тохиолдуулж элдэв арга заль хэрэглэх, иргэдэд хохиролтой шийдвэр гаргадаг гаж “заншил” тогтжээ.

О.Ариунбилэг


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.