Д.Ухаанзаяа: Бичлэгийг анх нийтэлсэн хүнийг нэр хүндэд халдсан хэргээр шүүхэд өгнө

MG_1099-700x400Сүүлийн өдрүүдэд Бурхан урлаач Д.Ухаанзаяагийн “Эр эмийн ажлыг хийх үедээ зэрэг найтаах юм бол таван сарын дотор үхлийн ёр орж ирнэ. Эрийн дусал цагаан байхаа больж хар, улаан гарвал зургаан сарын дотор үхнэ” гэх мэт үхлийг зөгнөсөн үйлийн талаар ярьсан бичлэг цахим ертөнцөд багагүй шуугиан тарьсан.

Энэ талаар болон ирэх жилийн өнгө, сар шинийн баяраар Монгол түмэнд юуг анхаарч, ямар зан үйлийг чухалчлах ёстой талаар “Цаглашгүй гэрэлт” шүтээн урлалын төвийн тэргүүн, бурхан урлаач, буддын гүн ухаан судлаач Д.Ухаанзаяагаас тодрууллаа.

-Тун удахгүй “Урвуулагч” хэмээх шороон гахай жил гарах гэж байна. Ирэх гахай жилийн өнгө ямархуу байх нь вэ? 

-Энэ жил “Урвуулагч” хэмээх шороон гахай жил гарч байгаа. “Урвуулагч” гэдэг нь зүгээр билэгдлийн шинжтэй. Тэрнээс өөр утга байхгүй. Ерөнхийдөө жилийн ноён нуруу гайгүй гарч байгаа, ч жилдээ жоохон хямралтай. Шороон үхрийн шинжээр бол зуны цагт хур бороо элбэгтэй, жилийн турш өвс, ногоо, тариа сайтай, хавартаа цас ихтэй, өвлийн адаг сард хур бороо арвин орохоор байгаа. Өндөр настай хүмүүст ээлтэй, залууст ширүүн, хүүхэд нялхаст маш ширүүн байхаар байна.  Тэгэхээр энэ жил нялх, нярай хүүхдүүдтэй эцэг, эхчүүд онцгой анхаарч, энхрийлүүштэй байх нь чухал. Харин залуучууд маань үйл, үйлдлээ хянаж, явдал мөрөө цэнэх хэрэгтэй.

-Сар шинийн баяраар иргэд юуг анхаарах ёстой байдаг юм бэ?

-Шинийн нэгнээс 15 хооронд бурхан шүтээнээ сэлбэж засах, буян хураах, засал номоо хийлгэх, хойшдын жилийнхээ буян заяа, ажил үйлсээ тэгш байлгах засал ном нарийн зурхай зуруулж өөрийнхөө төөрөг тавиланг тэгшитгэдэг. Тиймээс хүн бүр засал номоо хийлгэх ёстой. Жилийн заслаа шинийн 15-ны дотор хийлгүүлбэл мэдээж  сайн. Эл өдрүүд адислагчтай өдөр учир буян хураахад түм бум болон арвиждаг. Энгийн өдрүүдээс хэд дахин илүүтэй буян ном хурна гэсэн үг юм. Мөн гэр орон, хороо хотоо цэвэрлэдэг уламжлалтай баяр юм. Хилэнцтэй үгийг хэлэлгүй буянийг хурааж, ахмад настнууддаа хүндлэл үзүүлэн золгох хэрэгтэй. Ингэснээр настан буурлуудынхаа буян заяаг өөртөө дуудаж авдаг.

-Шинийн нэгний өглөө гэр бүлийн гишүүн бүр мөрөө гаргах ёстой юу. Зөвхөн өрхийн тэргүүн эрэгтэй хүн нь гаргаж болох уу?

-Манайхан их туйлшрамтгай улс. Өрхийн тэргүүнд хамаг зүйлээ даатгаад  өөрсдөө үл тоодог нь их буруу. Үйл хийгээд эхлэсэн л бол заавал хүн болгон зүг мөрөө гаргах ёстой. Шинийн нэгний өглөө зүг мөрөө гаргадаг уламжлалтай. Угтаа бол өдөр болгон зүг мөрөө гаргаж байх ёстой юм. Бид  тэрийгээ хийхгүй ёс уламжлалаа алгасчихдаг учраас эхний “шинэ сар” дээрээ зүг мөрөө гаргачихвал хойшид сайн сайхан болно гэсэн номын ухаан юм. Цог хийморийн зүгрүүгээ гараад, буян хишгийнхээ зүгээс орж ирэх ёстой юм.

-Таны хэлсэн үг цахим орчинд багагүй шуугиан тарьж байна. Энэ талаар тайлбар өгч болох уу?

-Тэр бичлэгний тухайд бол миний 10 жилийн өмнө тавьсан гурван цагийн лекцээс зөвхөн тэр хэсгийг нь тасалж аваад цацсан байна лээ. Тэдгээр зүйлийг би өөрөө зохиож эсвэл зөгнөж хэлээгүй. Түвдийн анагаахын атлас гэх алдартай номон дээр бичигдсэн зүйлээс иш татаж ярьсан байгаа. Гэтэл ямар ч тайлбаргүйгээр зөвхөн үхнэ гэсэн хэсгүүдийг нь аваад тавьсан байна лээ. Би тус бичлэгийг анх нийтэлсэн газрыг хүний нэр хүндэд халдсан хэргээр шүүхэд өгнө.

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих