Бор тагшны ээдэм

Өглөө нь гаргаж тавьсан сүү үдэд хөлдүүс болтлоо царцаж, барьцалдсан идэр есийн ид үед тэртээд үзэгдэх хүрэн толгодын энгэрт ганц гэрийн уртаа хар яндангаас хөх утаа суунаглан хөвсөвр үүлэнд тулж уусан алга болно. Гэрийн ойролцоох өвөлжөөнд хэдэн тугал залхуутайяа өвс зажилна.

Харин гэрийн дотор дүрэлзэн асах галын чад чад хийх чимээнээр нэгэн эмгэн гаансаа нэрсээр цайгаа буцалгана. Удалгүй гэр дүүрэн халуу оргиж, эмгэн цайгаа оочих зуур дух, хамраас нь хөлөрч тогтсон хөлс духных нь үрчлээсэнд долгиотож бөмбөрнө. Тасралтгүй урсаж байгаа хөлсийг шар торгон дээлийнхээ ханцуйгаар нэг шувтраад хоймор өөд мөлхсөнөө гоёмсог торгоор гоёсон Ногоон дарь эхийн урд байсан зулыг асааж амандаа шивнэж, хэдэнтээ мөргөв.

Эмгэн энэ насыг элээхдээ энэ авдарын ирмэгт хэдэн ч удаа мөргөснийг бүү мэд.

Тэгснээ баруун хоймор өөд бөхөлзөж, хуучирсан шар даавуунд их л нандигнан боосон таван бор тагшийг гаргаж, гялалзтал өнгөлж арчсанаа гал дээр тавьсан бүлээн сүүнээсээ дүүргэж, ээдүүлэг хийчихээд гарч одов.

Дулам эмгэн Авдрантын уулын энгэрт насыг барж байна. Цагтаа энэ уулын нөмөр энгэрт танан цагаан гэрүүд арав арваараа айлсаж, адуу мал хонь хурга нь хотлоор нэг багширч, үй түмэн багачуул үүгээр түүгээр наадан гүйлддэг байсан цаг. Гадуураа нэг эмээл хазаарыг эгнүүлж тавьсан том цагаан гэрт малчин Цэмбээ эхнэр Дулмын хамт сууна.

Эднийх таван бандитай. Дулам эмгэн таван бандийнхаа идэж уух, өмсөж зүүх, угааж цэвэрэхэд дарагдана. Зах зээлийн нийгэмд шилжиж байсан үе. Гурил будаа гэдэг чинь ховрын хүнс байлаа. Өдөржин малынхаа захад өнждөг Цэмбээгийн хувьд ойр ойрхон гурил будаанд яваад байх нь цөөхөн. Хааяа нэг айл саахалтынхаасаа адуу малаар наймаалцаж байгаад л ганцыг авах боловч сарын өлийг үл даана.

Цэмбээгийн бор банди нар морь маланд эрэмгий, ууж идэхэд дайчин өссөн. Малчин Цэмбээ гарын ур дүй сайтай байж. Тэдний гэрийн орчин тойронд нямбай сийлсэн сийлбэрүүд олонтаа харагдана. Цэмбээ хөвгүүддээ зориулж, бага оврын модон тагш хийж өгсөн нь энэ аж.

Баяр болохоор авдрынхаа ёроолоос ухаж гаргадаг гангарааны аяганууд нь эдгээр тагш. Эднийх хөдөөний айл гэхэд Цагаан сараас илүү шинэ жилийг өргөн дэлгэр тэмдэглэдэг байж. Жил бүрийн идэр есийн энэ хүйтэнд Дулам эмгэний таван хөвгүүн ээжийнхээ ээдүүлэн тавьсан чихэртэй ээдмийг идэх дуртай. Орц жорыг гайхалтай тааруулж, хийдэг энэ арвигүй идээг ойр хавийнх нь бор жаалууд ч бас амтархан иддэг байлаа.

Жил ирэх тусам хөвгүүдийнх цугларах нь багасч, хааяа нэг зуны дэлгэр цагт ганц нэгээрээ л дайрч өнгөрдөг байв. Хэдийгээр Цэмбээгийнх олон малтай ч хөвгүүдээ хот хүрээ оруулж, эрдэм номын мөр хөөлгөжээ.

Цас шажигнуулан ийн алхаж байтал урд зүгээс хоёр бараан морьтой хүн нохой боргуулсаар ойртлоо. Ажваас айл саахалт явсан Даш хүүгийнхээ хамт ирж яваа айсуй.

Даш ойртож ирээд:
-Амархан сайн байна уу. Таны бие лагшин тунгалаг уу гэхэд

Дулам эмгэн:
-Гайгүй дээ хүүхээ гэв.

-Одоо баяр болж байна шүү дээ. Төв орж жаал юм цуглууллаа гэсээр Даш гэрт нь оров.

Даш малгайгаа авч, халзан толгойгоо нэг илснээ ширээн дээр өрөөстэй байгаа ээдэмтэй тагшнуудыг хараад:
-Хөөх та чинь аль хэдийнээ баярын ширээгээ зассан байх чинь гэхэд эмгэн

-Хүүхээ зам даваа хэр байна. Хөвгүүдээс минь сураг байна уу гэж лавлахад:

-За гайгүй дээ. Гэхдээ хонхор ихтэй газраа хунгар тогтчихоод яггүй бололтой юм. Танай хөвгүүдээр орж амжсангүй гэж цайгаа оочин суув.

-Манай энэ таны хийсэн ээдэмд үгүй мөн дуртайг яана гэж Дашийг мар мар инээхэд хажууд суусан хүү нь ичсэн байдалтай газар ширтэн сууна.
Эмгэн битүүхэндээ зөөлнөөр инээмсэглээд ширээн дээр тавьсан тагштай ээдмийг жаал хүүд өгөөд:

-Ид, ид хүү минь гэсээр гараа сунгав.

Даш:
-Өө та яах нь вэ дээ гэв. Шинэ жилийн эхний энэ өдөр эмгэн Дулмаа эргэнэгийнхээ захаас жижгэвтэр ваартай нэрмэл гаргаж, хундагалснаа Даш өөд сарвайлаа. Даш түүнээс нь ядам хуруугаараа тэнгэр өөд цацлаад хөнтөрч орхив. Даш эмгэнийнд өдөржин дуулж өнжлөө.

Нүд нь сүүмийж халамцсан Даш эмгэн өөд:
-Та одоо эзгүй хээр газар ганцаар юу хийнэ. Хот хүрээ бараадаж, хэдэн хүүгийнхээ хаяанд очвол яасан юм бэ дээ гэж их л зөөлнөөр өгүүлэхэд эмгэн

-Нас өтөлж, бие доройтсон ч нутгийнхаа буурийг би сахихгүй гээд яах билээ дээ гээд эмгэн зугуухнаар галаа өрдлөө.

Хэдэн жил хүний бараа хараагүй эмгэний хувьд энэ шинэ жилийн өдөр сайхан санагдаж, үе үе Дашийг дагаж, дуу аялан хөгжилтэй өнгөрүүлэв. Хэдийгээр Дулам эмгэний таван хүү ирээгүй ч гэлээ эмгэн өнөөх бор тагшнуудад хийсэн ээдмээ хэвээр нь үлдээв. Магадгүй шинэ жилээр биш юм аа гэхэд өөр нэг өдөр давхиад л ирнэ дээ гэж битүүхэндээ горьдсон хэрэг.

Энэ өвөл хөвгүүдээс бараг сураг байсангүй. Гэвч ширээн дээр эгнүүлж тавьсан бор ташгтай ээдэм харин бүлээн хэвээр л….

МЗЭ-ийн шагналт яру найрагч Б.Мягмаржав

Эх сурвалж: “Архангайн амьдрал”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.