“Хамтарсан Засгийн газраас гарлаа гээд АН сонгуульд ялахгүй”

Монголчууд “үхрийн сүүлэн дээр хутга” хэмээн  эртнээс нааш  ярьж, сургаж ирсэн. Энэ үг бол  ямарваа  ажлыг дуусгахын өмнө болгоомжтой байхгүй бол болохгүй  гэсэн утга санааг илэрхийлдэг.  Тэгэхгүй бол “үхэр муулаад дуусахдаа хутгаа хугалахын үлгэр”  болно гэсэн үг.

АН-ын, хамтарсан засгийн газраас гарч байгаа үйлдэл нь өөрийн эрхгүй энэ үгийг санагдууллаа. Тэд ийм үйлдэл хийснээрээ сонгуульд амжилт олно гэж  тооцсон  бололтой. Тэдэнд хандаж “Их идсэн ч өмхий, бага идсэн ч өмхий”  гэж  хэлэх байна. Өөрөөр хэлбэл сонгууль болоход 6 сар хүрэхгүй  хугацаа дутуу байхад ингэж авирлах  улс төрийн хожил гэхээсээ хожигдлыг л араасаа дагуулах  магадлалыг ихэсгэх болно. Хэрвээ АН-ынхан ингэж  хамтарсан Засгийн газраас гарах байсан бол юм анхнаасаа яах гэж энэ Засгийн газарт орсон юм  бэ? Ардчилсан хүчний холбооныхон нь  аль эрт  хэлээд байхад нь Засгийн газраас  жилийн өмнө ч юмуу, хагас жилийн өмнө ч юм уу гарах нь яасан юм бол?

Тэдний  энэ үйлдэлд ард түмний эрх ашгийг бодсон нэг ч “үнэр” алга. Гэхдээ тэд яаж ийгээд бүх үйлдлээ ардчилал, ард түмнээ бодсон мэтээр тайлбарлана. Аль эрт  тэд ардчилалаа, ард түмнээ бодсон бол арай  өөр үйлдэл хийх байсан.

Одоо МАН “галаа ганцаараа манана, гал манах шинэ хүмүүсийг засагт оруулж ирнэ, тэд нь сонгуулиас өмнө галыг нь баахан төнхөнө, үнс, хөө  торгогийг нь бужигнуулна.  Эцэстээ    төрийн гал дүрэлзэх биш, дөл болон улалзана.”  Үүнийг нь хөндлөнгөөс харж суух АН-ынхан, МАН-ынхны арай ядан улалзуулж байгаа дөл дээр  тос биш ус усгаж унтараахыг оролдоно. Гэхдээ тэд нэг зүйлийг мартжээ.  Дөл болон улалзаж байгаа модны зомголуудуудтай хамт өөрсдийнх нь нэр төр, алдар хүнд хамт шатаж байсан  гэдгийг мартжээ.

АН-ынханы зарим нь  хамтарсан газрын  газарт ажиллахдаа хангалттай мөнгө хураачихсан гэж  бололтой. Мөнгөтэй болохоор тэд  одоо засгийн газарт ажиллаж байхаас илүү дараагийн сонгуульдаа бэлтгэж  ажиллах цаг зав хэрэгтэй болсон бололтой. Мөнгө байна, зав алга, тэгэхлээр зав гаргах хэрэгтэй, ингэх шилдэг арга нь Засгийн газраас гарах буюу засгийн газрыг орхих. Гэхдээ  2008 оноос хойшхи төр засгийн бүхий л  үйл хэргийг, хүссэн хүсээгүй АН-ынхан үүрэлцэнэ. Сонгууль дөхлөө гээд гаргаж байгаа тэдний  дээрх   үйлдэл,  сонгуулийн дундах жилүүдийн улс төрийн харуцлагаас зугатаах, мултарах  боломжийг  тэдэнд олгохгүй. Тийм л учраас би “Их идсэн ч өмхий бага, идсэн ч өмхий” гэж хэлээд байгаа юм.

Ард түмэн тэнэг биш, тэд бүхнийг харж байгаа, “Ханилж яваад нөхрөө орхиж чадаж  байгаа хүмүүс, уулын бугыг хараад унасан морио ч бас  орхиж чадна” гэдгийг харин бид сонгууль болтол мартах учиргүй…

Ц.Гомбосүрэн


URL:

Сэтгэгдэл бичих