Аргентины Ерөнхийлөгч асан Киршнер сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байна

88

Аргентины Ерөнхийлөгч асан Кристина Фернандес де Киршнер тус улсын төрийн тэргүүний албан тушаалд дахин өрсөлдөхөөр төлөвлөж байгаа тухай “Reuters” агентлаг эх сурвалжуудынхаа мэдээллийг иш татан уламжилжээ.

“Түүнд өөр сонголт байхгүй учраас тэрбээр нэрээ дэвшүүлнэ” гэж “Reuters” агентлагийн эх сурвалжуудын нэг мэдэгдсэн байна. Гэхдээ Киршнерийн тэргүүлдэг “Ялалтын төлөөх фронт” намын төлөөлөгч түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж буйг нотлоогүй бөгөөд харин намынх нь эмхлэн байгуулсан ямар ч Засгийн газар дотоодын зах зээлийг дэмжих зорилгоор ажилчин давхаргын худалдан авах чадварыг нэмэгдүүлэхийг зорьж ажиллана гэдгийг онцлон хэлжээ.

“Reuters” агентлагийн мэдээлж буйгаар, хэрэв Киршнер ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдвэл Аргентины одоогийн төрийн тэргүүн Маурисио Макри түүний гол өрсөлдөгч болно. Макри инфляци болон эдийн засаг унасантай холбоотойгоор ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаа юм. Тэрбээр сонгуульд дахин өрсөлдөнө гэдгээ өнгөрсөн оны 11 дүгээр сард мэдэгджээ. Аргентины ерөнхийлөгчийн сонгууль 10 дугаар сард болно.

Кристина Фернандес де Киршнер бол Аргентины улстөрч, төрийн зүтгэлтэн юм. Тэрбээр 2007-2015 онд тус улсын Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан бөгөөд 2010 оноос эхлэн “Ялалтын төлөөх фронт” намыг тэргүүлжээ. Киршнер одоогийн байдлаар хэд хэдэн шүүх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд түүнийг гадаад валютын зах зээлд залилан хийсэн, авлига авсан, мөнгө угаасан хэрэгт, мөн 1994 онд еврейн соёлын төвд халдсан хэргийг мөрдөн шалгах ажилд саад учруулсан хэмээн буруутгажээ. Харин Киршнер өөрийгөө улс төрийн хавчлагын золиос болсон гэж үзэж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих