АНУ-ын хуурамч их сургуулиас болж, Энэтхэгт үймээн дэгдлээ

АНУ-ын хуурамч их сургуульд элссэн гэх Энэтхэгийн 129 оюутныг баривчилсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Уг баривчилгааг эсэргүүцсэн олон мянган энэтхэгчүүд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна.

АНУ-ын Дотоод хэргийн яам их сургуульд сурч буй нэрийдлээр Америкт ажил хөдөлмөр эрхэлж буй хууль бус иргэдийг баривчлах зорилгоор хуурамч их сургуулийг байгуулсан аж.

Тэд баривчилгаагаа явуулахын тулд Мичиган мужид “Фрамингтон” гэх хуурамч их сургуулийг байгуулж, элсэлт авчээ. Улмаар тус сургуулийг хуурамч гэдгийг мэдсээр байж бүртгүүлсэн дээрх оюутнуудыг баривчилсан байна.

Тус сургууль  хичээлийн байр, багш, ажилтангүй бөгөөд зөвхөн сургуулийн лого болон сургуулийн цахим хуудас, фэйсбүүк хуудастай аж. Гэхдээ сургуулиа үнэмшилтэй харагдуулахын тулд яамныхан сургуулийн цахим хуудас нээж, хичээлийн хувиар болон төлбөрийн мэдээлэл байршуулсан гэнэ.

“Тус сургуулийг хуурамч гэдгийг дээрх баривчлагдсан оюутнууд мэдэж байсан” гэж АНУ-ын Прокурорууд мэдэгдэв.

Энэтхэгийн Засгийн газар АНУ-ын үйдлийг эрс буруушааж, “Гадаадын оронд дээд боловсрол эзэмшихээр ирсэн оюутнууд мэхлэгдсэн. АНУ нэн даруй баривчилагдсан оюутнуудыг суллаж, хууль бус ажиллагаагаа тайлбарла”  гэж илэрхийлжээ.

Энэтхэгийн Гадаад хэргийн яам Дели дэх АНУ-ын Элчин сайд яаманд дипломат эсэргүүцлийн бичгийг хүргүүлээд “Баривчлагдаад буй оюутнуудыг нэн даруй Энэтхэгийн консултай уулзуулж, нөхцөл байдалтай биечлэн танилцуулах хэрэгтэй” гэсэн байна. Гэхдээ уг албан бичигт Вашингтон хариу өгөөгүй аж.

“Оюутнууд “Фармингтоны их сургууль”-ийг жинхэнэ хэмээн бодож, улмаар хохирогчид болсон” гэж Энэтхэг үзэж байна.

АНУ-ын Тагнуулын байгууллага 2016 онд  хуурамч “Хойд Нью-Жерси”-гийн их сургуулийг байгуулж, элсэлт авчээ. Хуурамч гэдгийг нь мэдсээр байж, бүртгүүлсэн Энэтхэг, Хятадын 21 оюутныг баривчилсан юм. Тэд АНУ-д амьдрах, цагаачлах хүсэлтэй учир ийнхүү хуурамч их сургуульд элссэн гэж тайлбарлажээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих