“Тэмцээн” нэрээр хүүхдүүдийг гадагш зөөгөөд дуусах вий

Саяхны нэг өдөр Бээжин-Улаанбаатарын чиглэлд нисч буй онгоц 10 минутаар хоцорч хөөрлөө. Шалтгааныг тодруулахад теннисний тэмцээнд оролцохоор явж буй 5-6 хүүхдийн нэг нь гадаад паспортоо гээсэн гэнэ.

Онгоцны бүх зорчигчийг гаргаж байж үзлэг шалгалт хийгээд ч паспорт нь олдоогүй аж. Хятадын хил дээр бүлтгэнэн зогсох хүүд хэн ч тусалж үл чадна. Тэнд баахан асуудал үүсгэн онгоц саатуулсны эцэст дасгалжуулагч гэх залуу хүүг аваад Улаанбаатарт ирсэн. Гэтэл Монголын хил дээр нөгөө хүү бас л саатуулагдсан байна. Гэхдээ эх орондоо ирсэн юм хойно гэрийнхэнтэйгээ эсэн мэнд учирсан байх гэж найдсан ч хууль хяналтынхны сонорт үүнийг хүргэхгүй байж үл тэвчлээ.

Учир нь “Сүүлийн үед тэнэмэл хүүхдийн тоо багассан” гэх ч хүний наймаа, хар тамхи, хүүхдийн эд эрхтэнг авч байгаа тухай яриа ард иргэдийн дунд гарсаар байна.

Тухайлбал, Өмнөговь аймагт алга болсон хоёр хүүхдийн цогцсыг олоход гэдэс дотор нь байгаагүй гэх мэдээлэл сайт, телевизүүдээр цацагдсан. Харин үүний дараа тус аймгийн цагдаагийн газраас “Манай аймагт тийм хэрэг болоогүй. Энэ нь ташаа мэдээлэл” гэж мэдэгдсэн. Гэтэл эх сурвалжууд “Сэжигтэн этгээдийг барьсан. Өмнөговийн удирдлагууд хэргийг нуун дарагдуулж байна” гэж мэдээлсэн.

Хэрэв “Тийм хэрэг болоогүй бол яагаад сэжигтэн байх гэж” гэсэн асуулт өөрийн эрхгүй урган гарч буй юм. Бас нэгэн жишээ дурьдахад, өөрийнхөө дүүтэй найзалдаг бүтэн өнчин нэгэн хүүг “Тавилга хэрэгсэл задлуулж, ачуулна” гэж хууран Хятад руу авч яваад улмаар Гуньжу мужид аваачсан хэсэг хар тамхичдын хэрэг Улсын мөрдөн байцаах газрын Онц ноцтой хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж байгаа гээд цааш хөврүүлж болно…

“Паспортоо гээж, нислэг саатуулсан” нөгөө хүү теннисний тэмцээнд явж байсан тул эхлээд Монголын ширээний теннисний холбооны ерөнхий нарийн бичгийн даргатай холбогдоход “Одоогоор манайтай холбоотой ямар ч уралдаан тэмцээнд гадагшаа яваагүй. Яагаад гэхээр үндэсний лигийн тэмцээн “Оч” клуб дээр болж байгаа. 9-12 орчим насны хүүхдүүдийн тухайд гадагш явах тэмцээн ёстой байхгүй. Том тенниснийхэн юм болов уу. Гэхдээ тэднийхэн ч бас тэмцээнгүй л байгаа даа” гэв.

Харин том теннисний холбооны ажилтан н.Энхмөнхөөс тодруулах гэсэн боловч утас нь холбогдохгүй байлаа. Насанд хүрээгүй хүүхдийг асран хамгаалагч, тухайн тэмцээн уралдаанд авч явж буй хүн нь бүрэн хариуцдаг. Гэтэл дасгалжуулагч хайнга хандсан гэж болно. Монголын өсвөр насны 5-6 хүүхэд хилээр гаргаад авч явж буйг цагдаа, хил гааль, хууль хяналтынхан мэдсэн, эс мэдсэн нь тодорхойгүй. Хаа хаанаа хариуцлага алдсаны улмаас “Монголын иргэний агаарын тээвэр” ХК-ийн нэр хүнд тэнд унасан” гээд олон асуудал энд гарч ирж буй юм.

Бээжингээс 10 минут хоцорч ниссэн онгоц Улаанбаатарт нэг цагаар хоцорч газардсан. Олон улсын нислэгүүд ч 2-3 цагаар саатсан байсан юм.

Энэ нь зөвхөн нэг хүүхэд паспортоо хаясан гээсэн мэт боловч цаанаа олон сөрөг дагавар үүсгэж буйд, мөн тэмцээн уралдаанд оролцуулах нэрээр хүүхдүүдийг гадагш хил давуулж байж болзошгүйд анхаарлаа дорвитойхон хандуулахгүй бол Монголын ирээдүйн эзэд болсон хүүхдүүдийг тэмцээн, уралдаан нэрээр гадагш зөөгөөд дуусах вий дээ.

С.Туул


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.