Хөвсгөл нууранд “Lexus 470” загварын таван зорчигчтой автомашин живжээ

910

Сар шинийн амралтаар буюу энэ сарын 6-ны өдөр Хөвсгөл нуурт таван зорчигчтой автомашин живжээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд “Модтой хошуу” гэдэг газар  Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан “Lexus 470” загварын таван зорчигчтой суудлын автомашин мөс цөмөрч усанд живж, таван зорчигч эсэн мэнд гарсан тухай дуудлагыг тухайн өдрийн 13:55 цагт  хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын хоёр алба хаагч, хоёр автомашинтай нуурын усанд живсэн автомашиныг татан гаргахаар 30 метрийн гүнд шумбалт хийхэд автомашин байхгүй байгаа бөгөөд нуурын 60 м-ээс доош гүнд орсон байх болзошгүй тул татан гаргах ажиллагааг 19:00 цагт зогсоожээ.

Ингээд 7-ны өдөр хоёр удаа 30 метрийн гүнд шумбалт хийхэд автомашин дотор шороо хайрга их хэмжээгээр орсон байсан учир доторх эд зүйлсийг хайх боломжгүй, автомашины түлхүүр нь кундактортоо байсан учир түлхүүрийг авч эзэнд нь хүлээлгэж өгсөн байна.

Тухайн байдлыг жолооч Б-д танилцуулж, уг иргэний хүсэлтээр аврах ажиллагааг мөн өдрийн 13:31 цагт зогсоосон талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын сүүлийн арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм.

Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих