Улаанбаатарт үхэж ч болохоо байж

Сая гарчихсан хүн амтай Улаанбаатар хотод нас барагсдын цогцос гаргадаг хоёрхон эмнэлэг байдаг гэвэл та итгэх үү.

Хэдхэн жилийн өмнө сая дахь иргэнээ бүртгэж авлаа хэмээн бахархаж байсан Улаанбаатар хотод хэн нэгнийхээ хойдох, буян номын ажлыг хийнэ гэдэг тун хэцүү. Энэ хотод Шүүх эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв гэсэн хоёрхон эмнэлгээс цогцос гаргадаг учраас долоо хоног бүрийн даваа, баасан гарагт тэнд харин ч нэг “дайн” болдог юм билээ.

Өглөө үүрээр дараалал үүсгэсэн иргэд цагтаа амжиж талийгаачаа гаргахын тулд Шүүх эмнэлгийн үүдэнд зодолдох нь энүүхэнд. Цагтай уралдаж сандарсан хүмүүс цагаан даавуунд ороосон талийгаачийнхаа цогцсыг гулууз мах мөрлөж яваа аятай мөрөн дээрээ шидчихээд л хашгиралдаж, гүйлдэнэ.

Ерөөсөө Шүүх эмнэлгээс цогцос гаргахад иймэрхүү л зүйл болдог юм билээ. Энд талийгаачаа хүндлэх, хүндэтгэх, нөгөө монгол ёс жаяг гэж алга. Иймээс манай сонины сурвалжлах баг Шүүх эмнэлгийн гаднаас нас барагсдын оршуулгын үйл ажиллагааг сурвалжилсан юм. Бид эхлээд лхагва гарагт очлоо.

Лхагва гарагт төдийлөн ажил явдал хийгээд байдаггүй учраас тийм ч сүр дуулиантай зүйл байсангүй. Харин хоёр хоногийн дараа буюу баасан гарагийн өглөө 06:00 цагийн үед очиход ёстой л түм түжигнэж, бум бужигнаж байв.

Тус эмнэлэгт нас барсан хүний ажил явдлыг өнгөрүүлэхээр ар гэрийнхэн болон буян ном үйлддэг гэх лам хуваргууд гээд бүгд л ирдэг бололтой. Шүүх эмнэлгээс талийгаачаа авахаар цогцосны хайрцаг мөрөн дээрээ тавьсан хүмүүс тэсгим хүйтэнд картын бараанд дугаарлаж байгаа аятай зогсоно. Хүйтний эрч -30 хэмд хүрч байвч талийгаачийнхаа цогцсыг авахаар дугаарласан хүмүүс шүд зуун дарааллаа хүлээх аж.

Биднийг сурвалжлага хийсэн өглөө ойролцоогоор 15-20 хүнтэй салах ёс гүйцэтгэж, оршуулах ёслол боллоо. Нас барсан хүний ар гэрийнхэн Шүүх эмнэлгийн гаднах хашаанд багтахгүй, буяны ажилд явахаар ирсэн машинууд замын бөглөрөл үүсгэж хөл, толгой нь мэдэгдэхгүй юм болдог байна. Талийгаачийнхаа цогцсыг авахад баян хоосны ялгаа ч нөлөөлдөг юм билээ.

Өглөө нутаглуулах газар руу нь гаргахад шарын шашнаас гаргасан сайн муу цаг гэж бий. Мөнгөтэй хүмүүс нь цагтаа амжихын тулд хэд гурван төгрөг илүү төлж, дарааллын урдуур дайрч сайн цагт нь амжуулдаг гэнэ. Харин боломж бололцоо муутай нэг нь хэдий өглөө эрт ирсэн ч хойш шахагдсаар хамгийн сүүлд хөдлөх жишээтэй. Шүүх эмнэлэг “салах ёс гүйцэтгэх” таван өрөөтэй.

Өрөө бүрийн гадна уртын урт дараалал үүсчээ. Тэвчээрээ барсан зарим нь эмч нартай хэрэлдэж, хаалга үүдийг нь балбана. Өмнөх хүнийх нь арц уугиж дуусаагүй байхад дараагийн хүмүүс дайран орж, ажил явдлаа үргэлжлүүлдэг. Бужигнасан хүмүүс хоорондоо төөрч, нутаглуулах гэж буй хүнээ хайж будилах тохиолдол ч цөөнгүй. “Салах ёс гүйцэтгэх” байрны гадна олны хөлийг дагаад халаасны хулгайчид ч нэлээд ирсэн байв.

Ухаан санаа нь тогтворгүй, сэтгэл санааны хямралтай байгаа хүмүүсийг далимдуулж халаасных нь хэдэн төгрөгийг туудаг аж. Ёстой л чоно борооноор гэгч болж байлаа. Олон хүний уур бухимдлыг төрүүлж буй энэ асуудалд эмнэлгийнхнийг буруутгах аргагүй. Тэд хэр чадлаараа ажиллаж байна. Шүүх эмнэлэгт хоногт дунджаар 7-8 хүний цогцос ирдэг аж.

Тэр бүрийн үхлийн шалтгааныг тогтооно гэдэг амаргүй ажил. Хүнийг хойд насанд нь үдэн гаргах ажил ном журмын дагуу хүндэтгэлтэй байх ёстой. Гэвч сая шахам хүн амтай Улаанбаатар хотод нас барагсдыг үдэх, цогцос гаргах, салах ёс гүйцэтгэх байрны хүрэлцээ үнэхээр хангалтгүй байна. Иймээс төр засаг энэ асуудалд анхаарлаа хандуулах цаг хэдийнэ болжээ. Манайхаас өөр оронд нас барагсдадаа маш хүндэтгэлтэй ханддаг.

Тухайлбал Японд нас барсан хүмүүсээ байрлуулдаг зочид буудал гэж бий. Энэ зочид буудлаас оршуулах ажил явдал болдог. Энд өрөөнийхөө мөнгийг нь төлөөд талийгаачаа хэд ч хонуулж болно. Ар гэрийнхэнд нь чирэгдэл багатай. Гэтэл манай улсад ийм зүйл алга. Улаанбаатарт нас барсан хүнээ дор бүрт нь эмнэлгээс очиж авахгүй л бол цогцоснууд багтахаа больдог гэнэ лээ.

Дээр нь нутаглуулахдаа өдөр судар хардаг учраас даваа, баасан гарагт эмнэлгийн үүдэнд дугаарлах иргэдийн дараалал эрс нэмэгддэг аж. Хүйтний улиралд эмнэлгээс цогцсоо авлаа гэхэд гэр бариад ч болсон яаж ийгээд 2-3 хоног хадгалж дөнгөх байх. Халууны улиралд гаргах өдрөөс нь эрт авчихвал цогцос нь муудаж, өмхийрөх гээд байж суухад ч хэцүү шүү дээ.

Хэд хоногийн өмнө Шүүх эмнэлэг рүү ороод гарахад үүдний жижүүр нь өөрийн ухаангүй болтлоо согтож, дэмий балай юм ярьж суусан юм. Арга ч үгүй биз. Үхсэн хүнээр дүүрсэн өрөөнд шөнө ганцаараа байна гэдэг хэрийн хүнээс гарах зориг тэвчээр биш. Тэр ч утгаараа юугаа ч мэдэхгүй болтлоо ууж, айдас жихүүдсээ дардаг бололтой.

Зөвхөн жиж үүрийн цагдаа гэлтгүй задлан шинжилгээний шинжээч эмч нар бүгд л архи уудгийг хүн бүр мэднэ. Нас барсан хүний үхлийн шалтгааныг тодруулахаар задлан шинжилгээ хийхэд цогцосноос 20 гаруй төрлийн хортой бодис ялгардаг гэдэг. Ийм хортой нөхцөлд ажиллаж, хүний хүүрийг задалж, бүх эрхтнийг нь шинжилнэ гэдэг аймшигтай. Энэ ч утгаараа задлангийн эмч, жижүүрүүд өдөр бүр архины нормтой.

Тиймээс задлангийн эмч нар ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж архинд ордог нь хэвийн үзэгдэл болжээ. Энэ утгаараа хүнд нөхц өлд ажиллаж байгаа Шүүх эмнэлгийн эмч нарын ажлын орчинг сайжруулах асуудлыг төр засаг маань анхааралдаа авах цаг нэгэнт болжээ. Хог новшиндоо дарагдсан гэрийн буйрын чинээ газарт хэдий болтол бужигнаж, нас барагсдынхаа ясыг өндөлзүүлэх вэ.

Ч.Бямбадулам

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих