Уяачид нялх үрсээр бооцоотой зугаацдаг болжээ

96

Монголын төр, үе үеийн Засгийн газар хөхөө өвөл хүүхдээр нааддаг баярхуу уяачдын балмад үйлдлийг зогсоож дийлсэнгүй. Хүний нялх хүүхдээр хайруу өвлийн хүйтэнд хурдан морь унуулж хүүхдийн эрх зөрчиж, цаашлаад эрүүл мэнд, амь насаар нь хохироож буй үйлдэлд ХЭҮК болоод НҮБ удаа дараа хариуцлага нэхсээр ирсэн. Гэвч олон зуун хүүхдийн эрүүл мэнд, амь настай холбоотой тэрхүү зөвлөмж, шаардлага хэлэлцэгдэж, хэрэгжих нь битгий хэл Засгийн газрын гишүүд, эрх баригчдын шүүгээний хаа нэгтээ  хав дарагдсаар хаягдах нь элбэг. Энэ бол Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлага болоод балчир хүүхдүүдэд хэрхэн хандаж буйн тод ухамсар, илрэл юм.

Олон улсын байгууллага, ХЭҮК-ын шахалт шаардлагаар Засгийн газар жил бүр л өвөл, хаврын морин уралдааныг хориглосон шийдвэрийг сүр дуулиантайгаар зарладаг. Гэвч хэрэгжилт тэг зааж, хяналт тавьж хариуцлага тооцох үүрэгтэй шат шатны дарга нар уяачдын “урхинд” орох хооронд хэдэн зуун хүүхэд 30-40 хэмийн хүйтэнд морин дэл дээр “хийсч”, эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байгааг хэдэнтээ хэлээд ч нэмэргүй нь харамсалтай. Тухайлбал, Өвөл, хаврын морин уралдааныг хориглосон Засгийн газрын тогтоол гарснаас хойшхи 2-3 –хан жилд   зургаан аймаг, 13 суманд хурдан морины уралдаан болж 975 хүүхэд морь унаж оролцсон. Түүнчлэн 1996-2017 онд болсон хурдан морины уралдааны үеэр 40 хүүхэд амь насаа алдсан. 2016 онд мориноос унаж бэртсэн тохиолдол 2199, 2017 онд 2223 бүртгэгдэж огцом өсчээ. Хүүхдүүдийн 56-62 хувь нь толгой, 27-37 хувь нь дээд мөч, 12-14 хувь нь доод мөчний, зургаан хувь нь цээж, нуруундаа гэмтэл авсан гэх харамсалтай тоо баримтыг жил бүр “баяжуулсаар” байгаа нь даанч эмгэнэлтэй.

БАРИМТ:

– 2016 он 02.28 Төвийн бүсийн хаврын уралдааны үеэр 16 хүүхэд мориноос унаж, хоёр хүүхдийн хөлний шилбэ хугарч гэмтсэн.
– 2017 он 03. 05 Төв аймаг  31 хүүхэд мориноос унаж, нэг хүүхдийн гарны шуу, нэг хүүхдийн хөлний шилбэ хугарсан
– 2017 он Говь-Алтай аймаг гурван  хүүхэд мориноос унасан.
– 2017 он Хөвсгөл аймаг 13 хүүхэд мориноос унаж, гурван хүүхэд толгойдоо хүнд, хоёр хүүхэд хөнгөн гэмтэл авсан бол нэг хүүхдийн хацрын яс цуурсан.
– 2017 он Дорноговь аймаг хоёр хүүхэд мориноос унасан.
– 2017 он Ховд аймаг 11 настай хүүхэд мориноос унаж толгойдоо хүнд гэмт авч 16 хоногийн дараа нас барсан.
– 2016 он Сүхбаатар аймаг 02.21 14 хүүхэд мориноос унасан.
– 2019 он морь хөлслөх үеэр 10 настай хүү нас барсан

Мөн 2019 он гараад хэдхэн хоноход  хурдан морь хөлслөх  үеэр 10 настай хүүхэд мориноос унаж нас барсан тохиолдол гарлаа.Үүнтэй зэрэгцэн Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн  тушаалаар, жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглоод удаагүй байтал уяачдын балаг бас л нэмэгдлээ. Өвөл, хаврын морин уралдааныг хориглосон Засгийн газрын захирамжийг бүх дүүрэг, аймгийн Засаг дарга нарт хүргүүлээд байтал Хэнтий аймагт хоёр ч удаа бооцоот морин уралдаан болжээ.

Тодруулбал, шинийн 3-нд Хэрлэн сумаас холгүйхэн уяачид бооцоот уралдаан зохион байгуулж сар шинийн ёндоогоо үзлээ гэцгээсэн бол уржигдар Баянмөнх суманд мөн л хоёр насны бооцоот уралдааныг зохион байгуулжээ. Энэхүү мэдээллийн мөрөөр Хэнтий аймаг дахь хүний эрхийн ажилтантай холбогдож лавлахад “Баянмөнх сумаас арав гаруй км-т Бортолгой гэдэг газарт азарга, их насны морины бооцоот уралдаан зохион байгуулсан. Говь-Сүмбэрээс уяачид оролцсон гэсэн. Уяачид 20 мянган төгрөгийн бооцоо тавьж түрүү морьдоо байлсан юм билээ. Бид энэ талаар сумын Тамгын газар болон аймгийн цагдаагийн газартай холбогдоход аль нь ч мэдээгүй гэж хэлсэн. Бүхэл бүтэн 20-30 машин цуглараад хоёр насны морьд уралдаж байхад мэдэхгүй гэж байгаа нь харамсалтай. Үүнээс гадна шинийн 3-нд Хэрлэн сумын ойролцоо бооцоот уралдаан болсон гэсэн мэдээлэл бидэнд ирсэн” гэлээ.

Мөн Хэнтийн Биндэр суманд сунгааны үеэр хоёр гараа хөлдөөсөн гэх мэдээллийг үгүйсгэж Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас өчигдөр мэдээлэл хийсэн юм.  Тэдний хэлснээр зургаан настай хүү гар чийдэн барьж яваад гараа хайруулжээ.

Энэ мэтээр Засгийн газрын тогтоол зөрчсөн худал үнэн нь үл мэдэгдэх мэдээллийг нягталж шалгаж нэг мөр болгохоос гадна аймаг, сумынх нь төвийн хажууханд  аймаг дамжсан уяачид цуглараад бооцоо тавьж зугаацахдаа хахир өвлийн хүйтэнд хүний нялх үрсээр наадсаар байхад яагаад хариуцлага ярихгүй байна вэ. Хүүхдийн эрүүл мэнд, амь насыг юман чинээ бодохгүй мөртлөө эрлийз, монгол морьд гэж хэрэлдэх хүний мөс, ухамсар тааруу уяачдынхаа уяаг нь чангалья, дарга нар аа.

Зууны мэдээ
С.Уянга


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.