УИХ-ын гишүүдийн тал нь ХӨРӨНГӨ ОРЛОГОО МЭДҮҮЛЭЭГҮЙ байна

935

Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнууд Хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж дуусахад гурав хоног үлджээ. Авлигын эсрэг хуульд зааснаар мэдүүлэг гаргагчид жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор урьд оны хөрөнгө, орлогын байдлаа мэдүүлдэг. Энэ дагуу мэдүүлэг гаргагчид хоёрдугаар сарын 15-ны дотор хөрөнгө, орлогоо мэдүүлэх  ёстой.

Энэ жилийн хувьд, улсын хэмжээнд мэдүүлэг гаргавал зохих 40.800  орчим албан тушаалтан байгаагаас, өнөөдрийн байдлаар /2019.02.12/ 33.600 орчим мэдүүлэг гаргагч хөрөнгө орлогын мэдүүлгээ “www.meduuleg.iaac.mn” цахим хуудсаар шинэчлэн мэдүүлээд байна. Өөрөөр хэлбэл, нийт мэдүүлэг өгөх ёстой албан тушаалтнуудын 85 хувь нь хуулийн дагуу үүргээ биелүүлээд байгаа юм.

Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын Ерөнхий прокурор, Хэнтий, Дорнод, Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Баянхонгор, Сүхбаатар, Архангай аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар зэрэг  байгууллагууд 85-иас дээш хувьтай байна.

Түүнчлэн Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ гарган бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон түүнтэй адилтгах 280 гаруй албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас, одоогоор Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн 36, Дэд сайд 7, Яамдын төрийн нарийн бичгийн дарга 4, Агентлагийн дарга 18, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд, консул 27,  бусад 59  нийт 151 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн  бөгөөд явц байдал  53,9 хувьтай байна.

Авлигатай тэмцэх газраас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар зөвлөмж өгч ажиллаж байгаа бөгөөд хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ биелүүлэхийг анхаарууллаа.

АТГ

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.