Төрийн хямрал түлш, шатахууны үнэд хөлөөлөв

Бүх салбарт үнийн өсөлт болж сөхөрч ядсан эдийн засаг элгээрээ хэвтэх дээрээ туллаа

Хамтарсан Засгийн газар тарснаас болж хаа сайгүй хямрал болох нь тэр. Төрийн ажил “Зэлтэрийн гацаа”-нд байх энэ үеийг далимдуулсан үнийн хөөрөгдөл жирийн иргэдийн нурууг бөгтөр дээр нь эрэмдэг болгоод авав. Өнгөрөгн баасан гаригаас эхлэн шатахууны үнэ нэмэгдэж, ам.долларын ханш төгрөгийн эсрэг чангарч байгаатай холбоотой гэх.Сүүлийн хоёр сарын хугацаанд ам.доллар төгрөгийн эсрэг 200 шахам төгрөгөөр чангарч байгаа нь шатахуун импортлогч компаниудыг алдагдалтай ажиллахад хүргэж, улмаар импортлогчид түлшний үнийг нэмэхээс өөр гарцгүй болгоод байгаа тухайгаа Эрдэс баялаг Эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан уламжилсан.

Тэр оройноосоо эхлэн бензинийн үнийг даруй литр тутамдаа 250 төгрөгөөр нэмээд байна. Гэхдээ “Петро-вис” болон “Сод монгол”-ын шатахуун түгээх станцуудаас бусад нь одоогоор шатахууны үнийг нэмээд байгаа аж. Харин “Шунхлай”, “МТ Ойл”, “Жаст ойл”-ын ШТС-ууд АИ-92, АИ-80 бензинүүдийн үнийг 260 төгрөгөөр нэмж, АИ-92-ыг 1850, АИ-80-ыг 1550 төгрөгөөр тус тус худалдаалж байна.

Шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор үнээ нэмээгүй байгаа “Петровис” болон “Сод монгол”-ын шатахуун түгээх станцууд дээр автомашинууд урт дараалал үүсгэсэн байх юм. Чухам ямар шалтгаанаар үнээ гэнэт нэмэх болсон тухайгаа салбарын яам болоод “Магнай трейд”, “Жаст”, “Шунхлай” зэрэг шатахуун импортлогч компаниуд албан ёсоор мэдээлээгүй хэвээр. Чоно борооноор гэгчийн үлгэрээр ажлын сүүлийн өдрийн орой буюу баасан гаригт ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсан болон ажлын хэсгийнхэнтэй уулзсан гэх бөгеөд ам.долларын ханшаар “барьцаа” болгон амралтын өдрүүдээр үнээ өсгөж амжлаа. Энэ бол аливаа нэгэн баяр ёслолыг далимдуулан хууль баталдаг төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их хурлын буруу үлгэр дууриал амьдрал дээр хэрэгжсэнтэй агаар нэг юм.

Шатахууны есөлт бас өргөн хэрэглээний бараанд нөлөөллөө. Өнгөрөгч баасан гаригт 930 төрөгөөр авч байсан талх өнөөдөр 1060 болсон байх жишээтэй. Энэ мэтчилэн үнийн хөөрөгдөл бүх салбарт нөлөөлж байна. Нэгэнт бензинийн үнэ өссөн болохоор нийтийн тээвэр болох шугамын микрочидч үнээ даруй 1000 төгрөг шүү хэмээн “шивнэлээ”. Мөн хувиараа халтуур хийж хэдэн бор төгрөг олдог такси ч километр тутамдаа 800 төгрөгөөр явж эхлэв. Ингээд бүх салбарт үнийн өсөлт болж сөхөрч ядсан эдийн засаг элгээрээ хэвтэх дээрээ туллаа. Ингээд шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулж иргэд болон хувиараа такси үйлчилгээ эрхлэгчид ямар байр суурьтай байгаагсонирхлоо.

Г. Эрдэнэбаатар:Бензинийн үнийг дагаад одоо бүх юмны үнэ өсөн дөө. Хувиараа такси үйлчилгээ эрхлэгч Г.Эрдэнэбаатартай уулзлаа.

-Үнэ нэмэгдсэн талаар таны бодол?

-Ёстой хачин юм болж байна. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэж Монголчууд ярьдаг. Бензинийн үнийг дагаад одоо бүх юмны үнэ өснө дөө. Хараад л байгаарай. Энэ төр засаг юу хийж байна аа. Арай дэндүү байна.

-Үнэ нэмэгдэх сургаар ШТС-уудад урт дараалал үүсч байна?

-Харин тийм. Би энд одоо цаг гаран зогслоо. Үнэ нь нэмэгдэхээс өмнө жаахан ч гэсэн шатахуун нөөцөлж авах санаатай л зогсож байна.

-Та километр тутамд хэдэн төгрөгөөр явж байгаа вэ?

-Үнэ нэмээгүй байхад 500-600 төгрөгөөр явж байсан. Одоо нэг километрт 800 төгрөгөөр явахаас өөр арга алга байна.

-Таксигаар үйлчлүүлэгчид км тутмын нэмэгдлийг хэрхэн хүлээж авч байна?

-Иргэд нэлээд бухимдалтай хандаж байна. Ойлгох нэг нь байхад зарим хүмүүс биднийг буруутгаж байна. Гэхдээ л бид шатахууны үнэ нэмэгдсэнийг тайлбарлаад байгаа.

Чингэлтэй дүүргийн хорооны иргэн Г.Энхболд “…Төр хямрад үүнийг дагаад сөрөг үр дагаварууднь гарч байгаагийн нэг илрэл нь энэ”

-Үнэ нэмэгдчихлээ. Та энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Цаана чинь төр хямраад үүнийг дагаад сөрөг үр дагаврууд нь гарч байгаагийн нэг илрэл нь энэ дээ. Одоо шатахууны үнэ нэмэгдсэн бол дараа нь бүх юмны үнэ дагаад өснө л гэсэн үг. Махны үнэ тэнгэр хадчихсан байна. Арай дэндэж байгаа юм биш үү.

-Таныхаар үүнд ямар зохицуулалт хэрэгтэй вэ?

-Төрд суугаа эрхмүүд л мэдэх байх. Амралтын өдрийг далимдуулан үнээ нэмж байгаа энэ асуудлыг авч үзэх хэрэгтэй. Албан ёсны шийдвэр гараагүй байхад зарим шатахуун түгээх станцууд үнээ нэмсэн нь сонин л санагдаж байна. Цалин нэмээд ч хэрэг алга даа.

Жижиг оврын чиглэлийн шугамын жолооч Т.Галт “..Өмнөх үнээрээ байх юм бол бидэнд ямар ч ашиггүй шүү дээ..”

-Шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулж та нар үнээ нэмсэн байна уу?

-Тийм ээ. Хэрэв бид өмнөх үнэ хэвээрээ байх юм бол бидэнд ямар ч ашиггуй шүү дээ. Та нар мэдэж байгаа биз дээ.

-Албан ёсоор үнээ нэмэх талаар нийтийн тээврийн газарт мэдэгдэл өгсөн үү?

-Үгүй. Угаасаа шатахууны үнэ нэмэгдчихээд байхад мэдэгдэл энэ тэр гээд явах. Тэгээд ч амралтын өдөр биз дээ.

О.Ууганжаргал
Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.