“Зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжих хугацааг хойшлуулж болохгүй”

11

Хаврын чуулганы хаалтын өдөр хойшлуулашгүйгээр хэлэлцэх ёстой гэсэн горимоор Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг оруулж ирсэн юм. Ингэснээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үдээс, өмнө хойш шуурхайлж  нэг ч гишүүн байр суурь илэрхийлэхгүйгээр дэмжсэн. Энэ удаагийн Эрүүгийн хуульд зорчих эрхийг хязгаарлах ялын шинэ төрлийг нэмж, удтал шийдэгдэхгүй байгаа цахим бугуйвч, техник төхөөрөмжийг шийдвэрлэх заалт орж ирсэн юм.

Мөн гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжийг бүрдүүлсэн зэрэг хэд хэдэн чухал өөрчлөлт орж байгаа юм. Ирэх хаврын чуулганы эхэнд хэлэлцэгдэх Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай өөрчлөлттэй холбогдуулан хуульчдын байр суурийг “Эрхзүйн эксперт” булангаараа хүргэж байна.

Өмгөөлөгч, доктор Л.Мөнхсайхан: Цаг үеэ олсон хуулийн зохицуулалт болно

-Манай Улаанбаатар 1.5 сая хүн амтай. Бусад томоохон улс орны хувьд мега хотдоо ордог. Тэгэхээр  эрхзүйн  зохицуулалтыг зөв хийх нь чухал юм. Одоогийн яригдаж байгаа Эрүүгийн хуулийн өөрчлөлтөд хэрэгтний зорчих эрхийг хязгаарлах заалт орсон. Үүнийг би зөв, зүйтэй гэж бодож байна.  Хүн амынхаа тоо, гэмт хэргийн гаралтыг харьцуулсан ч энэ ялын хэлбэр тун боломжийн хувилбар юм. Санхүүгийн хувьд ч  шоронд хоригдсон хүнд ногдох мөнгөн дүнтэй харьцуулахад харьцангуй бага тусна гэж харж байна.   Мөн тухайн гэмт  хэрэгтний гэр бүл, үр хүүхдэд ч хэрэгтэй. Өөрт оногдох газартаа ямар нэг ажил хийж орлого олж болно. Хэрэг хийсэн этгээд шоронд хоригдсоноос нийгмээс улам л холдож, тусгаарлагдах асуудал гардаг. Бусдаас муу үлгэр дуурайлал аваад гарч ирэх нь бий. Гэмт хэрэгт дахин татагдах нөхцөл нэмэгддэг. Тэгэхээр энэ төрлийн ял оноох өөрчлөлтийг дэмжиж байна.

Хуульч Б.Мэргэн: Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтан дээр ял завшиж байна

-Зорчих эрхийг хязгаарлах ял угаасаа өмнөх  2015 оны Эрүүгийн хуульд тусгасан байсан. Хэрэгждэггүй байсан болохоос шинэ төрөл биш. Зорчих эрхийг хязгаарлана гэдэг бол тухайн хүн зөвхөн гэртээ байх ч юмуу, эсвэл ажилдаа явахаар бол ганцхан маршрутаар л явах ёстой. АНУ-д бол ариун цэврийн өрөөндөө л байх ёстой зэргээр хатуу хянадаг. Хэрэв заасан маршрутаас хазайж, зөрчих юм бол шууд хорих ялаар сольдог. Энэ төрлийн ялыг хэрэгжүүлэхийн тулд хөл, бугуйнд нь цахим  бугуйвч зүүх зэргээр GPS, тоног төхөөрөмж шаардлагатай. Манай улс тоног төхөөрөмж байхгүй учраас хэрэгжихгүй байсан. Манайх шиг  хүн ам цөөтэй ч хоригдлын тоогоороо Азид дээгүүр ордог улсын хувьд зорчих эрхийг хязгаарлах нь маш хэрэгтэй, зөв ялын бодлого. Олон хоригдлыг тэжээх, байр савнаас эхлээд төсөвт хүндрэлтэй учраас аль болох хорихоос татгалзах нь зөв.

Мөн гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэм, хамт олноос нь тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх, дахин хүмүүжүүлэх боломжийг бүрдүүлсэн гэсэн шинэ төрлийн зохицуулалтыг оруулахаар ярьж байна. Зарчмын хувьд байж болох хувилбар. Ер нь эрүүгийн ял гэдэг тухайн хүнийг залхаан цээрлүүлэхээс илүү хүмүүжүүлэх, бусдад сэрэмж өгөх зорилготой. Өөрөөр хэлбэл, зөв хүн болгож, хүмүүжүүлэхэд илүү анхаарах жишиг бусад улс оронд түгээмэл байдаг. Үүний нэг сайн жишээ нь Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль юм.  Долоо хоногийн хугацаанд тухайн хүнийг хориод гаргахаас илүү сэтгэлзүйн талаас нь сайн ажиллаж, ухамсарлуулж байна. Эрүүгийн хуульд зайлшгүй нэмэхгүй бол  ял завшиж байгаа нэг заалт бий. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтан дээр нэг жилийн ялтай бол хөөн хэлэлцэх хугацаа нэг, 2-8 жилийн ялтай бол хөөн хэлэлцэх хугацаа  таван жил гэж заасан. Дунд нь 1-3 жилийн ялтай бол яах вэ гэдэг нь орхигдсон зэргээр ял завшиж байна. Үүнийг холбогдох хүмүүс нь мартсан гэж тайлбарладаг. Иймэрхүү зүйлсээ засах хэрэгтэй.

Хуульч Ж.Эрхэмбаатар: Зорчих эрхийг хязгаарлах ял нь харьцангуй хүмүүнлэг шийтгэл

-Өмгөөлөгч бидний хувьд Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байна. Тэр дундаа хэрэгтний зорчих эрхийг хязгаарлах асуудал олон улсад байдаг. Манайд нэлээд эртнээс яригдаж байсан ч хэрэгжих боломж нь бүрдэхгүй, хойшилсоор  байна. Уг нь бол манайх шиг хүн амтай улс оронд хэрэгтэнг заавал нэг газар хорихгүйгээр эрхийг нь хязгаарлах ял оноох нь байж болох хувилбар юм.  Зорчих эрхийг хязгаарлах ял нь харьцангуй хүмүүнлэг шийтгэл. Гэм буруутай этгээд гэр бүл, ажлын орчиндоо байж, өөрийн хийсэн гэм буруутай үйлдэлийн үр дагаварыг ухамсарлах бололцоог олгодог. Тодорхой заасан маршрутаар зорчихыг даалгаж ажил, амьдралаа үргэлжлүүлэх, орлого олох, гэмт хэргийн замаар учруулсан хохирлоо төлөх бололцоог олгодогоороо онцлогтой. Хохирогч ч хохирлоо нөхөн төлүүлэх боломж нээлттэй үлддэг. Уг ялыг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай байгаа ч хэрэгжих хугацааг дахин хойшлуулах хуулийн төсөл санаачилсан байгаа нь харамсалтай. Уг ял хэрэгжихгүй байснаар Эрүүгийн хуульд торгох, хорих, эрх хасах, нийтэд тустай ажил хийх ялын сонголт үлдэж байна.

Хуульч Ү.Амарбат: Албан тушаалын гэмт хэргийн хүрээг хумьсан

-Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш өнөөдрийг хүртэл Эрүүгийн хуульд гурван удаа томоохон өөрчлөлт хийсэн. Энэ гурван удаагийн өөрчлөлтөөс хамгийн их маргаан, улстөржилт дагуулсан нь 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн шинэ хууль байсан. Хууль батлах явцад үзэл баримтлал, агуулгын талаар маргаан өөр байр суурь гарах нь энгийн үзэгдэл бөгөөд ерөөс эрүүл саруул мэтгэлцээн, олон талын байр суурь, судалгаанд үндэслэж гарсан хууль хамгийн сайн байдаг. Гэтэл Эрүүгийн хуулийг хэлэлцсэн 2016, 2017 оны хаврын хэлэлцүүлгүүдийн ихэнх нь Ардын болон Ардчилсан намаар хуваагдсан, эсхүл нам дотроо залуу болоод ахмадаараа талцсан хэт шинэчлэх гэсэн, эсхүл бахь байдгаар нь авч үлдэх гэсэн маргаан байлаа.

Үүний үр дагавар нь шинэ Эрүүгийн хуулийг энэ чигээр нь хэрэгжүүлэх ямар ч боломжгүй нь хэрэгжсэн үеэсээ эхлэн тодорхой харагдсан. Ингээд өөрчлөлтийн асуудал нь 2017 онд байгуулагдсан шинэ Засгийн газрын нэг гол ажил болж өдгөө хэлэлцэгдэх түвшинд иржээ. Гэхдээ уг өөрчлөлтөөс үзэхэд өнөөх л улс төрчдийн үйлддэг албан тушаалын гэмт хэргийн хүрээг хумисан ямар ч ахицгүй, байгаль орчны эсрэг үйлдэгддэг гэмт хэргүүдийг зөрчил хэмээн үзэж байгаа үзэл санаа нь өөрчлөгдөөгүй. Өөрөөр хэлбэл, улс төрчид үйлдсэн хэргээсээ бүрэн эрх, давуу байдал, албан тушаалын нөлөөгөө ашиглан  мултардаг дээрээ одоо өөрсдийнхөө үйлдэж байгаа хууль бус үйлдлээ огт гэмт хэрэг гэж тооцуулахгүй байх санаархалаа биелүүлж байна гэж хэлж болно. Өмнөх хуулийг сайн гэж үзэхгүй ч улс төрийн агуулгаар байнга өөрчлөх нь буруу. Аливаа хуульд тэр дундаа хүний эрхийн маш олон салаа уулзварыг багтаасан Эрүүгийн хуулиар богинохон томилгоотой Засгийн газар бүр оролдож байгаа нь гэмтэй нэгэнд ял завших, гэмгүй иргэд хохирч үлдэх нөхцлийг бүрдүүлдэг гэж хэлж болно.

Зууны мэдээ
Т.БАТСАЙХАН, С.УЯНГА


URL:

Сэтгэгдэл бичих