Баялгийн сантай байхын учир нь

66

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд Норвегид айлчилж, тус улсын Баялгийн сангийн тушлагыг судлах бодолтой байгаа тухай хоёр хоногийн өмнө мэдээлжээ. Манай улстөрчид Норвегийн  Баялгийн сангийн туршлагыг судлахаар мөн ч олон удаа тийшээ зорьсон санагдана. Судалж дуусаагүй л байгаа бололтой.

Монгол Улс  2019 онд “Үндэсний баялгийн сан” байгуулж,  эндээ 500 гаруй тэрбум төгрөг хуримтлуулах  том амбицтай байгаа. Улмаар энэ сан ирэх 2020 оны эцсээр гэхэд 1 их наяд төгрөгийн хуримтлалтай байхаар төлөвлөж буй. Үүнтэй холбоотойгоор хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх шаардлага бий.

Баялгийн сан байгуулах нь  олон улсад нэлээд түгээмэл шийдэл аж. Ялангуяа байгалийн баялагтай улс  орнуудын хувьд. Тухайлбал, Африкийн Нигери болон Кувейт, Оман, АНУ-ын Аляск, ОХУ, Азербайжан гэхчлэн. Арабын Нэдсэн Эмират улсын баялгийн сан Норвегийн сангаас 15 хувиар бага бол ОХУ-ынх бүр 10 дахин бага. Энэ бол дэлхийн хамгийн том сан.

Эдгээрээс хамгийн алдартай нь Норвеги болон Казакстан улсын сангууд юм. Алдартай гэж тодотгох шалтгаан  нь энэ хоёр улсын сан  хамгийн их хуримтлалтайгаас гадна улс орныхоо хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан, иргэдээ баяжуулсан  гэсэн утгаар хэлж буй хэрэг.

Энэ удаад харин Норвегийн баялгийн сангийн талаарх мэдээлллийг онцолж хүргэхийг зорилоо. Учир нь манай Ерөнхий сайд удахгүй энэ сангийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж,  энэ туршлагаар Монголын баялгийн санг байгуулах байх гэсэн хүлээлттэй байгаа болохоор тэр.

Ер нь аливаа баялгийн сан хоёр гол үүрэг гүйцэтгэдэг. Нэгдүгээрт, дэлхийн зах зээл дээр  эрдэс түүхий эдийн үнэ унах үед  улс орныхоо төсвийн орлогыг дэмжиж, эдийн засгийг тогтворжуулах. Хоёрдугаарт, ирээдүй үедээ үлдээх хуримтлалыг бүрдүүлэх, зөв менежмент хийж  улсынхаа санхүүгийн нөөцийг нэмэгддүүлэх явдал юм. Байгалийн баялагтай улс орнуудын хувьд баялгийг ард түмэндээ эрх тэгш хувааж хүртээх хамгийн сонгодог арга нь баялагийн сан гэж үздэг.

Норвеги бол дэлхийн хамгийн чинээлэг, аз жаргалын индексээрээ тэргүүлэгч орны нэг. Ийм түвшинд хүргэх гол хөшүүрэг нь газрын баялгаа зөв ашигласантай холбоотой. Тус улс уул уурхайн орд газруудаа нэгдсэн зохион байгуулалтад оруулж үүний дараа эдийн засгийн эргэлтэд оруулжээ. Норвегийн баялгийн сангийн мөнгөн хуримтлал 2017 онд 1 их наяд ам.доллараас давсан бөгөөд одоо энэ их мөнгөнийхөө дөнгөж гурван хувийг зарцуулдаг. Харин үлдсэн 97 хувиа хадгаламж байдлаар хадгалдаг тухай мэдээлэл байна.

 Арабын Нэдсэн Эмират улсын баялгийн сан Норвегийн сангаас 15 хувиар бага бол ОХУ-ынх бүр 10 дахин бага. Энэ бол дэлхийн хамгийн том сан.

Норвеги анх 1990 онд анх Улсын нефтийн сан гэж байгуулсан бөгөөд энэ нь “Ирээдүй үеийн сан”-гийн тогтвортой байх гол нөхцлийг хангаж өгчээ. Сангийн хуримтлалын хэмжээг жил бүр Засгийн газар төлөвлөж түүнийгээ парламентаар батлуулдаг аж. Тус улсын төсвийн орлогын бараг тал хувийг газрын тосны  борлуулалтаас төвлөрүүлдэг.  Гэхдээ газрын тосны нөөц хэзээ нэгэн цагт дуусна, харин энэ баялгаас өнөө болон ирээдүй үе мань ашиг хүртэх ёстой гэсэн үзэл баримтлалаар ханддаг.

Энэ сангийн орлого маш хурдацтай өссөн байдаг. Тухайлбал, 2015 оны эхээр гэхэд тус сангийн хуримтлал 800 тэрбум ам.доллар хүрчээ. Сангийн хуримтлалаа нэмэгдүүлэх  маш зөв стратеги боловсруулдаг  бөгөөд сангийн 46 хувийг хувьцаа болон үнэт цаасанд хөрөнгө оруулах замаар  бий болгожээ. Одо тус сан дэлхийд алдартай том компаниудын үнэт цаасны тодорхой хувийг эзэмшдэг. Эндээс хүртэх ногдол ашгаар сангийн хөрөнгө улам бүр арвижиж байна.

Тус сан нь 77 орны 9000 орчим компанид хөрөнгө оруулалт хийжээ. Хөрөнгө оруулалтын хүрээнд хамрагдсан дэлхийн томоохон нээлттэй  компаниудын  нийт хөрөнгийн 1.3% -ийг эзэмшдэг. Тус сан мөн Парис, Лондон, Нью-Йорк зэрэг дэлхийн томоохон хотуудын  үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн 2,2 хувийг эзэмшиж байгаа бөгөөд сангийн стратеги зорилтын хүрээнд үүнийг 5 хувь болгож нэмэгдүүлэхээр зорьж байна.

Норвегийн Засгийн газар нефтийн сангийн хруимтлалаа арвижуулах маш хатуу бодлого баримталдаг гэж хэлж болно. Газрын тосны орлого, төсвийн зарлагын хоорондох уялдаа холбоо нь бүр эсрэг гэмээр хамааралтай байдаг аж. Тухайлбал, нефтийн үнэ өсөхийн хэрээр төсвийн зарлагыг бууруулдаг байх жишээний.

 Тус сангийн жилийн орлого дунджаар 5,9 хувийн өсөлттэй бөгөөд хэрэв инфояци болон   бусад зарлагыг хасвал  4 хувийн цэвэр өсөлттэй байдаг ажээ.

2017 оны  есдүгээр сарын 19-нд Норвегийн газрын тосны сангийн хуримтлал анх удаа 1 их наяд ам.доллараас давжээ. Энэ тухай тус улсын Үндэсний  банк мэдээлсэн юм.

Норвеги улс 5,3 сая хүн амтай. Энэхүү сангийн хуримтлалыг хүн амд нь хуваарилна гэвэл иргэн бүрд 191 мянган ам.доллар ногдох хэмжээнд хүрчээ. Хэрэв үүнийг төгрөгт шилжүүлбэл үндсэндээ хагас тэрбум буюу 500 сая шахам төгрөг болно гэсэн үг.

Мөн Норвегийн сангийн хуримтлалаар  нэг бүр нь  375 сая ам.долларын үнэтэй дэлхийн хамгийн том зорчигч тээврийн агаарын хөлөг Airbus A380 онгоц  3000 ширхэгийг үйлдвэрлэж болох юм.

Г.Хантулга


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.