ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТНУУД ШУДАРГА БИЗНЕС ЗААХ БАГШ НАР МӨН ГЭЖ ҮҮ?

shark-sharkABC телевизийн “Shark Tank” реалити шоуны хуулбар “Монгол HD” телевизийн “Шарк танк” нэвтрүүлэг үзэгч олонтой. Бизнесийн гараагаа эхлүүлж буй хувь хүн, албан байгууллага, жижиг дунд бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулах, өрсөлдөөн бий болгоно хэмээн тодотгодог энэ нэвтрүүлгийн цагаар жижиг гэхгүй бизнесийн шийдэл, шинэ санаанууд хэлэлцэгддэг. Бэлэн мөнгө яригддаг нь иргэдийн анхаарлыг татдаг болов уу.

Нэвтрүүлгийг тойроод таатай, таагүй яриа тасардаггүй. Санаж байгаа бол “Монгол базальт” компанийн Ерөнхий захирал С.Ариунболд “Онлайн барилгын зах” төсөлд 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт амлачихаад дараа нь энэ мөнгийг өгч чадахгүй, боломжгүй хэмээн хариулсан тухай мэдээллүүд өнгөрсөн онд дэгдэж байв.

Мөн нэвтрүүлэгт оролцогчид хэвлэлүүдэд ярилцлага өгөхөөсөө татгалздаг. Цөөн хэдэн ялагч төслийн эздийг эс тооцвол тэд ам ангайдаггүй нь нэвтрүүлгийн багтай нэвтрүүлгийн нууцыг задруулахгүй байх гэх мэт хатуу нөхцөл шаардлагатай гэрээ байгуулдагтай нь холбоотой юм байна.

29745204_1079005048904388_655419700564871134_o Төрөөс төрсөн тэрбумтнууд шударга бизнес заах багш нар мөн гэж үү?

Шүүгчдээ нэвтрүүлгийн баг сүртэй зарладаг. Бизнесийн салбартаа хүндтэй нөхдөөр сонгохыг хичээдэг гэцгээдэг. Анхны нэвтрүүлгийн шүүгч бүрэлдэхүүнд “Өгөөж Чихэр Боов” компанийн Ерөнхий захирал С.Түмэнгэрэл, “МАК” компанийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн, “Гацуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбат, “Хас” банкны ерөнхий захирал Г.Амартүвшин, “Монгол базаалт” компанийн ерөнхий захирал Л.Ариунболд ажиллаж байв.

Саяхан шинэчлэгдсэн шүүгчдийн багт харин MCS группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Петровис группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл нар орж ирээд байгаа. ЖДҮ-ийн хэрэг дэгдэж, төсвийн мөнгөний хулгай ид яригдаж байгаа энэ үед МСS-ын төлөөлөгч, Петровисын эзэн, Гацууртын Л.Чинбат нар зэрэгцэн суугаад бизнесийн саналаа “бойжуулах” гэж хичээж буй залуучуудад сургамж айлдаж буйг цагаа олоогүй явдал. Нэвтрүүлгийн багийн мэдрэмжгүй шийдвэр гэж хэлж болох байх.

МСS, Петровис, Гацуурт нь монголын толгой компаниудын нэг мөн үү гэвэл мөн. Гэхдээ энэ компанийн эзэд бизнесээ шударгаар өндийлгөсөн хүмүүс мөн үү?

ЖДҮДС-ийн хөрөнгө, агаарын бохирдолтой тэмцэхэд зарцуулсан мөнгө, ТЭДС-ийн хөрөнгө, үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс алдсан алданги гэх мэт санхүүгийн том гэмт хэргүүд яригдаж байгаа энэ мөчид нэр дурдсан компаниудын энэ төслүүдээс авсан хөнгөлөлттэй, хөнгөлөлтгүй зээл, тэтгэмжүүд ч сөхөгдөж байгаа.

Ийм цагт шүүгчид зорилгоо “Оргилуун их хүсэл тэмүүлэлтэй гарааны бизнес эрхлэгчдийн мөрөөдлийг биелүүлэх, санхүүжилт босгох, шаркуудыг өөрсдийн төлөвлөгөөндөө итгэлтэй болоход туслана” хэмээн тодорхойлсон нэвтрүүлгийн хойморт суучихаад жижиг бизнесийн санааг дээш татаж, доош нь хийж байгаад иргэд дургүйцэж байна.

Шуудхан хэлэхэд хөдөлмөрлөж биш, үндэсний үйлдвэрүүдийн хувьчлал, хөнгөлөлттэй зээл, тусламжаар хөлжсөн, төрөөс төрсөн тэрбумтанууд шударга бизнесийн хичээл заах нь юу л бол. Тэрийгээ ч шүүгчид шуудхан хэлж байна. Тухайлбал, “Петровис”-ын эзэн Оюунгэрэл гэхэд бизнес хийдэг хүнд төрийн оролцоотой байхын тулд авилгал мөнгө өгөхгүй бол бизнесийн ажил явахгүй гэсэн утгатай үг хэлж, авлига бизнест заавал байх ёстой гэсэн ойлголтыг нийгэмд түгээв.

Төрийн хөрөнгөөр хөлжсөн хэрнээ сав л хийвэл, муугийн жишээнд Монголын төрийг дурдан, адлан суугаа тэрбумтнуудад хэлэхэд төрийн байгууллагад ийм хэмжээний ялзрал бий болсонд та бүгд өөрсдөө буруутай. Санаснаа хийхийн тулд, хүссэнээ авахын тулд түшмэдүүдэд авлига өгч, нийгмийг авлигын үүр болгосон хүмүүсийн нэг хэсэг нь бизнесмэнүүд мөн. Үүнд Монголын төр биш, төрд ажиллаж байгаа, та бүгдийн авилгаар хөлжсөн түшээд буруутай. Эрхэм шүүгчдээ хэлж ярихдаа хязгаартай бай, нийгмийг бохирдуулах өнгөц, өргөөсгөл ойлголтыг нийгэмд, залууст түгээх хэрэггүй гэдгийг санаандаа хийчихэд илүүдэхгүй биз ээ.

49446162_2276541945735674_2182722978490351616_n Төрөөс төрсөн тэрбумтнууд шударга бизнес заах багш нар мөн гэж үү?

эх сурвалж:updown.mn


URL:

Сэтгэгдэл бичих