Инчеон-Улаанбаатарын чиглэлд “Korean Air” компанийн монополыг халахаар болжээ

1012

Инчеон-Улаанбаатарын чиглэлийн нислэгт дангаар ноёрхдог Korean Air компанийн онцгой эрхийг цуцалж, хоёрдогч агаарын тээврийн компанийг өрсөлдөөнд оруулахаар болсныг Өмнөд Солонгосын засгийн газрын төлөөлөгч саяхан мэдээлжээ.

Тус улсын газар, дэд бүтэц, тээврийн яам Инчеон-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэх шинэ лицензийг энэ сард багтаан гаргах бөгөөд Asiana Airlines, Jeju Air, T’way Air, Eastar Jet компаниуд уг эрхийг авахаар өрсөлдөж байгаа гэнэ.

1991 онд хоёр улсын засгийн газар хооронд байгуулсан гэрээ ёсоор хоёр талаас нэг, нэг агаарын тээврийн компани энэ чиглэлд үйлчлэх ёстой юм байна. Уг гэрээний дагуу Korean Air болон МИАТ компаниуд бараг 30 шахуу жил онцгой эрх эдэлжээ.

Инчеон-Улаанбаатарын чиглэлийн нислэгийн тийз бусад ижил зайтай аялалуудынхаас илүү өндөр байдаг гэсэн гомдол шүүмж байнга яригддаг.

“Энэ нь Korean Air компанийн эрхийг цуцлана гэсэн үг биш. Дахин нэг компанид нислэг үйлдэх боломж гаргаж өгөх юм” хэмээн Өмнөд Солонгосын засгийн газрын эх сурвалж ярьсан байна.

Тэр бас “Korean Air компанийн монополын улмаас оргил ачаалалтай үед тийзний үнэ нэг сая вон ($890) давдаг нь бусад ижил дөрвөн цагийн урттай нислэгүүдийнхээс хоёр дахин өндөр байгаа. Хоёрдогч компани нэмэгдсэнээр тийзний үнэ бууж, илүү олон хүн үйлчлүүлдэг болно” гэж ярьжээ.

Урьдчилсан байдлаар Asiana Airlines компани энэ чиглэлд нислэг үйлдэхэд илүү тохиромжтой гэгдэж байгаа гэнэ. Инчеон-Улаанбаатарын чиглэл ашигтай, ирээдүйтэй зах зээлд тооцогдож байгаа тул өрсөлдөөн хүчтэй байгаа ажээ.

Яамны мэдээлснээр өнгөрсөн онд энэ чиглэлд 330,000 хүн зорчсон бөгөөд жилийн өсөлт нь дунджаар 11 хувь байгаа юм байна.

Эх сурвалж: Korea Times


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.