Э.Баасанжалба: Архивын лавлагаа авах гэж аймаг, дүүрэг хооронд явах шаардлагагүй болсон

52

Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Баасанжалбаас нийгмийн даатгалын лавлагаа, мэдээллийг шуурхай олгодог болсон талаар тодрууллаа.

  • Нийгмийн даатгалын байгууллага лавлагаа мэдээллийг шуурхай олгодог болсон тухай сонслоо. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

Нийгмийн даатгалын байгууллага хоорондоо болон гуравдагч байгууллага руу даатгуулагчийн шимтгэл төлөлтийн мэдээллийг дамжуулах үйл ажиллагааг цахимжуулсан гэж хэлж болно. Иргэд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох, төлбөр зардал авахдаа аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс хооронд архивын бүрдүүлэлтээ өөрсдөө хөөцөлдөж, цаасан лавлагаа авдаг байсныг өөрчилсөн. Жишээлбэл нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн өндөр настан тэтгэврээ тогтоолгохоор материалаа өгөхөд Увс аймагт ажилласан жил нь баталгаажаагүй байсан гэж тооцвол тухайн иргэн өөрөө явж Увс аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс цаасан лавлагаа авдаг байсан. Харин одоо Сонгинохайрхан дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагчид хүсэлт бичээд өгчихөд л хангалттай. Иргэний өмнөөс хэлтсүүд хоорондоо архивын мэдээллийг цахимаар солилцож эхэлснээр даатгуулагчийн ажлыг хөнгөвчилж, цаг, мөнгийг хэмнэж байгаа хэрэг юм.

  • Бусад байгууллагаас шаарддаг нийгмийн даатгалын лавлагааг олгоход ямар нэг сайжруулалт хийгдэж байгаа юу?

Даатгал төлснөөр нийгмийн даатгалын сангаас үзүүлдэг 30 төрлийн үйлчилгээг авахаас гадна нийгмийн харилцаанд ороход даатгал “батлан даагч”-ийн үүрэг гүйцэтгэдэг гэж хэлж болно. Арилжааны банкнаас зээл хүсэхэд, элчин сайдын яаманд гадаад зорчихоор виз мэдүүлэхэд, худалдан авалт гүйцэтгэлтэй холбоотой сонгон шалгаруулалтад ороход мөн хууль шүүхийн байгууллагаас даатгуулагчийн санхүүгийн байдлыг тодорхойлох зорилгоор шимтгэл төлөлтийн тодорхойлолт буюу лавлагаа шаарддаг. Өмнө нь улсын хэмжээнд 10-аадхан машинаас үнэт цаасаар, эсвэл Нийгмийн даатгалын ерөнхий газраас цаасан хэлбэрээр л авдаг, хүртээмж багатай байсан. 2018 онд төрийн үйлчилгээний ХУР системд холбосноор улсын хэмжээнд байгаа 100 гаруй ТҮЦ машинаас авах боломжтой болсон. Гэвч заавал ТҮЦ машин байрласан газарт очно, хураамж төлнө гээд иргэдэд бүрэн хялбаршиж чадахгүй байгааг харгалзан, манай Мэдээллийн технологийн төвөөс шинэ програмыг ашиглалтад оруулсан. Одоо Нийгмийн даатгалын ерөнхий газрын вэб сайт руу нэвтрэн “Даатгуулагчид зориулсан вэб” хэсгээс шимтгэл төлөлтийн тодорхойлолтоо хаанаас ч хэзээ ч харах, хэвлэн ашиглах боломжтой болсон. http://daatguulagch.ndaatgal.mn/userweb/#/account/login Энэхүү лавлагааг бусад гуравдагч байгууллагууд хүчин төгөлдөрт тооцож хүлээн авна.

  • Гэрээсээ ч хэвлээд аваад очиход хүлээн авна гэж үү? Хуурамч лавлагаа гарах эрсдэлтэй юм биш үү?

Үүнийг тооцоолж шалгах програмыг мөн хэрэглээнд нэвтрүүлсэн байгаа. Вэбсайтнаас хэвлэсэн лавлагаа бүр тусгай нууцлал бүхий QR кодтой. Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг шалгах програмаар лавлагаа шаардсан гуравдагч байгууллага давхар хянах боломжтой. http://data.ndaatgal.mn:8080/checklav Ингэснээр ямар нэг байдлаар хуурамч, лавлагаа тодорхойлолт үйлдэх боломжгүй гэж хэлж болно.

  • “Даатгуулагчид зориулсан вэб”-ээс лавлагаа хэвлэхэд шууд нэвтрэх үү? Ямар нэг төлбөр хураамжтай юу?

Нэгдүгээрт, нийгмийн даатгал гар утасны аппликэйшнд нэвтрэх кодоор, хоёрдугаарт иргэний тоон гарын үсэг (“Дан” систем)-ээр, өөр нэг боломж нь үүрэн телефоны операторын хэрэглэгч утасны дугаар болон регистрийн дугаар (“Дан” системийн нэг удаагийн нууц үг)-аараа нэг удаагийн нууц үг авч нэвтрэх боломжтой. Ямар нэг төлбөр төлөхгүй, орон зай, цаг хугацааны хязгаарлалтгүй болсон давуу талтай.

Ярилцсанд баярлалаа. 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.