БИД ХӨӨРЦГӨӨЖ ТЭД ЗАВШСАН

582adba3-bd30-402f-b41c-1f99df1d4a2dУИХ-ын нэр бүхий гишүүд болох Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан Х.Нямбаатар Б.Энх-Амгалан нар УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулах санаачлаг гарган хоёр сар гаруй ухандсан. Тэдний санаачлагыг дэмжиж бухимдсан ард түмэн хоёр удаа ирж талбай дүүргэснийг эс тооцвол тэд үнэндээ М.Энхболдыг хөдөлгөж чадаагүй юм. Тухайн үед Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хууль санаачлаагүйсэн бол тэд өдийг хүртэл М.Энхболдтойгоо зууралдсаар байх байлаа.

Нэр бүхий гишүүдийн уриалсан “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмэн” жагсаалд олон мянган иргэд оролцож дуу хоолойгоо өргөж, хүчээ нэмэрлэсэн. Тэрчлэн тухайн үед жагсаалд оролцож байсан иргэд М.Энхболд огцорч гэмээнэ улс төрд нар гарах тухай ярьж байлаа. Түүгээр зогсохгүй М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсний дараа “Чингисийн талбайд” жагсагчдын төлөөллүүд дуулж, бүжиглэж байлаа. Ингэж л Монгол түмэн бид хожсон мэт хошгирч билээ.

Гэтэл өнөөдөр бид биш тэд хожжээ. Учир нь УИХ-ын дарга М.Энхболд явуут өнөөх шударга дүртын дүү нар ээлж дараалан албан тушаалд томилогдлоо. Тэр ч атугай МАНАН дэглэмийн эсрэг гэж хамгийн их хашхичсан Л.Оюун-Эрдэнэ Засгийн Газрын сайд болчихлоо. Улмаар уриалан тэмцэгчдийн түүчээнд явсан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан ЗТХ-ийн сайдаар томилогдлоо. Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нар шинээр задарсан бялуунаас хувь хүртэхээр хүлээж сууна.

Харин МАН-ын эсрэг МАН-ынхан тэмцсэн тэмцэлд оройлон манлайлсан АН-ын гишүүд асан Ж.Батзандан, Лу.Болд нар одоогоор МАН-ын шинэ бялуунаас хэрхэн хүртэх нь тодорхойгүй байна. Гэхдээ УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хувьд Зам тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад яаманд нь хүн амины хэрэг гарснаар өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн төрсөн ах Ж.Бат-Эрдэнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх болгож чадсан билээ. Лу.Болдын хувьд ч өөрийн эзэмшлийн “Богд” банкаараа дамжуулан шан харамжаа хүртэж эхэлсэн гэх мэдээллийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нэг бус удаа дуулгасан.

Энэ бүхнээс үзэхэд “шударга ёс” гэдэг үгийг амны уншлагаа болгосон “шударга дүрт”-ийн дүү нар ард түмнийг турхиран тоглосон жүжгийнхээ шагналд бүгд шан харамж, албан тушаалд авлаа. Харин идэр есийн хүйтэнд М.Энхболдыг огцруулахаар жагссан ард түмэн бид юу хүртэв ээ…

А.Тамир

АРДЧИЛАЛ.МН


URL:

Сэтгэгдэл бичих