Нэг компани нийслэлийн 23 байршилд барилга барих эрх авчээ

2107

Нийслэлийн хэмжээнд 2018 онд нийт 38 байршилд сургууль, цэцэрлэгийн зориулалтаар газар чөлөөлсөн. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих 23 сургууль, цэцэрлэгийн газрыг чөлөөлжээ.  Гэвч газар чөлөөлсний нөхөн олговрыг олгох хөрөнгө дууссан зэрэг нь газар чөлөөлөлтөд бэрхшээл учирдаг аж. Мөн тендерээ зарлаж чадаагүй байж байгаад батлуулсан төсвөө хураалгасан асуудал ч үүсчээ. 

Энэ мэт асуудлын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр /2019.02.19/ нийслэлийн удирдлагуудтай Хангарьд ордонд уулзаж, ярилцлаа.


Нийслэлд сургууль, цэцэрлэгийн барилга шинээр барих, өргөтгөх ажлыг явуулахад газар чөлөөлөлтийн асуудал их хүндрэлтэй байдаг талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа танилцуулсан юм. Тэрбээр “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар болон нийслэлийн Боловсролын газраас хийсэн судалгаагаар ямар байршилд ямар сургууль, цэцэрлэг барих вэ гэдгийг гаргаад өгчихсөн байдаг. Гэтэл энэ судалгааг холбогдох яам, тамгын газарт явуулсан боловч судалгааны дагуу төлөвлөлт оруулж ирээгүй. Үүнээс болж, нийслэлд өнөөдөр газар чөлөөлөлтийн асуудал дээр хүндрэл гарсан. Бидэнд газар чөлөөлөлтийн төсөв байхгүй байсан учраас нөхөн олговортой холбоотой зардлаас мөнгө гаргаж, газар чөлөөлөлтийн асуудлыг шийдээд явсан байгаа” гэв.

Түүний илтгэлд мөн боловсролын салбарт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 онд хийсэн ажлуудыг танилцуулж байлаа. Өнгөрөгч онд боловсрол, соёлын салбарт нийт 80 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр 13 тэрбум 119.1 сая төгрөгийн хөрөнгө батлагдсанаас гүйцэтгэл, үр дүнг тооцон 11 тэрбум 737.6 сая төгрөгийн санхүүжилтийг олгожээ. Үүнээс хийсэн ажлуудыг дурдвал.

1.2017-2018 он дамжин хэрэгжсэн долоон цэцэрлэгийн барилга угсралтын ажилд 5 тэрбум 599 сая төгрөг

2.Сургуулийн автобус төсөлд 398 сая төгрөг

3.ЕБС-д хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах, сургалтын орчин бүрдүүлэхэд 177.6 сая төгрөг

4.Усан хангамж, ариутгах татуургын шугамд холбогдоогүй сургууль, цэцэрлэгт жишиг ариун цэврийн байгууламж барихад 281.2 сая төгрөг

5.Сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах ажилд 500 сая төгрөг

6.Сургууль, цэцэрлэгийн их засварт 566 сая төгрөг

7.Зураг төсөл боловсруулахад 415 сая төгрөг

8.Бусад боловсрол, соёлын арга хэмжээнд 3 тэрбум 799 сая төгрөг

 Улаанбаатар хотын хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд төвийн зургаан дүүргийн 23 сургуулийн 188 бүлэгт 7743 хүүхэд гурван ээлжээр хичээллэж байна. Гурван ээлжээр хичээллэж буй сургуулийн тоо 2016 онд 31 байсан бол гурван жилийн дараа найман сургуулиар багассан тухай албаныхан онцолж байлаа.

Энэ жил боловсролын салбарт нийт 162 сургууль, цэцэрлэгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр 239 орчим тэрбум төгрөгийг боловсролын салбарын хөрөнгө оруулалтад суулгажээ. Боловсролын яаман дээр нийтдээ боловсролын салбарын барилга барих 499 төсөл хэрэгжиж байгаагийн нэг хэсэг нь 2018 онд ажлаа эхлүүлсэн бол зарим нь энэ ондоо тендерээ зарлаад ажлаа эхлэх гэнэ.

Мөн өнгөрөгч 2018 онд боловсролын салбарын барилга барих тендерээ зарлаж чадаагүй төсвөө хураалгасан 10 хөрөнгө оруулалтын ажил байгааг мэргэжилтнүүд хэлсэн. Уг уулзалтын үеэр БСШУС -ын сайд Ё.Баатарбилэг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дэд дарга А.Дагвадоржид боловсролын салбарын барилгын тендерийн хугацааг 2019 оны дөрөвдүгээр сарын 31-ний өдрийн дотор зохион байгуулахыг даалгасан юм.

Мөн энэ үеэр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 2013 оноос хойш нийслэлийн 23 байршилд сургууль, цэцэрлэг барих ажлыг нэг компани авчихаад одоо хүртэл барилгын ажил дуусаагүй байгаа асуудлыг цэгцлэхийг албаныханд үүрэг болголоо.

Анх Засгийн газрын 317 дугаар тогтоолоор 72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар “Рич голден буллс эдукэшн” компанитай гэрээ байгуулжээ. Дараагаар нь 2015 онд Засгийн газрын хуралдаанаар тус компанийн концессын гэрээг цуцалж, “Топ интернэшнл инженеринг монголиа” компанид шилжүүлсэн байна. Гэвч 2016 оны 12 дугаар сарын 1-нд Улсын дээд шүүхийн тогтоолоор “Рич голден буллс эдукэшн” компанид олгосон эрхийг сэргээж, 2018 онд тус компанийг барилгын ажил үргэлжлүүлэх эрхийг Засгийн газрын 115 дугаар тогтоолоор олгосон байна.

Ё.БААТАРБИЛЭГ: НЭГ КОМПАНИ 23 БАЙРШИЛД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БАРИХ ЗӨВШӨӨРӨЛ АВСАН ХАРИУЦЛАГАГҮЙ АСУУДАЛ БАЙНА

-Өнгөрсөн жилүүдэд нийслэл дээр хэрэгжихээр төлөвлөсөн боловсролын салбарын барилгын ажлууд тодорхой шалтгааны улмаас саатаж ирсэн. Тухайлбал, газар чөлөөлөлт, тендерийн хугацаа хойшилсон зэрэг олон шалтгаанаар хоцорч зарим төсөв буцаан татагдах эрсдэл бас үүсэж байсан. Тийм учраас боловсролын салбарын 2019 оны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд тал талын оролцоог сайжруулах шаардлагатай байгаа учраас уулзаж, ярилцлаа. Уулзалтын үеэр зарим хувийн хэвшлийн байгууллага Засгийн газрын концесс нэрээр 23 байршлыг нэг компани нэр дээрээ сургууль, цэцэрлэг барина гээд авчихсан асуудал байна. Энэ асуудалтай эвлэрэхгүйгээр 2013, 2014 онуудад Засгийн газраас концесс батлаад нийслэлийн хэмжээнд 23 газрыг нэг компани авч, барилгын ажил нь 5-50 хувьтай олон жил болж байгаа асуудал байна. Энэ асуудлыг Засгийн газрын шийдвэртэй бол шийдвэрийг нь өөрчлөх тал дээр ажиллана.

Г.ГАНБАЯР: БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УРСГАЛ ЗАРДАЛ 2022 ОНД 2 ИХ НАЯД ТӨГРӨГТ ДӨХНӨ

-Салбар яамны зүгээс 2019 оны намраас эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гурван ээлжээр хичээллүүлэхгүйн тулд шинэ сургууль барихаас гадна хамран сургах тойргийн асуудлыг дахин зохицуулах болно. Жишээлбэл, зэргэлдээ хоёр дүүргийн сургуульд нэг нь 40, нөгөөд нь 65 хүүхэд суралцаж байна. Тиймээс сургуулиудын хамран сурах тойргийг дахин боловсруулъя. Хоёрдугаарт хувийн их, дээд сургуулийн тоог цөөлөх бодлого баримталж ажиллана. Энэ дагуу хувийн их, дээд сургуулиудын ашиглаж буй сургалтын зориулалтаар баригдсан барилгыг түрээсийн зориулалтаар ашиглаж эхэлнэ. Учир нь цаашдаа боловсролын салбарын урсгал зардал хүндэрнэ. Өнөөдрийн байдлаар 1.4 их наяд төгрөгийн урсгал зардлыг боловсролын салбарт зарцуулж байгаа. Энэ жил гэхэд улсын хэмжээнд 162 сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад орно. Үүнийг дагасан урсгал зардал гэхээр 2022 оноос энэ салбарын урсгал зардал 2 их наяд төгрөгт дөхнө. Энэ үед боловсролын салбарын төсвийг Монгол Улсын улсын төсөв даах уу” гэж байв.

А.Цээсүрэн


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.